logo
Амь өрссөн тулаан буюу хороолол дундах замаар “зорчсон” минь

Амь өрссөн тулаан буюу хороолол дундах замаар “зорчсон” минь

2012/09/18
Муу ёрлолоо гэж зэмлэх хэрэггүй. Энэ бодит амьдралын нэгэн томъёолол болчихоод байна. Харин энэ мэт жижиг юм шиг хэрнээ багагүй уршигтай асуудалд анхаарал хандуулдаг, олж хараад шийддэг, дарга, түшмэл олдох янзгүй. Тиймээс ч өдөр бүр амиараа дэнчин тавьж, ажил сургуульдаа явдаг хорооллынхны нэгэн зовлонгоос олж харснаа хөндөх гэсэн юм. Яг үнэндээ гаднаа гяланцаг, дотроо пяланцаг нийслэлийн нийтлэг өнгө гэж ойлгоход буруудахгүй. 
Монгол хүн бүр үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ эдэлж, аюулгүй эрүүл орчинд амьдрах үүрэгтэй юм. Энэ эрх үүргийг хуульчилж өгснөөр Долгор эмээ өглөө эртлэн босоод, өглөөний цэвэр агаарт гарангаа, цайныхаа балга сүүг асуудалгүй аваад орохыг хэлдэг байх. Бяцхан үрс ааж ээждээ үнсүүлээд хичээл сургуульдаа энх тунх яваад, эрдэм өвөртлөөд ирэхийг хэлэх байх. Иргэн бид цаг нартай уралдан хуулиар зөвшөөрөгдсөн өдрөө машинтай нь машинаараа, машингүй нь нийтийн тээврээрээ ажил албандаа хүрч, талхныхаа мөнгийг олох үүргээ биелүүлэхийг хэлдэг байх. Харин өнөөдөр байшин хороолол гэж нэрийддэг, соц нийгмийн үед баригдсан хорооллын иргэд энэ хуулиас гадуур нийтийнхээ эрх ашгийн төлөө өдөр бүр амьд үлдэх тулаанд орж байна.
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах үүднээс олон арван арга хэмжээг давхардуулан хоёр сарын турш авч хэрэгжүүлж байгаагаас үүдэлтэй юм. Дээрх арга хэмжээ үр дүнгээ харьцангуй сайн өгч байгаа ч тэр хэмжээгээрээ саарыг дагуулаад байгаа нь бодит үнэн болжээ. Ер нь аливаа үйлийг бүтээхэд эерэг сөрөг тал аль аль нь гардаг. Тэр ч утгаараа замын хөдөлгөөнийг цэгцэлж, нийтийн эрх ашигт нийцүүлэх гээд нэг хэсэг иргэдийнхээ эрх ашгийг уландаа гишгэчихээд давхиад байна бид.
Нийслэлийн Баянзүрх 200 мянга гаруй хүн амтай, нийслэлийн том дүүргүүдийн нэг. Энэ дүүргийн гол онцлог нь гэр хорооллын болон байшин хороолол холимог, хөдөө орон нутгаас шилжиж ирсэн иргэдийн суурьших талбар болдог гэх мэт онцлогуудтай. Байшин хороолол нь Соц нийгмийн хот төлөвлөлтөөр төв зам дагуу баригдсан. Түүнчлэн байрнуудын голоор нэвт гарах засмал нэг эгнээ бүхий замтай. Энэ хорооллын байр хоорондох замын үүрэг нь тухайн байранд амьдарч буй иргэдийн эдэлгээнд орох учиртай. Саяхныг болтол иймэрхүү үүргийг бараг л гүйцэтгэдэг байсан. Харин одоо бол нийслэлийн төв замын нэгээхэн хэсэг болчихоод байна. Үүнээс болоод тухайн хорооллын иргэдийн амьд явах баталгаа алдагдахын сацуу гэрийнхээ үүдэнд ирчихээд түгжрээд орж чаддаггүй хүндрэлд ордог болжээ. Тус дүүргийн зүүнээс баруун тийш чиглэх урсгал Кино үйлдвэрийн уулзвараас эхлээд эрс нягтарч эхэлдэг болоод удаж байна. Энэ нь замын эвдрэл, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй замын засварын ажил, дээр нь нэмээд төв замын 1-р эгнээг зөвхөн нийтийн тээвэрт зориулан чөлөөлсөнтэй холбоотой. Тиймээс үлдсэн хоёр эгнээндээ чийчаанууд нь багтахаа больчихсон, дээр нь там шиг замаар явж, машин тэргээ эвдэх эрсдэлд оруулах хүн ховор байгаагаас хороолол дундах замын ачаалал хэрээс хэтэрч байгаа хэрэг. Мэдээж яаруу сандруу, омог бардам, хүний доор орох сонирхолгүй, мөнхөд урд нь гарч дүүлэх сонирхолтой бас дээр нь ганцаараа амьд яваа юм шиг хувиа бодсон зантай Монголчууд нэгдүгээр эгнээнийхээ орон зайг хороолол дундах замаар нөхөж эхэлсэн нь бас нэг шалтаг. Төв зам гэрлэн дохио, цагдаагаар зохицуулагддаг бол хорооллын дундах замыг хэн ч зохицуулахгүй, цэвэр жолооч нарын ухамсрын түвшингээр урагшлах нягууртай. Төв замыг хот, улсаас төсөв гаргаж засдаг, хорооллын замыг бол хэдэн арван жилдээ тоож, өөд татах газаргүй. Тиймээс л гэртээ харих гээд орцнхоо үүдэнд түгжрэлд орж, хоёр цаг гацаж байгаа юм. Оргил ачааллынх нь үед хөл хурдтай, хөнгөн шингэн биш л бол дайрагдах аюултай. Дайруулдаггүй юмаа гэхэд омог ихтэй нэгэнд нь “хүрэлсүхдүүлэх” бол энүүхэнд.
Кино үйлдвэрийн баруун хойд талд байрлах есөн давхар байрнуудын дундуурх хорооллын замаас эхлээд Жуковын музейн болон Хаан банкны арын гэсэн хоёр замаар нэвт явсаар Гялс төвийн уулзвараар гарч төв замтайгаа нийлнэ. Энэ бол Баянзүрх дүүргийн төв зам дагуух хорооллын замын ерөнхий сүлжээ. Энэ сүлжээ өглөө ажил эхлэх, өдөр, цайны цаг, хичээл сургууль тарах, орох, орой ажил тарах, цаашлаад үдшийн бүрий болж, хөдөлгөөн татрах хүртэл үргэлжийн ачаалалтай байх бөгөөд үүнээс болоод баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцож байгаа хэн ч нэвтэрч чадахгүйд хүрчдэг. Өөрөөр хэлбэл зүүнээс баруун тийш нэг урсгалаар машинууд цувдагаас тэр. Энэ хооронд байрлах шинэ хуучин орон сууцнуудын болсон болоогүй чийчаантай, нэг бол такси унаагаар тав арван хил ногоо махаа чирээд харьж буй Дорж гуай нарт явах хориотой зам болж хувирна. Хэрэв явахаар зүтгэвэл, урсгал сөрөх болчихоод, сайн дураараа түгжрэл үүсгэсэн, нийтийнхээ эрх ашгийг боддоггүй хувиа бодсон мал, нохойгоороо дуудуулан, арай л балбуулчихгүй. Тансаг машин хөлөглөчихөөд гудамжны архичингаас ч дор аашилж, дэвсэлж ална, дайраад хаячихна гэдэг хүмүүс бол захаас аваад гарна, адилхан түгжирчихээд байж. Өглөө эрт сүүндээ гарсан эмээ гурван метрийн цаана байгаа сүү зардаг дэлгүүр рүүгээ орно гэдэг эрлэгийн элчтэй уулзуулчих хаалга болчихоод байдаг учир дэмий саравчлан суугаа дүр төрх өдөр бүр үзэгдэж байна. Яагаад гэвэл хөгшин настай хүн тасралтгүй цувах машины хурдаас илүү хурд хийж замын цаана гарч чадахгүй болохоор тэр. Ямар гэрлэн дохио байх биш. Байрныхаа гадаа тоглодог хүүхэд гэж байхаа больсон, нэг бол заавал нэг харгалзагчтай агаар амьсгална. Хэн үр хүүхдээ тансаг машины дугуйны нөхөөс болгохыг бодох вэ дээ. Харин албан ажил эрхэлдэг, Дулмаа Дондог нар бол сохрын газар сохор байж, алалцаж, хэрэлдэж, чихцэлдэж байж хорооллынхоо замын урсгалд орно, орж чадахгүй бол шингэрэхийг нь хүлээж ажлаасаа хоцрох эрсдлийг хүлээнэ. Дээр нь хэн боловч байрныхаа орцноос гаруут хамрыг нь шүргээд өнгөрөх машин цувж байгаа гэдгийг байнга санаж, сигналтай гарч орох ёстой. Боломж нь байвал хар хурдаараа замаа гараад гэрийнхээ үүдэнд очсон үедээ аюулаас энэ удаадаа мултарсанд тооцох хэрэгтэй. Энэ байдал маргааш үргэлжлэх тул болж өгвөл олон гарч орохгүй хүнс, энэ тэрээ ахиу хэдэн хоногоор базаахыг илүүд үзсэн дээр болж байна.
Энэ мэт байдал ганц Баянзүрх дүүрэг ч бус бүх дүүрэгт ижил байгаа. Тэр ч бүү хэл Баянгол дүүргийн 13-р сургуулийн арын замд хүүхэд дайруулсан эмэгнэлт хэрэг саяхан гарсан ш дээ. Гэтэл тэр зам чинь хорооллын дундах замтай ижил статустай байсан гэдгийг хэн ч дурдахгүй өнгөрдөг нийгэм юм билээ. Ингээд тоочоод байвал  бухимдал дагуулсан олон асуудал бий. Хамгийн гол наад захын эрүүл аюулгүй орчинд амьдрахад нөлөөлөх ийм л асуудлыг шийдээд өгчихвөл бусад нь аандаа болох мэт. Шинэ хотын дарга маань сонгогдсон даруйдаа олон талт арга хэмжээгээ авах үедээ “нэг хүүхэд эрүүл аюулгүй орчинд хичээлдээ явж болно биз дээ” гэж ирээд хийх ажлаа сайшаалгах гээд байсан санагдана. Тэгвэл нэг хүүхэд биш 200 мянга гаруй хүүхэд хөгшид нийлсэн иргэдийн амьдралд жижигхэн шийдвэр гаргачихад шийдэгдэх асуудал энэ байна.
Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг хотын дарга Замын цагдаагийн удирдлагад хурууныхаа үзүүрээр дохиход л бүтэх ажил. Учир юу хэмээвээс Баянзүрх дүүргийн зүүнээс баруун тийш урсгалын машинууд хорооллын замыг эзэгнээд байгаа бол баруунаас зүүн тийш чиглэх хөдөлгөөн нь энэ хорооллын замаар огт явдаггүй. Яагаад гэвэл эсрэг урсгалыг нэвтэрч байж орох учраас. Тиймээс байрны хооронд замыг нэг чигийн урсгалд оруучихвал нэг мөр шийдэгдэх мэт. Өөрөөр хэлбэл Замын цагдаагийнхан хорооллын дундуур явж буй замуудыг Зүүнээс баруун тийш явах чигт орох хориотой тэмдэг тавиад л шийдэгдэнэ. Түүнчлэн “Гялс” төвийн уулзварт ганцын зэрэг гэрлэн дохио байрлуулчихвал зоргоороо дайрч, эсрэг урсгалаа түгждэг эрхэм жолооч нарыг журамлачихна гэсэн үг. Ёстой битгий давар гэж байгаа бол замын хоёр талд хаалт хийгээд, дайрч өнгөрч байгаа машинаас татвар авдаг болчихож бас болно ш дээ. Ямар ч байсан эрхэм засаг дарга, замын цагдаагийн удирдлага, дүүргийн засаг ноён та бүхэнд энэ бодит аюулыг сонордуулъя. Бас энэ нөхцөлд та яах байснаа бодит амьдрал дээр нь нэг өдөр яваад биечлээд үзчихэд гэмгүй болов уу. 
Ер нь бол дээр хэлсэнчлэн нэгхэн дүүргийн, ганц хорооллын асуудал биш гэдгийг дахиад сануулъя. Хан-уул дүүрэгт амьдардаг нэгэн мөн л ийм зовлонтой байраа зараад нүүдэг дээрээ тулах хүртлээ бухимдсан байсан. Баянгол дүүрэгт гарсан аймшигт осол үүнээс үүдэлтэй гээд тоочоод байвал мундахгүй шүү. Эцэст нь хэлэхэд, нэгийг нь сайжруулах гэж нөгөөгөө дордуулдагаа хөсөр хаяад асуудлуудыг цогцоор нь шийдээд сурчихмаар байх юм. Нуухыг нь авах гээд сохолсон нүдэндээ хөнгөн мэс ажилбар хийгээд хараа оруулчихвал нийслэлийн удирдалагад шинэчлэл хийж чадна, цаашдаа сайн засаг байна гэж итгэе. Түүнээс арзайтал суучихаад талцаж, хэрэлдээд гаргасан шийдвэрийнхээ алдаа оноог дэнсэлж хяналт тавихгүйгээр яваад байвал Баатар нь байна уу, барлаг нь байна уу хэн ч адил гэдгийг бас дуулгая.
Э.Болор
SHUUM.MN

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш