logo
Хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдлаа

Хууль тогтоомжийн хэрэгжилт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг шалгах Ажлын хэсэг байгуулагдлаа

2012/09/20
Сүүлийн үед нийслэлд баригдаж буй барилгын ажлын явцад хүний амь нас эрсдэх, гэмтэх, ноцтой хэрэг зөрчил удаа дараа гарч байгааг харгалзан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг үндэслэн УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаснаар Барилын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд, тэдгээртэй холбоотой бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгаж, санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулагдлаа. Тус хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн  Ж.Батзандан, гишүүд болох О.Баасанхүү, С.Ганбаатар нар энэ талаар өчигдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
УИХ-ын 7 гишүүнээс бүрдсэн Ажлын хэсэгт дээрх гишүүдээс гадна Х.Болорчулуун, Д.Ганбат, Ж.Батсуурь, Г.Баярсайхан гэсэн УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн төлөөлөл багтсан бөгөөд шалгалтыг есдүгээр сарын 18-наас 10 дугаар сарын 1-ний дотор хийж гүйцэтгээд 10 дугаар сарын 5-ны дотор УИХ-д танилцуулах аж.
Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзан ярихдаа “Монгол Улсын Үндсэн хуулийн 2-16-д хүний эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлыг тусгасан нь хоосон уриа лоозон бус, хүний амьд явах эрхийг баталгаажуулж, өдөр бүр шинэ шинэ агуулгаар баяжиж байдаг амин сүнс болсон заалт” болохыг тэмдэглээд сүүлийн үед хүний амьд явах, эрүүл, аюулгүй орчинд аж төрөх баталгаа алдагдаж, эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал удаа дараа гарч байгаа тул хариуцлага алдсан, хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх ёстой гэв. Тэрбээр  “зах зээлийн эдийн засгийн сул тал  болох зэрлэг капитализмтай тэмцэх энэхүү ажлаа МХЕГ-ын дарга Р.Содхүү болон хүний амь нас хохироож буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагатай хариуцлага тооцохоос эхэлнэ” гэж мэдэгдлээ.    
 Ажлын хэсгийн гишүүн О.Баасанхүү “Цөөн хэдэн хүн зөвшөөрөлгүй, дур мэдэн барилга бариулж байгаа нь хүний амь насыг эрсдэлд оруулж байна. Улирлын чанартай, цаг нартай уралддаг бүтээн байгуулалтын ажил гэдгийг нь ойлгож байгаа ч хууль зөрчих ёсгүй юм. Хүмүүс гэмт хэрэгтгнээс айдаг байсан бол одоо гэртээ сууж байж айдаг боллоо. Барилга барих зөвшөөрлийг нь авахад бэрх байдаг болохоор эхлээд барилгаа бариад зөвшөөрлийг нь араас нь авдаг юм байна. Зөвшөөрөл өгсөн хүнийг нь  шалгахаас гадна тэр барилгын ажилд хяналт тавих ёстой. Үүний тулд УИХ-аас Ажлын хэсэг байгуулж байна” гэв. Харин С.Ганбаатар гишүүн хэд хэдэн санал хэлэхдээ  “Хууль бус үйл ажиллагааны хохирогч болсон жирийн хүмүүсийн төлөө төр хариуцлага хүлээх ёстой. Төрийн буруутай үйлдлээс болж хүн хохирох ёсгүй. Монгол Улс зах зээлийн эдийн засагт ороод 20 жил болж байна. Зах зээлийн нийгэм хоёр зүйлд, тухайлбал, хүн, байгаль хоёрт халгаатай, тэгэхдээ хүнд ихээхэн халгаатай байдаг. Эдийн засгийг зах зээлээр хангахын оронд Монголын нийгмийг зах зээл дээр гаргаад тавьчихсан. Хөдөлмөрийн аюулгүй, байдал, эрүүл ахуйн хуулиудад заасанчлан хариуцсан нутаг дэвсгэрт нь хууль бус барилга баригдаж буй аймаг, дүүргийн засаг дарга нарт эн түрүүнд хариуцлага хүлээлгэх ёстой, улмаар мөнгө олж бизнес хийж буй аж ахуйн нэгжийн эзэд, тэгээд мэргэжлийн хяналтын улсын байцаагч нартай хариуцлага тооцох ёстой. Энэ талын хуульд тогтоомжид өөрчлөлт оурулахад ч УИХ анхаарч ажиллах учиртай. Үүний тулд манай Ажлын хэсэг өнөөдрөөс ажлаа эхэлж  байна” гэв.
Ажлын хэсэгт мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлэх дэд хэсэг 2 чиглэлээр ажиллах бөгөөд үүнд барилга, хот байгуулалтын чиглэлээр 3 хүн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мөн 3 хүн, дээр нь УИХ-ын НББСШУБХ-ны зөвлөх багтаж байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш