logo
“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2012 онд 3.5 сая тонн нүүр олборлох төлөвлөгөөтэй яваа гэлээ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2012 онд 3.5 сая тонн нүүр олборлох төлөвлөгөөтэй яваа гэлээ

2012/09/18
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2012.09.17/  хуралдаанаар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааны явц, байдлын талаар мэдээлэл сонслоо.
Тус компанийн захирал Б.Энэбиш байнгын хорооны гишүүдэд мэдээлэл хийсэн юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа Уурхайн олборлолт, борлуулалт, экспорт, Дэд бүтцийг хөгжүүлэх төсөл, Дотоодын болон олон улсын хөрөнгийн биржид IPO хийх гэсэн гурван чиглэлд төвлөрч байгаа гэж тэрбээр мэдээллийнхэ эхэнд дурдсан.
Тавантолгойн орд ашиглалтын эхний үе шатандаа яваа бөгөөд дэлхийн коксжих нүүрсний томоохонд тооцогдох цөөн ордуудын нэг ажээ.  Нүүрс борлуулах үндсэн зах зээлдээ ойр, их хэмжээний нөөцтэй, нүүрсний чанар сайн, олборлох зардал бага зэрэг давуу талуудтай ч дэд бүтэц муу хөгжсөн муу тал ч бас бий гэж Б.Энэбиш захирал хэлсэн.
Нийт нүүр олборлох таван том талбайн хамгийн сайн судлагдсан зүүн Цанхийн хэсэгт олборлох үйл ажиллагааг эхлүүлээд байгаа гэлээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК 68 мянган га талбайд олборлолт явуулах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд нийт нөөцийн хэмжээ 7 тэрбум тонн гэсэн тооцоо байдаг юм байна. 
 “Эрдэнэс –Тавантолгой” 2011 оны сүүл гэхэд 1 сая тонн нүүрс олборлосон байна. 2012 онд 3.5 сая тонн нүүр олборлох төлөвлөгөөтэй яваа гэж тэрбээр хэлэв. 2013 он гэхэд 6-7 сая тонн, 2014 онд 10 сая тонн, 2015 онд 20 сая тонн олборлодог олон улсын түвшинд хүрсэн том уурхай болно гэсэн тооцоо ч буй юм байна.
Баруун  Цанхийн талбайд олборлолт явуулах бэлтгэл ажил хийгдсэн бөгөөд хөрс хуулалт хийх ажил энэ ондоо багтан эхэлбэл ирэх жилийн хавар олборлолтыг эхлүүлэн  зүүн Цанхитай адил 5-6 жилийн дараа гэхэд жилдээ 20 сая тонн нүүрс олборлодог том уурхайг ашиглалтад оруулах нөхцөл бүрдэнэ гэж Б.Энэбиш захирал танилцуулсан юм.
Түүхий нүүрсийг угаах, баяжуулах төслийн ажил эхэлсэн гэж тэрбээр хэлсэн. Ойрын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд АНУ, Австралийн хамтарсан компани тендерт шалгарсан юм байна. 2015 он гэхэд жилдээ 5 сая тонн нүүрс, цаашдаа жилдээ 15-20 сая тонн нүүр угааж боловсруулах хүчин чадалтай үйлдвэр 580 сая ам.долларын өртөгтэй босох юм байна.
Харин усан хангамжийн асуудлыг Тавантолгойгоос 70 км-ын зайд орших Балгасын улаан нуураас татаж шийдэхээр төлөвлөсөн ч Өмнөговь аймгийн ИТХ уг газрыг тусгай хамгаалалтад авчихсан болохоор асуудал үүсээд байгаа гэлээ. Төмөр зам, автозамын асуудал Засгийн газрын түвшинд яригдаж болохоор хүлээтийн байдалд байна гэв.
"Эрдэнэс-Тавантолгой" ХК 400 гаруй ажилтантай бөгөөд 2011 оны наймдугаар сард эскпортоо эхэлжээ. Хятадын “Чалко” компаниас 2011 онд нүүрсний борлуулалтын урьдчилгаанд 250 сая ам.доллар авсан бөгөөд түүнийхээ дөрөвний гурвыг нь Хүний хөгжил санд төвлөрүүлсэн юм байна. Харин 2012 онд 80 тэрбум төгрөгийг Хүний хөгжил санд хуримтлуулсан ажээ.
Энэхүү мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-иас улсын төсөвд 900 гаруй сая төгрөг орж ирэх ёстой байсан. Гэтэл тэр мөнгийг оруулаагүйгээс улсын төсөвт тодотгол хийх шаардлагатай боллоо гэж төсвийн тодотгол хэлэлцэх үеэр яригдаж байсан. Энэ мөнгийг яаж олж төсөвт төвлөрүүлэх гэж байсан юм бэ. Хятадын “Чалко” компанитай урт хугацаанд тогтвортой үнээр нүүрс нийлүүлэх гэрээ хийн урьдчилгаа төлбөр авсан юм байна. Үүний учрыг тайлбарлахгүй юу” хэмээн асуусан.
"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн захирал Б.Энэбиш, “Улсын төсөв хэлэлцэх үеэр орлого тэдэн тэрбум төгрөг төвлөрүүлнэ гээд шийдчихдэг. Гэхдээ боломжтой эсэх талаар биднээс асууж тодруулдаггүй. Хүний хөгжил санд тэдэн тэрбумыг төвлөрүүл гээд л дээрээс шахдаг. 2012 оны улсын төсөв батлахад "Эрдэнэс-Тавантолгой" ХК 900 гаруй тэрбум төгрөг төсөвт төвлөүүлнэ гэж тодорхой нэр зааж тусгаагүй. Харин ТӨХ-нд даалгасан байсан. Энэ мөнгийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр IPO хийн мөнгө босгоно, Баруун Цанхийн хэлэлцээ амжилттай болон мөнгө орж ирнэ гэж  тооцоолон тусгасан байх.
Хятадын “Чалко” компанитай гэрээ байгуулсан нь учиртай. Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүл гэж дээрээс үүрэг өгсөн. Гэтэл тэр их хэмжээний мөнгийг урьдчилан өгөх компани үнэндээ байгаагүй. Янз бүрийн гэрээ хэлцэл хийгдсэн. Эцэст нь Хятадын төрийн өмчийн компанитай гэрээ хийхээр тохиролцсон. Уурхайн эхэлж дөрөвдүгээр давхаргын түүхий нүүрсийг гаргаж эхэлсэн бөгөөд эхний 1 сая тонн нүүрсийг тонн-ыг нь 70 ам.доллараар нийлүүлэхээр, түүнээс хойш үнийн индекс хэрэглэн явахаар тохиролцсон.
2013 онд нүүрсний гуравдугаар давхарга руу орохоор үнээ дахин тохиролцох гэрээтэй. Үнийн хувьд 1.5 сая тонн нүүрс экспортлоход тонн-ын үнэ нь 71-72 ам.долларт хүрээд байсан. Сүүлийн үед нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр буурснаас үнэ 66-68 ам.долларт хэлбэлзэж байна. Одоогийн байдлаар коксжих нүүрсний хамгийн өндөр үнийг барьж яваа” гэлээ.
Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод Аймаг, сум дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар батлагдсан энэхүү хуулиар сонгуулийг холимог хэлбэрээр явуулахаар заасан билээ. Ингэхдээ засаг захиргааны нэгж бүр иргэдийн төлөөлөгчдийн  хуралд төлөөлөлтэй байх зарчмыг баримталсан. Шинээр батлагдсан Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд  заасны дагуу нийслэлийн дүүрэг бүрт хувь тэнцүүлэх болон нэг буюу олон мандаттай олонх /мажоритар/-ын хэлбэрээр сонгогдох төлөөлөгчдийн тоог тогтооход нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан  дүүрэгт тус тус  41 иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчтэй байхаас 14 нь хувь тэнцүүлэх хэлбэрээр, 27 нь хороодоос сонгогдохоор байгаа юм. Гэтэл Баянзүрх дүүрэг 28 хороо, Сонгинохайрхан дүүрэг 32 хороотой байгаа учраас зарим хороо Иргэдийн Хурлын төлөөлөгчгүй байх нөхцөл бий болсон байна.
Иймээс хуулийн 4 дүгээр зүйлийн зарим заалтад нэмэлт оруулан зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Тухайлбал 4.11.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал баг бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт багийн тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.”  4.12.2 дахь заалтад “Хэрэв бүхэл хэсэг нь тэгтэй тэнцүү байвал хороо бүр нэг мандаттай байх бөгөөд нийт төлөөлөгчдийн тооноос нийт хорооны тоог хассантай тэнцүү тооны төлөөлөгчийг хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгоно.” гэсэн өгүүлбэрүүдийг нэмэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тухайн сум, дүүргийн  бүх баг, хорооноос төлөөлөлтэй байх нөхцөл бүрдэх юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш