logo
Хятад, Япон улс арлын асуудлаас болж зөрчилдөв

Хятад, Япон улс арлын асуудлаас болж зөрчилдөв

2012/09/18
Японы Ерөнхий сайд Ёсихико Нода өчигдөр Хятадад амьдарч буй япон иргэдийн аюулгүй байдлыг хангахыг БНХАУ-д уриалсан талаар “BBC” агентлаг мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт Япон улс Зүүн Хятадын тэнгист орших гурван арлыг хувийн эзэмшигчдээс нь худалдаж авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс болж, амралтын өдрүүдэд Хятад, Японд томоохон эсэргүүцэл дэгдсэн байна.
Хятадад л гэхэд Бээжин дэх Японы ЭСЯ-ны үүдэнд хэдэн мянган хүн цуглаж, Японы далбааг шатаан, барилга руу чулуу, өндөг, ундааны сав шидэж танхайрчээ. Түүнчлэн Циндао хотод хятадууд Японы супермаркет руу дайран орж, эвдэж сүйтгэсэн байна.
Харин Сиань хотынхонд япон автомашин таалагдаагүй бололтой, дөрвөн дугуйгаар нь дээш харуулан тавьж байв. Яг ийм эсэргүүцлийн арга хэмжээ Хятадын олон хотод болсон бөгөөд япон ресторан, машины худалдаа, дэлгүүрүүд өртжээ.
Тэгвэл япончууд ч энэ бүхнийг хараад зүгээр суусангүй, Токиод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна. Японы үндсэрхэг үзэлтнүүд далбаагаа намируулан, “Хятадыг хөнөө” гэсэн лоозон барьжээ.
Тэдэн дунд Солонгосын эсрэг лоозон барьж яваа хүмүүс ч байсан аж. Учир нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак 1910-1945 онд Японы колоничлолын үед амиа алдсан солонгосчуудын төлөө уучлалт гуйхыг тус улсын хаан Акихитогоос шаардсан байна. Япон, Солонгос улс ч бас Такешима (Токто) хэмээх арлын асуудлаар маргалддаг аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш