logo
“Чандмань эрдэнэ”-ийг олборлогчид хэрэглэгчээ сонсов

“Чандмань эрдэнэ”-ийг олборлогчид хэрэглэгчээ сонсов

2020/10/12
Монгол Улсад Нийтийн аж ахуй үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 89 жилийн ой өнөөдөр тохиож буй. Тэмдэглэлт өдрийн хүрээнд Ус хангамжийн цех “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тэд хэрэглэгчдэдээ “Чандмань эрдэнэ” болсон усыг хайрлан хамгаалах тухай яриа таниулга хийж, байгаль орчин, экологид ээлтэйгээр хэрхэн олборлон ашиглаж,  үйлчилгээ үзүүлж буй үйл ажиллагаагаа сурталчиллаа. Өдөрлөгт тус цехийн харилцагч байгууллага аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, сонирхогч хувь хүмүүс, Сэлэнгэ голын сав газрын захиргааныхан оролцлоо.  

     Энэ үеэр, цехийн дарга Г.Батмөнх хэлсэн үгэндээ: “Манайх 65 км-ийн цаанаас цэвэр ус олборлон Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт  хотын хэрэглээг хангаж байна. Олборлон түгээж байгаа усны хэмжээ, үүнийг хэрэглэгчид хүргэхэд ашиглаж буй техник тоног төхөөрөмжөөрөө ч Монгол улсад хоёрдугаарт ордог том аж ахуй. Энэ том аж ахуйг эрхэлж яваа хамт олны хувьд бидэнд үйлдвэрлэлээ явуулдаг философи гэж бий. Үүнийгээ бид хэрэглэгчдэдээ бас танилцуулж байгаа юм. Манай цехийн лого дээр байдаг “Чандмань эрдэнэ”-ийн гурван дусал бол бие, хэл, сэтгэлийг илэрхийлдэг юм. Оюундаа тунгаасан бодол маань зөв, бодлоо илэрхийлж буй үг хэл маань зөв, энэ хэлээр дамжин хэрэгжиж байгаа үйл ажиллагаа зөв байх юм бол цэвэр, сайхан бүтэцтэй усыг хэрэглэгчдэдээ хүргэх юм. Энэ утгаараа манай цехийн хүн бүр сэтгэлээ, үг яриагаа, үйл хөдлөлөө зөв сайхан байлгахын тулд хичээдэг. Өөрөөр хэлбэл  ариун дагшин усны дэргэд буруу үг хэлж, буруу үйл хийх эрхгүй гэдэг философийн дор бид үйл ажиллагаа явуулж байна” гэж онцлов. 

     Сүүлийн жилүүдэд усны үнэ өсөж байгаатай уялдан хүн өөрийнхөө үнэ цэнэтэй эрдэнийг хайрлан хамгаалдаг хэмжээнд усыг хайрлан хамгаалах ёстой. Ус үнэтэй байх тусам хэрэглэгч үйлдвэрлэлдээ шинэ техник технологи нэвтрүүлдэг, тэнд ажиллаж буй хүмүүс усыг хэмнэх талаар санаачилгатай ажиллах болно, гэх  хэрэглэгчдэд хэрэгтэй, байгаль орчинд ээлтэй бодлогыг тус цехийн мэргэжилтнүүд таниулсан юм. Өдөрлөгийн үеэр хэрэглэгчид усны үйлчилгээний үнэ тариф, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар санал сэтгэгдлээ хэлж, халуун яриа өрнүүлэв. 

Я.Энхтуяа
Фото: Ш.Лхамсүр

Сэтгэгдэлүүд

Дээш