logo
Энэ жил 667 эмч, сувилагч гадаадад мэргэжил дээшлүүлжээ

Энэ жил 667 эмч, сувилагч гадаадад мэргэжил дээшлүүлжээ

2011/12/17
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг оновчтой болгох чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл хийлээ.
    2010 оны жилийн эцсийн байдлаар нийслэлийн хүн амын тоо 1 сая 161 мянгад хүрч, 2007 оныхоос  84.4 мянган хүнээр буюу 8.4 хувиар нэмэгдэж, хүн амын дундаж наслалт 2007 онд 65.5 байсан бол 2010 онд 68.3 болж өсчээ. 
Улаанбаатар хотод одоогийн байдлаар дүүргийн эрүүл мэндийн нэгдэл 8, нэгдсэн эмнэлэг 4, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг 5, амаржих газар 3, тосгоны эмнэлэг 5, хүүхдийн клиник сувилал 4,  бусад эмнэлэг 8 , нийт  37  эрүүл мэндийн байгууллага, анхан шатны 124 өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн 998 эмнэлэг, сувилал, нийтийн болон эмнэлгийн үйлчилгээтэй 520 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр эрүүл мэндийн байгууллагуудад 18843  эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байгаа аж. 
Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс үзэхэд,  буруу дадал зуршил, зан үйлээс хамааралтай гэж нэрлэгддэг амьсгал, хоол боловсруулах, цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны болон осол гэмтлийн шалтгаант өвчлөл нийслэлийн хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Өнгөрсөн оны байдлаар хүн амын нас баралтын зонхилох 5 шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хавдар, гадны шалтгаант өвчлөл, хоол шингээх эрхтэн тогтолцооны өвчин, амьсгалын тогтолцооны өвчин оржээ. Жил бүр 100.000 хүн ам тутамд 134.5 хорт хавдар бүртгэгдсэний дотор шинээр оношлогдсон тохиолдлын 70 гаруй хувь нь 3-4-р үе шатандаа буюу хожуу үедээ оношлогдож байна. Түргэн тусламжийн дуудлага жил бүр өсч 2010 оны дуудлага  2007 оныхоос 35,2 хувиар нэмэгдсэн. Үүний 76 хувийг гэнэтийн өвчлөл, 13 хувийг  төрөхийн, 11 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж буй аж.
Нийслэл хотод жилд дунджаар 18-22 төрлийн халдварт өвчний 18000-19000  тохиолдол бүртгэгдэж,  улсын  хэмжээний  халдварт  өвчний  54 орчим хувийг эзлэх боллоо. Энэхүү өвчлөл дундаа гэдэсний халдварт өвчин, вируст гепатит,  салхинцэцэг, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар,  томуу, томуу төст өвчин  зонхилох хувийг эзэлж байгаа юм байна.
Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд асуулт асууж хариултаа авсан.
УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн туслалмж үйлчилгээ авахаар гадаадыг зоригсод жилдээ 300 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тоо байдаг. Ийм их мөнгө гадагш гараад байхад бид ядаж Улаанбаатартаа оношилгоо, эмчилгээний төвтэй болчихож болохгүй юу. Имй бодлого байна уу гэж асуулаа.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн хариулснаар жилд гадаадад эмчлүүлэх зардалд арай ч 300 тэрбум төгрөг зардаггүй гэнэ. Гэхдээ ямартай ч жилдээ 30-40 сая ам.долларын урсгал байна гэсэн тооцоо байдаг ажээ. Гол шалтгаан нь оношилгоо, эмчилгээ. Монголд оношилж, эмчилдэггүй 27 нэр төрлийн өвчин бий гэж сайд хэлсэн. Өнөөдрийн байдлаар энэ асуудлыг шийдэхийн тулд хамтарсан Засгийн газар нэлээд ажлыг хийж байгаагийн нэг нь Үндэсний оношилгооны төвийг байгуулах ажил ажээ. Төвийг байгуулах зээлийн гэрээг БНСУ-ын талтай хийгээд дуусч байгаа бөгөөд ирэх онд ажилдаа орох нь. Солонгосын компани зураг төслийг хийсэн аж. Нийт 55 сая ам.долларын 18 саяыг барилгад, үлдсэнийг дэлхийн өндөр технологийн техник, хэрэгслийг авч суурилуулахд зарцуулах юм байна.
Түүнчлэн нийслэлд I, III дугаар амаржих газрыг барьж эхлүүлэн, Хан-Уул дүүрэгт Эх , хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлыг мөн эхлүүлжээ. Тийм болохоор эмчилгээ, оношилгоо хийлгэхээр гадагшаа явах урсгал багасах боломжтой гэж С.Ламбаа сайд хэллээ.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулдаг байж. Гэтэл тэнд ажиллах боловсон хүчин хэр байгаа билээ. Гадны оронд байгаа өндөр мэргэжилтэй боловсон хүчнүүдээ татан авчрах талаар бодож буй зүйл бий юу хэмээн лавласан юм.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, “10 хүнд ногдох эмч нарын тоогоор  манай улс дэлхий эхний 10 улсын тоонд ордог. Гэхдээ бас асуудал байгаа. Орчин үеийн шинэ техник, технологи оруулаад ирэхээр түүний ард сууж ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутуу. Тиймээс энэ чиглэлээр бэлтгэж эхэлж байна. Зүрхний мэс заслийн багийг хоёр дахь жилдээ Германд бэлтгэж байна. Ганц зүрхний мэс засалч биш мэдээгүйжүүлэгч, туслах эмч гэх мэт бүхэл багаар нь сургаж байгаа.  Элэг шилжүүлэн суулгах 22 эмчтэй багийг БНСУ-д бэлтгэсэн. Гадаадад өндөр мэргэжилтэй хүмүүс байгаа. Би Германд очихдоо тэдэнтэй уулзаж байсан. Тэд сардаа үндсэн цалин 3000 ам.доллар авдаг. Мэс заслаас 10 мянган доллар авдаг. Ингээд сардаа багаар бодоход 13 мянган ам.доллар авч байна. Гэтэл тэднийг авчрахаар тийм цалин олгох боломж байдаггүй. Энэ жил 667 эмч, сувилагч гадаадад мэргэжил дээшлүүллээ. 87 их эмч өндөр хөгжилтэй оронд мөн мэргэжил дээшлүүлж байна. Гадны хөрөнгө оруулалттай компанийн дэмжлэгээр 200 эмч, сувилагч гадаадад номын дуу сонссон” гэлээ. 
УИХ-ын гишүүн Д.Очирбат, Нэгдүгээр эмнэлэг л гэхэд тоног төхөөрөмж нь 15-20 жилийн настай. Өвчтөнөө өвөл болохоор үстэй дээлээр, зундаа цуваар хучаад оношлогоо хийлгэхээр Сонгдо эмнэлэг рүү зөөж байна. Эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг хэрхэн шинэчлэв ээ, цаашид ямар арга хэмжээ авах вэ хэмээн асуусан юм.
Эрүүл мэндийн сайдын хэлснээр нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж үнэхээр стандартад тэнцэхгүй байгаа аж. Тиймээс Азийн хөгжлийн банкнаас 14 сая долларын тусламж үзүүлэхээр болсон бөгөөд энэхүү мөнгөөр дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдийг стандарт шаардлагын дагуу барих юм байна. Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийг жинхэнэ стандартад нь оруулахаар төлөвлөжээ. Том эмнэлгүүдийн тоног төхөөрөмж хуучирсан. Шинэчлэх ажлыг хийж байгаа ч жилийн дараа л шинэ загвар нь гарч ирэн өөрчлөгддөг болохоор шинэчлэлийн хурдыг гүйцэхгүй байна гэж тэрбээр учирлаж байлаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, улсын эмнэлгийн удирдлага улсын эмнэлэгт анхаарлаа хандуулахгүй өөрийн хувийн эмнэлэгтээ л анхаардаг хэмээн шүүмжилсэн. Хувийн эмнэлгүүд өндөр үнэтэй үйлчилгээ үзүүлдэг атлаа төлбөр авах гэж эмчилгээг удаашруулдаг гэх мэт шүүмжлэл байдгийг тэрбээр дурдаад, ер нь хувийн эмнэлгүүдэд хяналт байна уу гэж асуулаа.
Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, “Ер нь бид эмнэлгүүдийн тоног төхөөрөмж, барилга гээд бүх зүйлд анхаарал хандуулж ирлээ. Одоо эцсийн үр дүнг дээшлүүлэхийн тулд хүний хүчин зүйлд анхаарах хэрэгтэй болоод байна.. Ялангуяа удирдлагууд. Улсын клиникийг удирдах зөвлөлтэй болгосон. Тэр зөвлөл төлөвлөгөө бүх зүйлийг баталж өгдөг, ажил хийдэггүй даргыг сольдог эрхтэй болгож байгаа. Тэр бүү хэл зарим том эмнэлгийг улсын төсөвт үйлдвэрийн газар болгон бие даалгахаар төлөвлөн, дүрэм журмыг хийж байна. Чаддагийг нь ажиллуулж,  чаддаггүйг нь болиулах арга хэмжээ авна. 2012 оныг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх жил болгож байгаа” гэж хэлсэн юм.
Хувийн эмнэлгүүдийн талаар тодорхой арга хэмжээ авч, дэмжих бодлого ч явуулж байгаа гэж тэрбээр гишүүдэд мэдээллээ. Хувийн эмнэлгүүдийн ЭМД-аас авдаг мөнгөний хэмжээг нэмэгдүүлжээ. 1 иргэнд ногдох зардлыг 30 мянган төгрөгөөр бодож олгодог байсныг нэмэгдүүлэн 100 мянган төгрөг болгожээ. Гэхдээ ортой эмнэлгийг сонгон шалгаруултад оруулан дараа нь  магадлан итгэмжлээд, дахин сонгон шалгаруулж байж даатгалаас мөнгө авах эрх нь үүсдэг болгосон гэлээ. Мөн хувийн эмнэлгүүдэд оношилсон бол өөрөө эмчил гэсэн шаардлага тавьж байгаа гэж хэлсэн юм.
Г.Бурмаа

Сэтгэгдэлүүд

Дээш