logo
Хохирогчийн ээжид таван сая төгрөг өгсөн гэх асуудлыг шүүгчид хэрэгссэнгүй

Хохирогчийн ээжид таван сая төгрөг өгсөн гэх асуудлыг шүүгчид хэрэгссэнгүй

2012/09/20
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэй хүний нэр төрд халдсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр хэлэлцлээ.
Уг хэрэгтэй холбоотой шүүх хурал анхан болон давж заалдах шатны шүүхээр нийтдээ тав дахь удаагаа хэлэлцэгдэж байгаа нь энэ юм. Сэтгүүлч Д.Болормаагийн нийтэлсэн материалын дагуу “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрд нь халдсан хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан.
Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, сэтгүүлчийг цагаатгаж мөн оны арваннэгдүгээр сарын 15-нд болсон Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас хэргийг анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэжээ.
Өмнөх шүүх хурлуудад “Мон-Уран”-ы захирал Б.Наранхүү нэг ч удаа оролцоогүй юм. Харин энэ удаа УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн биеэр шүүх хуралд ирсэн. Гэтэл өмнөх шүүх хурлуудад Б.Наранхүүг буруутай гэж үзэж байсан хохирогч охины мэдүүлэг энэ удаа эрс өөрчлөгдсөн байна.

Хохирогчийн ээжид таван сая төгрөг өгсөн гэх асуудал

Тодруулбал, Б.Наранхүүг биш гэж сэтгүүлч Д.Болормааг буруутгахад чиглэгдэж байв. Хохирогчийн ээжид таван сая төгрөг өгөх гэсэн асуудал гарсан талаарх баримт мэдээллийг гаргаж тавьсан ч шүүгчид хэрэгс­сэнгүй.
Тухайлбал, гэрчийн ээж нь Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны байцаагчаас “Өмгөөлөгч Н надад мөнгө өгье гэсэн. Би аваад эмчилгээндээ хэрэглэчих үү” хэмээн асууж байсан тухай мөрдөн байцаалтын тэмдэглэлд үлджээ. “Дүнжингарав захын захирал Н гэдэг хүнийг зурагтаар хараад манай охин уйлж байсан” хэмээн мэдүүлж байсан ээжийн үг өчигдрийн шүүх хурлын мэдүүлэгт “Манай охин андуурч ярьсан байсан” хэмээн шинэчлэгджээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүү өөрийн биеэр “заларсан” шүүх хурлын шийдвэрийг гаргахад шүүгчид ердөө л гурван минут зарцуулжээ.
Гурван хавтаст хэрэг бүхий дөрвөн цаг үргэлжилсэн шүүхийн хэлэлцүүлгийн дүнг гурван минутын дотор гаргаж байгаа нь урдаас бэлтгэгдсэний шинж хэмээн үзэж байгаагаа өмгөөлөгч Ц.Монгол онцлов.
Шүүхээс Д.Болормааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгох шийдвэр гаргасан бөгөөд Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монгол “Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байсан анхны хурлаар сэтгүүлчийг цагаатгасан. Харин энэ удаа торгох шийдвэр гаргалаа. Бид энэ шийдвэрийг эсэргүүцэж байна. Давж заалдана” гэв.
Сэтгүүлч Д.Болормаа: “Шүүх хурлын процессоос харахад эхнээсээ л намайг буруутгах гэсэн ганцхан зорилготойгоор прокурор, шүүгчид хандаж байгаа нь илт анзаарагдаж байсан. Би шударга ёсны өмнө ялагдаагүй, харин мөнгө, эрх мэдлийн өмнө ялагдаж байна” гэлээ.
Нэхэмжлэгч Б.Наранхүү: Сүхбаатар дүүргийн шүүхийн өмнө хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө “Би өмнө нь олон удаа сонин хэвлэлээр гүтгүүлж, муухайгаар хэлүүлж, чичлүүлж байлаа. Тэр бүхэнд би чимээгүй явдаг байсан. Намайг худал хэлж хүн луйвардсан, банк дампууруулсан мэтээр бичсэн. Эдгээр мэдээлэл энэ удаагийн хэргээс өөр асуудал.
Англи цахим хуудаст хүртэл Б.Наранхүү өсвөр насны охидыг 400-500 ам.доллараар зардаг гэсэн мэдээлэл явж л байгаа. Надтай холбоотой газрын маргаантай асуудал байхгүй. “Анод” банкнаас би зээл авсан. Төлөөд дууссан. Энэ хэргийн талаар шүүх албан ёсоор өргүй, буруугүй гэдгийг тогтоогоод УИХ-д өрсөлдөх эрхийг өгсөн шүү дээ. Яах вэ, би банк дампууруулсан л юм байгаа биз. Би үүнд их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ “Анод” банктай холбоотой мэдээллийн дагуу би бас шүүхэд хандана. Би өөрийгөө “Анод” банкийг хөгжиж дэвжихэд хувь нэмрээ оруулсан гэж боддог” хэмээж байсан.
Түүний ярианаас үзэхэд Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэйгээр “Анод”-ын асуудлаар бичсэн сэтгүүлчид шүүхэд удахгүй дуудагдах бололтой. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш