logo
Иранд дахин хориг арга хэмжээ авчээ

Иранд дахин хориг арга хэмжээ авчээ

2012/08/02
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Иранд дахин хориг арга хэмжээ авсан тухай мэдэгдлээ. Мягмар гарагт Ройтер агентлагийн мэдээлснээр, тус улсын эрчим хүч, нефть хими болон санхүүгийн салбарт хориг арга хэмжээ авсан байна.
    Шинэ хориг арга хэмжээ нь цөмийн эрчим хүчний салбарт олон улсын гэрээнд хүлээсэн үүргээ даган сахихгүй байгаа Иран улсад үзүүлж буй шахалтыг чангатгах зорилготой юм.
    Франс-Пресс агентлагийн тэмдэглэснээр, Ираны нефть экспортлогч компаниуд, мөн Тегерантай хамтран ажилладаг Хятад болон Иракийн хэд хэдэн банкинд хориг арга хэмжээ үйлчилнэ.
    Долдугаар сарын 30-нд буюу өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын төлөөлөгчид Иранд дахин хориг арга хэмжээ авах хамтарсан хуулийн төслийг баталсан байна. Уг хуулийн төсөлд Ираны нефтийг худалдан авахад үзүүлэх шийтгэлийг чангатгах тухай тусгажээ. Иранчууд нефтийн худалдаанаас олсон орлогыг цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашиглаж байна гэж АНУ-ын эрх баригчид үзэж байгаа ажээ.
    Харин Иран улс цөмийн хөтөлбөр нь энхийн зорилготой гэж мэдэгдэн үүнийг эрс няцаасаар байгаа юм.
    Түүний зэрэгцээ, тус улсад авсан олон улсын хориг арга хэмжээ өнгөрсөн зургадугаар сард нефть олборлолтын хэмжээг зуны доод үзүүлэлт болох 20 хувь хүртэл унахад хүргэжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ

Сэтгэгдэлүүд

Дээш