logo
Төгөлдөр хуурч Ами: Төгөлдөр хуур бол хөгжмийн хаан би энэ хааны хатан нь байхыг хүсдэг

Төгөлдөр хуурч Ами: Төгөлдөр хуур бол хөгжмийн хаан би энэ хааны хатан нь байхыг хүсдэг

2012/09/18
Энэ удаагийн “Дугаарын зочин” буланд маань, төгөлдөр хуурч Ами оролцож байна.  “Тань руу нүүж явна” клипээрээ олны танил болсон, мөн Монголын хөгжмийн ноён  оргилуудын  нэг МУ-н Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч  Д.Дувсаншаравын зээ охин энэ авъяаслаг бүсгүйн чин сэтгэлийн ярилцлагыг уншигч танд  хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн сонин сайхан, олз омог ихтэй байна уу?
Баярлалаа. Ойрд шинэ цомгоо гаргах гээд завгүй ажиллаж байна. Цомогт нийт 12 бүтээл багтсан байгаа. Одоогоор бичлэгийн ажил маань дундаа ороод явж байна. Энэ удаа цомогтоо дэлхийн сонгодог болон Монголынхоо сонгодог бүтээлүүдээс багтаасан. Мөн CD-дээ урьд өмнө нь олон улсад гарч байгаагүй шинэ дугаралтуудыг оруулахыг зорьсон байгаа. Үүнийгээ Монголын  алтан үеийн сайхан бүтээлүүд дээр түлхүү гаргахыг зорьж байна даа.

-Таны “Тань руу нүүж явна” бүтээлийн клип маш өвөрмөц шийдэлтэй болсон. Энэ таны санаа байсан уу?
Клипэндээ тусгасан, илэрхийлэхийг зорьж байгаа санаануудаа би өөрөө гаргадаг.  Тухайн аяыг тоглож байхдаа яаж дүрсжүүлэх вэ, юуг илэрхийлэх вэ, сонсогчидод хэрхэн хүргэх вэ?  гээд  санаануудаа төсөөлөн  бодож байдаг. Миний анхны клип  “Хэдгэний нислэг” гээд орчин үеийн хэв шинжийг харуулсан бүтээл болсон. Энэ клипээрээ 2009 онд “UBS music awards” наадмаас   “Шилдэг имиж бүрдүүлэлт” номинацид шагнал хүртсэн нь надад их урам өгсөн. Дөнгөж уран бүтээлээ хийж эхлээд, тэр дундаа төгөлдөр хуурч хүн имиж бүрдүүлэлтийн шагнал авна гэдэг бол их сайхан, урам хайрласан явдал болсон.

-Таныг төгөлдөр хуурч болоход юу нөлөөлсөн бэ?  Сонгодог урлаг руу хөтөлсөн хүн тань бэ?
Гэр бүл минь хамгийн их нөлөө үзүүлсэн. Манай гэрийнхэн бүгд урлагийн хүмүүс байдаг. Гэртээ байхад ээж маань төгөлдөр хуураа тоглоод сууж байдаг байсан. Өвөөгийндөө очиход бас л хөгжим урлагаар амьсгалсан орчин. Эмээ маань кино жүжигчин байсан болохоор манайд ирдэг байсан хүмүүс бүгд урлагийн алтан үеийнхэн байлаа. Ээжийгээ дагаж Хөгжим бүжгийн колежи дээр их очдог байсан.

-Багадаа ямар хүүхэд байв?
Цэцэрлэгтээ дуулж, бүжиглэж, шүлэг уншдаг  урлагт хайртай хүүхэд байсан нь урлагийн хүн болоход нөлөөлсөн байхаа гэж бодож байна. Төгөлдөр хуураа л  тоглодог байсан. Бусад хүүхдийн адил гадаа тоглох зав гардаггүй байлаа. Сайн хөгжимчин болохын тулд ихэнхи төгөлдөр хуурчид хүүхэд насаа золиосолсон байдаг. Тамирчид шиг байнгын бэлтгэлтэй байхгүй бол гар хуруу хөдлөхөө больдог учраас хүүхдээс байнгын бэлтгэл, форум шаардаж байдаг. Манай сургууль маш хатуу дэг журамтай.  Жилд зургаан шалгалт өгдөг. Тэр болгондоо шинэ зүйл тоглодог учраас хөгжмөө давтахаас өөр цаг гардаггүй байсан. Би их хөдөлгөөнтэй бас их инээд муутай хүүхэд байсан.

-Урлагийнхан тэр дундаа сонгодог урлагийнхан сэтгэлгээ нь их задарсан байдаг гэж ярьдаг. Таны зан араншинд  сонгодог урлаг хэрхэн нөлөөлсөн гэж боддог вэ?
Сэтгэлгээний хувьд бол би нэлээн өвөрмөц.  Ямарваа зүйлийг их бодож, өөр өнцгөөс харж бясалгадаг болсон байх.

-Ингэхэд яагаад төгөлдөр хуурыг онцлон хичээллэх болов?
Ээж минь төгөлдөр хуурч хүн. Би эхийнхээ гэдсэнд байхаасаа л хаан хуурын аялгууг сонсож өссөн. Төгөлдөр хуур бол хөгжмийн хаан шүү дээ. Яагаад хаан гэх болсон гэхээр жар далан хүний бүрэлдэхүүнтэй оркесторын тоглох бүтээлийг ганц энэ хөгжмөөр тоглож болдог, хамгийн өргөн цар хүрээтэй хөгжим. Бүх хөгжимтэй, дуучинтай хамтарч тоглодог, ямар ч аяыг тоглож болдог гээд олон давуу чанартай учраас төгөлдөр хуурыг хөгжмийн хаан гэдэг. Тийм учраас би энэ хааны “хатан” байхыг хүссэн.

-Энэ бүтээл надад л зориулагдсан, үүнийг  тоглох юмсан гэж боддог дэлхийн сонгодог бүтээл бий юу?
Тоглохыг хүсдэг маш олон бүтээл байдаг. Сонгодог хөгжмийн урын сан маш арвин баялаг. Тэр дундаа төгөлдөр хуурын бүтээлүүдээ тоглож баршгүй баян. Эхний CD-дээ хамгийн их тоглохыг хүсдэг, ойлгодог аянуудаа багтаасан байгаа. Бадрангуй, өрнөлттэй, эрч хүчтэй аянуудаас тоглох дуртай.

-Өнөөдрийн Монголын сонгодог урлаг таны бодлоор ямар түвшинд байна вэ? Өөрчлөх юмсан гэж бодож явдаг зүйл юу байна?
Төрөөс сонгодог урлагийг анхаарч байх үед бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ангиараа дуурь үзүүлэх зэрэг маш зөв бодлогыг барьж байсан. Ингэснээр хүүхэд багаасаа сонгодог урлагийг мэдэрч, ойлгож эхэлдэг. 90-ээд оны үед бол сонгодог урлаг уналтанд орж байсан бол одоо сэргэж эхэлж байна. Хүмүүс хүүхдийнхээ урлагийн боловсролд анхаардаг болсон байна. Дэлгүүрүүдээр ховорхон олддог байсан хөгжмүүд одоо чөлөөтэй зарагддаг болсон байна.  Дуурь тэр дундаа балет үздэг хүний тоо харьцангуй их болсон зэргээс харахад сонгодог урлаг маань хөгжиж байна гэж боддог. Гэхдээ яг сонгодог үеэ ойлгодог цаг нь арай л болоогүй байх. Аргагүй л дээ  сонгодог  урлаг үүссэн газраа хөгжөөд хэдэн мянган жил болж байна. Төрөөс нь ч их анхаардаг.  Хүүхдүүдийнхээ урлагийн боловсролд багаас нь санаа тавьдаг. Жишээлбэл хүүхэлдэйн киноны хэсгүүдэд дандаа сонгодог хөгжим оруулдаг. Бидний мэдэх “Том Жерри 2” –ын хэсгүүдэд дэлхийд алдартай симфони, төгөлдөр хуурын аянууд  их орсон байдаг даа. Ингэж  багаасаа сонгодог хөгжмийг сонсож  өссөн хүүхдийн “чих нь онгойсон” байдаг .  Монголд сонгодог урлаг хөгжихөд хөгжимчид их чухал үүрэгтэй гэж бодож байна.  Сонгодог  урлагийг ард түмэнд хүргэдэг гүүр нь хөгжимчид байдаг.

-Та бол залуу уран бүтээлч. Шинэ уран бүтээл хийхэд бэрхшээл  байна уу?
Одоо бүх юм мөнгө санхүүгээр хэмжигддэг болохоор энэ талын бэрхшээлүүд гардаг. Урлагийг ойлгож, дэмждэг хүмүүс цөөнгүй байдаг. Мөн бүтэн баг бүрдүүлж ажиллах боломж бараг байдаггүй учраас бүх л ажилдаа тухайн уран бүтээлч өөрөө гүйх хэрэг гардаг. Энэ нь их хүндрэлтэй.

-Зарим нэгэн төгөлдөр хуурын бүтээлүүдийг  морин хуураар тоглож байна. Тэгвэл монгол аялгуу, морин хуурын бүтээлийг төгөлдөр хуураар тоглож болох болов уу?
Болно. Энэ бол боломжтой зүйл. Найруулгийг нь л жаахан өөрчлөх хэрэгтэй байх. Төгөлдөр хуураар ямар ч аяыг тоглож болдог.

-Хөгжим гэдэг агуу зүйлийг хүүхдүүдэд заана гэдэг хүнд байх. Ер нь багшлах ямар байна?
Амархан юм гэж хаана ч байхгүй. Би 10-р ангиасаа эхлээд  гэрийн багш хийсэн. Сургуулиа төгсөөд  л “Хөгжим бүжигт”-ээ багшаар үлдээд, одоо хоёр дахь жилдээ багшилж байна. Сонгодог урлагийг заахад багшаас төдийгүй шавиас асар их тэвчээр, хөдөлмөр шаарддаг.  Бидний хичээл ганцаарчилсан байдаг болохоор хүүхдийн онцлогт нь тохируулан заадаг.  Юмыг хурдан хүлээж авдаг хүүхэд байхад, удаан ойлгодог  хүүхэд бас  байна. Олон цагаар сууж оюуны болон биеийн хөдөлмөр хийдэг болохоор зарим хүүхдүүд амархан  залхдаг.  Төгөлдөр хуураар хичээллэхэд бүхий л  мэдрэхүй зэрэг ажилладаг. Ер нь энэ хөгжмийг сурахад маш олон жилийн хөдөлмөр шаарддаг. Бас хүүхдийн төлөвшилд асар их нөлөөлдөг.  Манай сургуулийн сурагчид бусад сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад хамаагүй төлөвшсөн, их хичээнгүй байдаг.

-Ами хэр хатуу багш вэ?
Би ер нь их хатуу багш шүү. Гэхдээ хатуу ч гэсэн хүүхдүүдээсээ хол байдаггүй. Аль болох ойр, дотно найз шиг байдаг  ч шаардлагаа өндөр тавьдаг. Энгийн үед шавь нар маань надтай дотно байж, илэн далангүй байгаасай гэж хүсдэг. Манай сургууль өөрөө их чанга, өндөр шаардлагатай.

-Шавийн эрдэм багшаас гэдэг дээ. Өөрийнхөө багшийн талаар товч танилцуулахгүй юу?
Миний багшийг Д.Тунгалаг гэдэг. Би багшдаа маш их баярлаж явдаг. 6 настайгаасаа эхлээд багштайгаа 14 жил хамт хичээллэсэн. Бага , өсвөр нас гээд олон жилийг багштайгаа хамт өнгөрөөсөн болохоор ээж охин шиг дотно болсон. Багш маань үргэлж биеэ гоё авч явдаг, сайхан эмэгтэй. Би анх хоёр гурван багшаас өөрөө багшаа сонгосон. Багш маань хүүхэдтэй их сайхан харьцдаг.  Надад төгөлдөр хуурын арга барил, техникийг зааснаас гадна хувь хүний төлөвшил хүмүүжилд минь их нөлөөлсөн. Багш маань их шинэлэг зүйлд дуртай аль болох хүүхдүүдийн тоглоогүй аяыг надаар тоглуулдаг байсан. Ер нь мэргэжлийн багш бол яг ээж шиг, гэр бүлийг нэгэн гишүүн болсон байдаг. Урлагийн их зам руу зөв хөтөлж залж явдаг хүн бол яах аргагүй багш юм. Би багшийгаа сайн багш, сайхан эмэгтэй гэж бодож хүндэлж явдаг. Бие даасан уран бүтээлээ хийгээд, бас багшлаад ирэхээр амьдралын алхам тутамд багш маань ямар их уйгагүй хөдөлмөрийн үр дүнд надад ийм гоё мэргэжил эзэмшүүлсэн юм бэ гэж багшаараа бахархдаг.

-Таны өвөө Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав бол Монголын бахархал болсон хүн. Таны урлагийн төлөвшилд өвөө тань их нөлөөлсөн байх?
Миний гол түшиг тулгуур бол миний өвөө юм. Хувь хүний хүмүүжил тэр дундаа энэ сайхан бичиг үсэг, Монгол ахуй, Монгол эмэгтэй хүн, урлагийн хүн ямар байх гээд олон зүйлийг зааж сургаж байдаг.  Миний хамгийн том бахархал .

-Та өвөөгийнхөө ямар зан чанараар  бахархдаг вэ?
Өвөө маань маш их хөдөлмөрч. Буурал болсон гээд зүгээр суудаггүй хүн. Энэ зангаар нь би бахархдаг. Бас өвөө маань их залуу сэтгэлгээтэй. Манай өвөө пиццанд их дуртай. Бусад өвөө нараас их өөр л дөө. Ярилцахад их чөлөөтэй байдаг. Бас их шог хошин зантай.

-Урлагийн хүн, эмэгтэй хүнийхээ хувьд гоо сайхандаа хэр анхаардаг вэ? Тухайлбал ямар үнэртэй ус хэрэглэж байна?
Гоо сайхандаа маш их анхаардаг. Төгөлдөр хуур бол маш тансаг, сайхан хөгжим. Энэ хөгжмийг тоглохдоо гоё сайхан байх ёстой гэж боддог учраас гадаад төрхөндөө их анхаардаг.  Жирийн  үед чөлөөтэй энгийн байдаг бол  тайзан дээр  өөр, амьдралд байдгаасаа ямагт нэг шат дээгүүр байх ёстой.  Үнэртэй ус бол миний хувьд чухал зүйл. Би хувирамтгай учраас нэг үнэртэй ус дандаа хэрэглэдэггүй. Одоо “Chanel chance” ногооныг нь , “Gucci envy” хэрэглэж байна.

-Ном хэр уншдаг вэ? Ер нь чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
Сонгодог зохиолууд уншина. Уран зохиол, өгүүллэг унших  дуртай. Ч.Лодойдамба гуайн зохиолуудад дуртай.  Сүүлийн  үед хувь хүний хөгжлийн талаарх ном их уншиж байгаа. Чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө  уулзаж, гоё хоолтой газруудаар орох дуртай.  Янз бүрийн үзэл бодолтой найзууд байдаг учраас уулзаад, ярилцаж байхад гоё байдаг. Мөн чөлөөт цагаараа бүжиглэж, фитнест явж, усанд сэлэх дуртай.

-Ингэхэд та хоол хийх дуртай юу?
Хөгжимчдийг гараа хайрлаад ажил хийдэггүй гэж сонссон юм байна.
Ээж маань миний гарыг их хайрладаг байсан болохоор гэрийн ажил тэр бүр хийлгээд байдаггүй байсан. Тийм болохоор хоол хийхдээ муу. Гэхдээ борш, цуйван, чинжүүтэй хуурга гэсэн гурван хоолыг сайн хийдэг. Нэрийн хоол гэх үү дээ.

-Та найз залуутай юу?  Ямар эрчүүд таалагддаг вэ?
Найз залуутай. Олон таван үггүй, буурь суурьтай, мэдрэмжтэй, миний мэргэжлийг ойлгодог хүн таалагддаг. Би орчин үеийн, соёлтой, өөртөө анхаарал тавьдаг фитнест явдаг залууд  дуртай.

-Та спортын ямар төрлөөр хичээллэх дуртай вэ?
Бид нарыг спортоор хичээллэхийг  хориглодог. Гар оролцсон, гэмтэх эрсдэлтэй спортыг багаас хориглосон байдаг. Тодорхой хэдэн спортоор бол болно. Ширээний теннис, усан спортоор хичээллэж болно.

-Их хотын амьдралд хамгийн том асуудал таны хувьд юу байна?

Замын түгжрэл. Бас хүмүүс замбраагүй хогоо хаяж байна. Хүмүүс хоорондоо их соёлгүй харьцах зэрэг асуудлууд их  стресст оруулах юм.

-Тэгвэл өнөөгийн залуусын талаар ямар бодолтой явдаг вэ? Залуучууддаа хандаж юу гэж уриалмаар байна?
Залуучуудаа харж байхад бидний үе ирээдүй их гоё болох юм шиг надад санагддаг. Гэхдээ бас сайны хажуугаар саар гэж архидаад  шоудаад явдаг ажилгүй  хэсэг байхад хөдөлмөрч, зөв амьдралын хэвшилтэй залуус  зөндөө байна. Одоо бас хүмүүсийн харилцаа хэтэрхий “онлайн” болж, бие биентэйгээ уулзаж ярих нь багассан юм уу даа гэж боддог. Залуустаа хандаж зорилготой, шинийг  эрэлхийлж  байгаарай. Мөн өөрийнхөөрөө байх чухал шүү. Хүн болгоны ертөнц дахин давтагдашгүй байдаг.  Өөрийнхөө өвөрмөц  ертөнцийг бий болгоорой гэж хэлмээр байна.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан Х.Эрдэнэзаяа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш