logo
Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцлээ

Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцлээ

2012/09/18
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2012.09.17/ хуралдаж "Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай" болон "Зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн зардалд эхний ээлжинд 6,6 тэрбум төгрөг шаардлагатай байгааг байнгын хорооны хурал дээр танилцуулав. Энэ зардлын тодорхой хувийг орон нутгийн төсвөөс гаргах ёстойг хуульчилсны дагуу 5,2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 1,4 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргахаар тогтоолын төсөлд тусгасныг байнгын хорооны гишүүд дэмжиж УИХ-ын ээлжит  бус чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.
 Тус байнгын хороогоор бас нэг хэлэлцсэн асуудал нь Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох тухай юм. ҮЗ-ийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Догмидын Сосорбарам, Бямбажавын Цэнддоог, Засгийн газраас  Аюушийн Мөнхбат, Алены Арман нарын нэрийг дэвшүүлснийг байннгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжсэн. Харин УИХ-аас төрийн бус байгууллагын төлөөлөл болсон нийт 29 хүний нэрийг оруулж ирснээс хоёр нь Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон нэр дэвшигчтэй давхцсан байв. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо 27 нэр дэвшигчээс дөрвөн хүнийг сонгох асуудлыг хэлэлцсэний эцэст Лувсангийн Пүрэвдорж, Дамбийгийн Гоошоохүү, Содномпилийн Мягмар, Цэвэлмаагийн Батмөнхийг МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр сонгохыг дэмжиж чуулганы хуралдаанд оруулахаар болсон.
"Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийн төсөлд ихэвчлэн найруулгын санал гарсан байсныг байнгын хорооны гишүүд хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж  чуулганы хуралдаанд оруулахаар боллоо. Түүнчлэн "Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэнээр УИХ-ын ээлжит бус чуулганы маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш