logo
Алдарт эцгийн нэг, хоёр, “гран при” одонтой аав... УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгын өнцгүүд

Алдарт эцгийн нэг, хоёр, “гран при” одонтой аав... УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулгын өнцгүүд

2012/05/03
Өнцөг №1: Бөхийн засуул Халтмаагийн дунд хөвүүн... “G” хорооллын унаган бүтээгдэхүүн.
Өнцөг №2: Гуравдугаар ангиасаа "ажил сурах" томилолт авдаг байж... Баян-хонгорын Хөдөлмөрийн баатар Жанарынх руу илгээгдэнэ.
Өнцөг №3: Хурдан морь унаад баян ходоод болж, ичсэндээ шагналаа авалгүй зугтсан... Дахиж хурдны морь руу зүглээгүй гэнэлээ.
Өнцөг №4: Хар багын бизнес сэтгэлгээтэй байж... “Ну погоди”-гийн зургийг найзуудынхаа майк, футболкан дээр буулгаад л... Төлбөрт нь хичээлээ хийлгээд л.
Өнцөг №5: Ээжийнхээ оёдлын машинаар бор хилэн формыг контр хилэн болгоод оёчихдог байж... Таван өмднөөс нэг өмдний материал гаргадаг.
Өнцөг №6: “Унагасан” өмдөө арилжаад бэлэн мөнгөждөг байлаа... Архины шил цуг¬луулж зардаг байсан нь юу ч биш.
Өнцөг №7: Дошны овгоруудтай зодоон хийж, цагдаа шүүхийн хаалга татаж явсан... Бяр байхад ухаанаар яахав.
Өнцөг №8: Жүдо, самбын секц рүү хөтөлөгдсөн... Шалгасан Намшир багш нь "Хувцастай барилдах"-ыг нь мэдэрсэн гэсэн.

Х.Баттулга гэр бүлийнхнийхээ хамт...
Өнцөг №9: 70-аад онд 34 дүгээр дундыг дүүргэсэн... Анхны “ардын” боловсрол. Өнцөг №10: 80-аад онд Дүрслэх урлагийн дундаас зураач мэрэгжилтэй бэлтгэгдсэн... Даацтай эзэмшсэн боловсрол үүгээр өндөрлөнө. 
Өнцөг №11: Урчуудын эвлэлийн хороонд зураачаар томилогдов... Дээд сургуулиас дутахгүй зүйл сурсан гэж боддог.
Өнцөг №12: 1983 онд Киевт болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн... Улсын шигшээд татагдав.
Өнцөг №13: 1988 онд Дэлхийн цомын аварга болж байж... Наймаа хийдэггүй байсан бол илүү амжилт гаргахгүй юу.
Өнцөг №14: Самбо бөхийн холбоог толгойлж байсан Л.Энэбиш агсан 11-р хороололд дөрвөн байр өгсөн гэдэг... Шоконд оруулж, өөрчлөлт хийлгэсэн ачтан.
Өнцөг №15: "Урлан" хоршоо байгуулж, видео кино гаргаж, үсчин хийж явсан... Загалмайлсан эцгээр өвчилж, “Женко”-гоо байгуулсан.
Өнцөг №16: Анхны ашигтай бизнес нь өдөн куртик... 10 долларын өдийг 100 доллараар дамлах ухаан “Женкод л төрсөн нь гайхамшиг.
Өнцөг №17: Германд сурдаг найзаасаа 20-тын мөнгө үнэд орсныг дуулаад 100-г өвөртлөөд явж очсон... Их санасан газар есөн шөнө хоосон.
Өнцөг №18: Хүний газар нутаг нэгтэндээ гадуурхагдаж, гудамжинд хоног төөрүүлж явсан... 10 маркаар хөрөг зурж, голоо зогоодог байж.
Өнцөг №19: Гэсэн ч Герман тамирчнаас 10 мянган марк зээлж, ченж хийж, амь дүйсээр аргаа олсон гэдэг... Ер нь түүний багш нь "алдаа".
Өнцөг №20: Бөхчүүдээр баг бүрдүүлж, гурван улсын хил дамнан ганзагачин хийж явжээ... Чеченийн мафийнхан бөхчүүд байж, “аз”-ыг нь шовойлгосон.
Өнцөг №21: 100 мянган доллараа Оросын цагдаад дээрэмдүүлж, дэлбэ шатсан... Шатна гэдэг сайжрахын нэр ажээ. 

Х.Баттулгын гэргий Ц.Энхтуяа...
 
Өнцөг №22: "Хэт"-ийн Гантөмөрөөс 10 мянган доллар зээлж, Синга Бээжин хооронд видео камераар панз үсэргэв... Хятад хуулиар бол контарбанд хийж.
Өнцөг №23: "Саятан" сугалааг сэдэж, хонжворт нь ВМW өгч явлаа... “Сугалаажсан” Монголын загалмайлсан эцэг. 
Өнцөг №24: Гүржээс камазаар нь ногоон цай зөөж, цөм хийсэн гэдэг... Дамлаж болдог бүхний анхдагч “Дон” Женко.
Өнцөг №25: “Сити шоп” дэлгүүрийн сүлжээг анхлан байгуулсан... Араас нь миний, чиний, таны, хүний сүлжээнүүд дэлгэрсэн.
Өнцөг №26: Гадаадын бөхчүүдийг бизнестээ ашигладаг байсан... Борис Будаеваас 10 ширхэг "Лада" авч, Сити таксиг байгуулаагүй юу.
Өнцөг №27: Шөнийн цэнгээний газар, диско клуб өндәр ашиг өгдгийг мэдэрсэн... "Холливуд", "Моторок", "Маттис" гээд л.
Өнцөг №28: Хангалттай мөнгө олсон, хангалттай олон шоучин төрүүлсэн... Орлого нь буураад унахаар нь ханасан үнээр зарж салсан.
Өнцөг №29: Монголын олон охидийг зүүн өмнөд азид үгүй хийсэн гэгддэг... Сингапурт Монголчуудыг визгүй нэвтрүүлдэг нь гай болохгүй юу.
Өнцөг №30: “Зууны манлай”-г үсдээд Сингагийн гудмаар чирч явсан гэх нь бий... Хааяа булчин нь тархинаасаа түрүүлчих гээд байдаг зуршил үйлчилсэн хэрэг.
Өнцөг №31: Томоохон “луйвар”-ынхаа гарааг “Баянгол”-ыг эзэмшсэнээр эхэлсэн гэгддэг... Хөрөнгиин биржийн захирал асан Золжаргалын “шордолт” үнэ хүрэв. Өнцөг №32: Малайзчуудтай эртнээс хамтардаг байсан... Моргэйжийн зах зээл бий болгох, олон улсын том банк байгуулах.
Өнцөг №33: Бас болоогүй “Гандирс” хороолол барьж, урт хугацааны зээлээр олгох хөтөлбөртэй байсан... Засгийн газар замаас нь “аборт” хийчихсэн. 
Өнцөг №34: "Улаанбаатар" зочид буудал уг нь Женкод байсан... Ш.Отгонбилэг агсан хангалттай мөнгө амлаад, аваад явчихсан гэдэг.
Өнцөг №35: Спиртийн наймаанд 300 мянган доллар “золиод” орсон... 17 чингэлэг спиртийн түүх эхлэв.
Өнцөг №36: Шоронд суухгүйн тулд зугтсан... Интерполоор эрэн сурвалжлагдаж, Түвдэд мергөл үйлдэн, Хонконгод орогнож явсан.
Өнцөг №37: Адаг сүүлд нь спиртийн наймааг үзэж чадахаа больсноор өндөрлөсөн гэдэг... Тэгээд л хууль санаачилж, өвөлжин, хаваржин өргөн бариад яваагүй ш дээ.
Өнцөг №38: 1999 онд "Махимпекс"-ийг өөрийн болгосон... Таван тэрбумын өртэй, сүйрлийн ирмэгт тулсан байсан гэж ярьдаг юм билээ. 
Өнцөг №39: 2000 онд “Голомт"-ын барьцаанд орсон “Талх чихэр”-ийг журамлав... "АПУ-гийн 49 хувийг эзэмшиж байсан явдал ч бий.
Өнцөг №40: Ерээд оны дундуур "Монсоник"-ийн Т.Баярхүү нарын хамт "Монгол бизнес" банкийг байгуулжээ... Даанч гүйцэтгэх захирал нь мөнгийг нь сэгсрээд өмчийг нь цөлмөөд үүдийг нь бариулсан түүхтэй.
Өнцөг №41: ХААН банкны хувьчлалд Оросын акул гэгддэг "Альфа" банктай хамтран оролцоод ялагдсан... Банкуудыг залгих “хор”, “шунал”-ыг нь гааруулсан.
Өнцөг №42: Солонгосын “Номуранг”-аас луйвардсан мөнгөөрөө “Интер”, “Капитрон”, “Улаанбаатар” банкийг өөрийн болгож авсан гэдэг... Банкны ангуучлал үүгээр зогсохгүй.
Өнцөг №43: “Капитрон”-ыг авахдаа Цогтбаатар гээч хувь эзэмшигчийн нармайг нээсэн гэдэг... Бизнесээ өргөжүүлэх гэж тархинаас дутуугүй булчингаа ажиллуулдгийн тод жишээ.
Өнцөг №44: Малайзуудтайгаа нахин хамтарч, “Анод” руу шунасан ч... Монгол банк замаас нь “нугасалж” орхисон.
Өнцөг №45: Гэсэн ч “Женко” “ХХБ”, “Капитрон”, “Тээвэр хөгжил”, “Улаанбаатар” банкуудыг гартаа авсан... Монголын банкны сүлжээнд ноёлохоор горилогч.
Өнцөг №46: Өдгөө “Женко”-гийн мэдэлд “Баянгол”, “Мах импекс”, “Талх чихэр”, “Коника-Минолта”, “Женко тур бюро”, “С1″ телевиз, “Hartford Institute”, “Chinggis Market” компани, ХХБ, Хаан хүнс, “Мелл хаус” гурилын үйлдвэр, “Ардчилал”, “Монголын мэдээ” сонинууд бий... Одоо түүнд “Женко”-гийн Засгийн газар л үгүйлэгдээд байгаа.   
Х.Баттулга
 
Өнцөг №47: 200 тэрбум давсан хөрөнгөтэй гэх юм билээ... АТГ-ынхан үүнийг анзаардаггүй л юм шиг байгаа юм.
Өнцөг №48: Цонжин болдогт Чингисийг морьтой, ташууртай нь бүтээчихсэн... 45000 хүүхдийг хувьцаажуулсан.
Өнцөг №49: Чингисийн ялалтын нууц "Түмэн хишигтэн"-т байсан гэж итгэдэг... Түүнийг нь хөшөөнд мөнхлөх завсраа мөнгө хийхээ мартаагүй.
Өнцөг №50: Экс эхнэрийнх нь урлаж, Гоёлыг өнгөлсөн vндэсний хувцасны загвараар "13-р зуун" жуулчны баазын хаад, хатдаа чимсэн... Гайхамшиг.
Өнцөг №51: Өдгөө дэлхийн найм дахь гайхамшигт тооцогдох Хүннүгийн үеийн цогцолбор байгуулахаар болсон... Тэр элбэгхэн чадна.
Өнцөг №52: Монголын анхны Олимпийн аваргыг төрүүлэхэд хөлс, мөнгө, нервээ харамгүй зарцуулсан гэдэг... Одоо жилдээ тэрбум гаруй төгрөг гаргадаг гэнэлээ.
Өнцөг №53: Жудогийн холбоог 22 ерөнхийлөгчтэй болгосон... Мөнгөтэй хүн мөнгөтэй хүнээ сэгсрэх “мэх”.
Өнцөг №54: Амжилт үзүүлж мэдэхээр хоёр тамирчныг “Женко” клубээсээ хөөсөн... “Алерги”-тдаг архийг нь сөгнөж, хэрэг тарьсан бол “дашийн шог”.
Өнцөг №55: Чөлөө гарвал залуу бөхчүүдтэй барилдан хөлсөө гаргах дуртай... Залуу байхдаа ганган хүүхэн, гайгүй машинаар хөлсөө гаргадаг байсан гэсэн.
Өнцөг №56: Лимузин, Хаммер, Крейспер С300 гэхчлэнг сольж гангардаг түшээ... Цуглуулгын үнэ нь 3 сая доллар давсан гэх л юм. 
Өнцөг №57: “Хаммер лимүзинг”-ээ өдрийн 1000 ам.доллараар түрээслүүлдэг... Шунал  ихэдвэл баян болдог.
Өнцөг №58: Хамгийн үнэнч дэглэм нь “гүйлт”... Олддоггүй түүнтэй уулзахын тулд "Баянгол"-ын үүдэнд ирж, гүйгээд ирэхийг нь хүлээхэд л ОК.
Өнцөг №59: "Хартфорд институт"-ээр Монголын хүний боловсролд хөрөнгө оруулсан... Нимгэн боловсролтой хүн сургууль байгуулж болохгүй юу.
Өнцөг №60: Кинонд нугасгүй... "Цогт тайж", "Сэрэлт" дээр нь “Загалмайлсан эцэг”.
Өнцөг №61: "Хонхны дуу"-наас сэдэвлэсэн дуулалт жүжгийн зураачаар ажиллахаар болсон... Сураг тасраад удлаа даа.
Өнцөг №62: Ном бичнэ гэдэг санаагаа хэлж бичүүлээд өөрийн нэрээр овоглохыг хэлнэ... Тэгээд л Х.Баттулга автортай “Бодлууд...” мэндэлсэн учиртай.
Өнцөг №63: 90 оны хувьсгалаар харж явсан хүүхэндээ 20 жилийн дараа хандарсан... Орос эхнэр Монгол хэл сураагүй байж таарах нь.
Өнцөг №64: Хэзээнээс “эрлийз” охидод талтай ханддаг... Хүүхэн, хүүхдийнхээ тоогоор бас тэргүүлэхгүй бол онигоонд орох гээд байна.
Өнцөг №65: Шинэ хуучин эхнэрээс гарсан есөн хүүхэдтэй... Алдарт эцгийн нэг, хоёр, “гран при” одонтой аав.
Өнцөг №66: Охиныхоо аварга гутлыг санхүүжүүлсэн... Геннис бүртгэчихвэл гутлаа гадна дотнынхны мөнгөөр дүүргэх ШБОС бий.
Өнцөг №67: Хүү Б.Жавхлан чихийг нь байнга “загатнуулах” болсон... Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг.
Өнцөг №68: Өнөөх хүүгийнхээ “Эра” Эрдэнэтуяатай үүсгэсэн дурлалыг цавчиж тасалсан... “Хүүхдээ хамгаалах эцгийн үүрэг” гэж үүнийг хэлнэ.
Өнцөг №69: Олон жил ханилсан ч орос бүсгүйгээр сэлгэсэн эхнэрээ Цагаан сараар сугадаад харайсан тал бий... Анжеликагийн тэвчээр хаана очиж алдрах бол. 
Өнцөг №70: Эх оронч гэгддэг түүний авсан авгай нар нь ихэвчлэн орос үндэстэн гэж гоочлуулдаг... Гуйвуулж барахгүй үнэн гэж байх юм.
Өнцөг №71: Улс төрд хөл тавих гэж нэлээд хэдэн нам сольж байж АН-д тогтсон... Улс төрч болно гэдэг бөх барилдаж, бизнес хийхээс шал өөр л дөө.   
Өнцөг №72: 2004 оны сонгуулиар Баянхонгорт өрсөлдөж, нэг суудал эзэлсэн... Туршлагагүй болохоор тушаатай байсан байх. 
Өнцөг №73: Том “хараа”-тай улс төрчөөр С.Баярыг гэж боддог... Юуг томоор харсныг нь Х.Баттулга их сайн мэддэг байх нь.
Өнцөг №74: Н.Энхбаяр бол уучлаарай л юм билээ гэдэг... Түүний тахилыг буруу өрсөн хэрэг тарьж дээ Н.Энхбаяр.  
Өнцөг №75: Улс төрийн “хор” найруулахдаа гаргууд болсон гэдэг... "Эхлээд ч хууртагдаж явсаан. Дараа нь хууралцах ажилд нь оролц¬соон"  гэж.
Өнцөг №76: Засгийнхаа дотор нь орчихоод толгойгоороо оролдож явсан... Улс төрч зоригтой бол хэнийг ч дарамталж болдгийг өнгөтөөр харуулсан. 
Өнцөг №77: Монгол түүхэндээ анх удаа өөрийн гэсэн төмөр замын бодлоготой болсон... Яалт ч үгүй гавьяа.
Өнцөг №78: Ц.Нямдоржтонтой үзэлцээд эхэлсэн... Овоо босгоогүй бол “Женко” өдөхгүй л байсан байх.
Өнцөг №79: Юм л бол тойрог руугаа ачаа бараа зэхээд гарч өгдөг... Хууль заншил хоёр нь байгаа цагт зөөгөөд байдаг газар.
,
УИХ-ын гишүүн Ж.Баттулга
 
Өнцөг №80: Сонгогдсон тойргоо жишиг аймаг болгох гээд "Баянхонгор трейд" компанийг байгуулсан... Баянхонгорчууд дүнг нь удахгүй тавина.
Өнцөг №81: Ерөнхий сайдын суудал тийш чиглэсэн зорилтот мессеж хаяж эхлээд удсан... Эр хүний дотор эмээл хазаартай морь.
Өнцөг №82: Олигархи гэж сонгодог утгаараа Монголд нэг л байгаа гэдэг... Тэр бол мэдээж МСS овогт.
Өнцөг №83: Зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хүргэдэг зүйл нь “хийхгүй юмгүй компани” МСS... Нутгийн “шавар” өөрөөс тү илүү гарчих гээд байна.
Өнцөг №84: MCS-ыг тогтвортой байдлын 70 жилийн гэрээ хийх гэж Засгийг шахаж байгааг нийтэд “азаартуулсан”... Засаг ч, MCS ч уг нь түүнд гардуулчихсан л юм байна лээ ш дээ.
Өнцөг №85: Цаашдаа нэгийгээ үзэх сонирхолтой... Н.Энхбаярын баривчилгаа асуудлын хүчийг сулруулж орхив.
Өнцөг №86: Х.Баттулга “луйварчин” гэгддэг ч Монголдоо үлдэх юм хийдэг... Бусад нь гадаадад хаус авдаг.
Өнцөг №87: Түүний хэлэх дуртай үг “Ард түмэн цагаан цаас”... Гэхдээ тэр цаас нь урагддаггүй, баллуурдаж болдог, бас "тэнэг" байх ёстой.
Өнцөг №88: Ирэх сонгуулиар цагаан “цаасан” дээрээ юу бичихээс “Дон Женко”-гийн "насжилт" хамаарна... Түүний “Мөрөөдлийн” засгийн газар баригдах эсэхийг шийдэцгээе, "цаас"-нууд аа!.
Э.Болор
www.shuum.mn

 
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш