logo
Дуусдаггүй яриаг эцэслэсэн ч “гацчихлаа”

Дуусдаггүй яриаг эцэслэсэн ч “гацчихлаа”

2012/09/18
Улстөрийн  үйл амьдрал өнгөрөгч долоо хоногт багагүй өрнөсөн ч шийдвэр гаргах түвшиндээ гацаа маягтай байсан гэхэд болно. Төсвийн тодотголоо хэдэнтээ хэлэлцэж байж долоо хоногийн  шувтаргаар  сая нэг баталж, төрийн албаныхан бүтэн сарын цалинтайгаа золгов.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 92.8, Хууль зүйн сайд 303.5, Барилга хот байгуулалтын сайд 107.7, Боловсрол, шинжлэх ухааны сайд 953.8,  Зам тээврийн сайд 498.3,  Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 122.1, Уул уурхайн сайд 16.6, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд 167.5, Хөдөлмөрийн сайд 214.1, Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын сайд 569.4, Эдийн засгийн хөгжлийн сайд 16.7, Эрчим хүчний сайд 181.1 тэрбум төгрөгийн багцтай болсон.
Монголбанкны ерөнхий­лөгчийг томилсон нь “Төр солигдохоор  Төвбанкныхаа  ерөнхийлөгчийг томилдог жишиг тогтох нь” гэх шүүмжлэлийг дагуулсан. Гэхдээ шинээр томилогдсон  Н.Золжаргал захирал  “Инф­ляци буурах ёстой. Олон жил өндөр инфляцитай явсан. Инфляци өндөр байснаас зээлийн хүү ч өндөр тогтоогдож ирлээ.
Ирэх жилээс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжинэ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт инфляцийг нэг оронтой тоо руу буулгаж, зээлийн хүүг бууруулна гэж заасан. Тиймээс хоёр жилийн хугацаанд инфляцийг бууруулж, дөрвөн жилийн хугацаанд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах бодит шаардлага бий” гэж бардам мэдэгдсэн.
Энэ нь эгдүүцэл, олзуурхал хоёрыг зэрэг төрүүлж орхив. 
“Ард түмний төлөөллөөс 40 шахам хувийн санал авсан МАН-ын төлөөллийг бүлэггүй явуулж болохгүй” гэх  асуудал УИХ-ынхны хувьд  мөнхийн сэдэв байх нь.  Энэ асуудалтай холбоотойгоор тус намынхан хуралд суухгүй гэдгээ албан ёсоор  зарласан бол нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хурлыг ч МАН-ын гишүүд  хаяж гарсан.  Үүнийг улстөрийн хүрээнийхэн болон ажиглагчид “Гацаа” үүсэх нь гэж тодорхойлоод байгаа.
Дээрх асуудлуудтай зэ­рэгцэн  шинэчилсэн Зас­гийн газар үйл ажилла­гааныхаа мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж эхэлсэн ч  эхнээсээ инээдэмтэй байдалд орц­гоо­сон. Уг  мөрийн хөтөлбөр нь “Буух эзэн, буцах хаяггүй, бага ангийн хүүхдийн өгүүлбэртэй бодлогоос ч долоон дор” гэх шүүмжлэлд өртлөө. Үнэн чанартаа мөрийн хөтөлбөр нь  ард иргэд, тэдний амьдралд наалдац муутай байсан нь “инээдэмтэй, эмгэнэлтэй” байдалд оруулж орхилоо.
Өнгөрөгч долоо хоногт  Онцгой албан  татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, архи тамхины татварыг нэмсэн нь хамгийн оновчтой шийдвэр байсан гэхэд болно. Тухайн  барааны  татварыг  хоёр дахин өсгөснөөр архи 3000-7000, тамхи 300-600 төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд масс төдийлэн эмзэглээгүйгээс үзэхэд энэ шийдвэрийг нүдээ олсон гэж хөхиүлэн сайшаамаар.
Парламентад суудалтай улстөрийн намуудын  нэгэн дуусдаггүй яриа  ч мөн энэ долоо хоногт эцэслэгдсэн. Энэ нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль байсан. Чуул­ганы хуралдааныг цагийг сунган байж Төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны хуралдааныг хийж, уг асуудлыг эцэслэснээр  улстөрийн намуудын тэсэн ядан хүлээж  байгаа аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль  11 дүгээр сарын 21-ний  лхагва гарагт товлогдов.
Ар араасаа өрнөсөн улстөрийн энэ үйл явд­луудын ард буюу  өнгөрөгч бямба гарагт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг газрын тосны бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хувийн хэвшлийнхний дуу хоолойг сонссон.
Импортоос 100 хувь хамааралтай, газрын тосны боловсруулах үйлдвэргүй, бүтээгдэхүүний нөөцийг хангалттай бүрдүүлээгүй, дотоодын зах зээлийн үнэ тогтворгүй, валютын ханш, хилийн импортын үнээс хамаарч эмзэг байгаа зэрэг нь улс орны нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Газрын  тосны  бүтээгдэхүүний  хангамж, үнэ бүрдэлтийн талаар хэдийгээр холбогдох арга хэмжээнүүд авч ирсэн боловч тэдгээр нь түр зуурын аргацаах төдий хэлбэрээр явж ирсэн тул шинэчлэлийн Засгийн газрын зүгээс энэ асуудлыг нэг мөр шийднэ гэдгээ онцолсон юм.
Намрын сайхан нал­гар өдрүүдэд улс­төрийн амьд­ралын өрнөхтэй зэрэг­цэн мах­ны үнэ хэлбэлзэж, оюут­нуудын  сургалтын  төлбөр 10 хувь нэрийн дор 13-аас дээш хувиар  өссөн нь ард иргэдийг нэлээд бухимдууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш