logo
Хилийн цэргийг татан буулгая

Хилийн цэргийг татан буулгая

2012/09/18

Түүх давтагдах вий

Хилийн  цэргийн 89 жилийн ой өнөөдөр тохиож хилчид, ард иргэд  баяр хөөрөөр бялхав. Хилийн цэргийн ансамблийн 70 жилийн ойн тоглолт ч нижгэр боллоо.

Харин хилийн цэргийн тогоонд буцалж  явсан миний хувьд  яагаад ч юм  нэг л гуниг, түгшүүр, эмзэглэл төрөв.

Шинэ Засгийн газар байгуулагдаж агентлагуудын тухай ярих боллоо. Гагцхүү Хил хамгаалах ерөнхий газрын  тухай үг, үсэг, дуу  хоолой ч алга. Яах гээд байгааг бүү мэд. Учир битүүлэг бүхэн  цаанаа нэг л санаа агуулж байдаг. Тийм болохоор баярлаж  чадсан ч үгүй, найз нөхөд рүүгээ ч утасдсангүй.

Өнгөрсөн зууны 50-иад оны дундуур  өмнөд хөрштэй  сайн харилцаатай болсон хэмээн “харалган” бодож  Хилийн цэргийг татан буулгаж байсан гашуун сургамж  бий. Яг энэ үеэр Ю.Цэдэнбал дарга  нутгийнхаа Давст уулыг орос ах нартаа бэлэглэж байсан тухай  “Утга зохиол” сониноос  уншлаа.

Харин саяхан  манай улс төрчид хуйвалдан  Улсын хилийн  тэргүүн шугаман дээр байгаа  хилийн отрядыг тодруулбал, олонд “Сулинхээрийн” хэмээн алдаршсан 0168 дугаар ангийг нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон тухай яриа чих дэлсэв.. Энэ асуудал эрхэм сайд асантай  холбоотой гэх юм. Арай ч үгүй баймаар...

Монголыг олон зуун жил тэжээх нүүрсээ улсын хилээр  туузан төхөөрөмжөөр гаргах  ажиллагаа эхлэхэд бэлэн болсон гэх. Туузан төхөөрөмж нь сайшаалтай шинэлэгч ч хармсалтай нь  хил дамнасан төхөөрөмж тул хууль зөрчих гээд  байгаа тухай  эх сурвалж өгүүлж, тийм ч учраас Хилийн боомтын тухай хууль тогтоомжийг өөрчлүүлэх гэж зүтгэж байгааг ч дурдав.

Эдгээр бодлогоо  хэрэгжүүлэхийн тулд  Хилийн цэргийг татан буулгаж  хилийн цагдаа болгох,  Хилийн шалган нэвтрүүлэх албыг Гадаадын иргэн харьяатын албанд шилжүүлэх тухай  ч яриа газар авч байна.

Хоёр сургуулийг нэгтгэсний учир юу байв

Хилийн цэргээ татан буулгаад газраа айлд өгч байсан бол одоо дээрх алдааг давтаж дотроосоо  байгалийнхаа баялгийг хяналтгүй гаргах нь  гэсэн хардлага төрөөд   байна. Надад хардах эрх бий.

Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөлгүйгээр дур мэдэн, байлдааны тугтай, Монгол Улсын баатар С.Лхагвадоржийн нэрэмжит цэргийн анги болох ХЦДС-ийг чиг үүрэг нь өөр Цагдаагийн академитай нийлүүлэн Дотоод хэргийн их сургууль болгосон.

Хуучнаар ХЗДХЯ-ныхныг энэ бодлогоо хэрэгжүүлэхэд нь Хилийн цэргийн командлагч “жулдаж”, байгууллагынхаа хөгжлийг хангах боловсон хүчнээ бэлтгэх, хуулиар хүлээсэн үүргээсээ татгалзсан гэж хэлж болно.

Хилчин офицеруудыг бэлтгэдэг сургуулиа бусдын идэш болгож, хилчдийг цагдаажуулах бодлогыг дэмжиж  ажил нь төлөвшсөн, хамт олон бүрдэж, нягтарсан, сургалтын материаллаг бааз бэхжсэн сайхан сургуулиа  хормын дотор үгүй хийсэн нь даанч гаслантай. Энэ бол Хилийн цэргийн  түүхэнд  үлдсэн хар мөр. Өрөвдмөөр ч юм шиг.

Сургуулийн хөрөнгийг Дотоод хэргийн их сургуульд шилжүүлж, олны хэл ам намжмагц Хилийн цэргийн Ар тал хангалтын ангийг сургуулийн байранд шилжүүлэн нүүлгэсэн.

Улмаар  тухайн ангийн Амгалан дахь газрыг чөлөөлж, газар дээр нь цэрэг, цагдаа шүүхийн албан хаагчдын орон сууц барихаар шамдан орсон. Энэ нь Хилийн цэргийн дээд сургуулийг Цагдаагийн академитай нэгтгэхийн  гол зорилго, учир нь байсан гэх ч үүний цаана ашиг сонирхлын зөрчил байсан юм биш байгаа даа гэж хардаж  байна.

Надад хардах эрх бий.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш