logo
Засгийн газар эмхлэн байгуулах үйл явц эхэллээ

Засгийн газар эмхлэн байгуулах үйл явц эхэллээ

2012/08/02
Өчигдөр Сирийн сөрөг хүчний төлөөлөгч Хайтам аль-Малех Египетийн нийслэл Каир хотод хөөгдмөл Засгийн газар эмхлэн байгуулах үйл явц эхэлсэн тухай мэдэгджээ.
    Ийм даалгаврыг түүнд Сири болон хилийн чанадад байгаа сөрөг хүчний төлөөлөгчид өгсөн гэж тэрбээр хэлсэн байна. Тэдний эмхлэн байгуулах гэж байгаа байгууллага нь түр хугацаанд байх бөгөөд Башар Асадыг түлхэн унагасны дараа тус улсад шударга сонгууль явуулахад бэлдэж, хуулийн дагуу сонгогдсон эрх баригчид засгийн эрхийг шилжүүлэн өгөх ёстой юм гэж тэрбээр ярьжээ.
    Малех мөн дарангуйлагч дэглэм задран унасны дараа зайлшгүй үүсдэг эрх баригчдын хийрхэлээс болгоомжлохын тулд хөөгдмөл Засгийн газрыг тэргүүлэхийг зөвшөөрсөн байна.
    Суннит урсгалыг даган баримтлагч, өдгөө 81 настай Хайтам аль-Малех нь хуульч мэргэжилтэй, хүний эрхийг хамгаалагч ажээ. Одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч Хафез Асадын үед тэрбээр Сирид хэд хэдэн удаа шоронд хоригдож байв.
    Одоогийн байдлаар Сирид өөрсдийгөө Сирийн Чөлөөт арми гэж нэрлэсэн босогчдын хэдэн арван бүлэглэл байгаа аж.  Гэхдээ тэдэнд нэгдсэн командлал байхгүй байна.
    Сөрөг хүчний улс төрийн жигүүрийг тус улсад болж буй үйл явдалд өнөөг хүртэл нэг ч удаа ноцтой нөлөө үзүүлж чадаагүй байгаа Сирийн үндэсний зөвлөл төлөөлж байгаа ажээ.
    Түүний сацуу Сирид байдал улам хурцадаж байгаа бөгөөд тус улсын санхүү эдийн засгийн төв болох Алеппо хотын төлөөх ширүүн тулалдаан үргэлжилсээр байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ
 

Сэтгэгдэлүүд

Дээш