Сирийн чөлөөт арми ерөнхийлөгч Башир Асадыг амьдаар нь юмуу үхсэн ч байсан хамаагүй тус хүчнийхэнд тушаасан хүнд 25 сая ам. долларын шагнал өгөхөөр амлажээ. Армийн захирагчдын нэг Ахмет Хижази Сирид болон гадаадад ажиллаж, армийг дэмждэг Сирийн бизнесменүүд энэ мөнгийг өгнө гэжээ. Өнгөрсөн наймдугаар сар Сирид зэвсэгт ажиллагаа эхэлснээс хойшхи хамгийн их цус асгаруулсан сар болжээ. НҮБ-ын Ойрхи Дорнодын энхийн зохицуулалтыг хариуцсан тусгай зохицуулагч Роберт Серри Аюулгүйн Зөвлөлийн хуралдаан дээр ингэж мэдэгдсэн байна. Байлдааны ажиллагааны цар хүрээ тэлж, бүх томоохон хотыг хамарчээ. Хотын хорооллуудыг хүнд их буугаар буудаж, бас нисэх онгоцоор дайрч байна. Үүний зэрэгцээ зэвсэгт сөрөг хүчнийхэн улам идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж НҮБ-ын төлөөлөгч дурджээ. НҮБ-ын үзэж байгаагаар, зөвхөн наймдугаар сарын сүүлчийн долоо хоногт гэхэд л тус оронд 1600 хүн алагдаж, мөргөлдөөн эхэлснээс хойш амь үрэгдэгсдийн тоо 20 мянгад хүрсэн байна. Харин Засгийн газар амь үрэгдэгсдийн тоо үүнээс хамаагүй цөөн 7-8 мянга гэжээ. Харин сөрөг хүчний төлөөлөгчид 25 мянга гэсэн тоо дурдаж байна. НҮБ-ын мэдээгээр тус орны 2,5 сая гаруй хүнд хүнсний бүтээгдэхүүн, эн тэргүүний хэрэгцээт бараа, эм бэлдмэл шаардагдаж байгаа ажээ. Сирийн 250 мянга гаруй иргэн хүчирхийллээс дайжин хөрш Ирак, Иордан, Ливан, Туркийн нутагт орогнож байна. Роберт Серрийн мэдээлснээр наймдугаар сард дүрвэгсдийн тоо 100 мянгаар нэмэгджээ.