logo
Осол гаргасан компанийн захирал Н.Баяртсайхан утсаа унтраагаад “Алга” болжээ

Осол гаргасан компанийн захирал Н.Баяртсайхан утсаа унтраагаад “Алга” болжээ

2012/09/20
Зургаан давхраас унасан хоёр залууг Гэмтэл согог судлалын үндэсний төвд 14:00 цагийн үед аваачжээ.  Бид тус эмнэлэг дээр 14:30 цагт очиход осолд орсон залуусийг эхогоор оношлохоор үзлэгийн өрөөнд оруулсан байв. Уг өрөөний хаалгыг нээхэд 30 орчим насны улаан цамцтай залуу /Бат-Эрдэнэ/ нэлээд зовиуртай байдалтай эмнэлгийн зөөврийн орон дээр хэвтчихсэн, хажууд хөл хүнд эхнэр н.Соёлмаа нь уйлсан зогсч байх юм. 

Хүний нүдэнд ил харагдах цус гарсан, хөл гар нь хугарсан шинжгүй. Гэхдээ маш их өвдөж байгаа нь илт мэдэгдсэн. Барилгын зургаан давхраас уначихаад ухаан ч алдаагүй, эхнэрийнхээ дэргэд араагаа зуун өвчнөө дарж байгаа нь монгол эр хүний хадтайг харуулах аж. Гэтэл цонхны ойролцоо байсан орон дээр ногоон өнгийн хөнжлөөр хучсан нэг хүн "ёо" гэж дуугарахгүй атлаа хоёр тийшээ хөрвөөж, атирч байлаа. Нүүрээ харуулаагүй ч тэр барилгаас унасан хоёр хүний нэг нь гэж хажууд нь утсаар ярьж байсан найз нь хэллээ.

"Үлэмжийн төгс" гэх компанитай барилгын дотор засал хийхээр гэрээ байгуулан ирсэн таван залуугийн хоёр нь ийнхүү осолд оржээ. Тэднийг н.Хосбаяр /19 настай/, н.Бат-Эрдэнэ /29 настай/ гэдэг. Осол болох үед дээрх хоёр залуу троссоор татсан подем дээр зогсон ажлаа хийж байжээ. Гэтэл гэнэтхэн тросс тасарч газарт унасан байна. "Түргэн тусламжийн машин цаг алдалгүй хурдан ирсэн" гэж цуг ажиллаж байсан н.Галбадрах хэмээх залуу хэлж байсан юм.

Тэрбээр цааш нь "Бид нар тавуулаа энэ компанид дотор засал хийхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа. Гэтэл ийм золгүй юм болчихлоо. Бид ажилаад нэг cap гаруй болж байна" гэлээ. Энэ үеэр эмчилгээг нь хариуцаж байгаа их эмч Б.Батболдоос өвчтөнүүдийн биеийн байдал ямар байгаа талаар асуухад "Одоогоор шинжилгээний хариу гараагүй болохоор яг ямар гэмтэл авсан гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Сая зурганд оруулсан удахгүй хариу нь гарах байх. Гадна талдаа хугарсан, гэмтсэн зүйл байхгүй ч нуруундаа нэлээд хүнд бэртэл авсан байж болзошгүй. Мөн дотор хүнд бэртэл авсан байх магадлалтай" гэлээ.

Тэд сүүлийн хэдэн хоног гэртээ ч харилгүй барилга дээрээ байрлан ажиллаж байжээ. Учир нь захиалагч компаниас ажлаа түргэвчлэхийг шаардаж байсан гэнэ. н.Бат-Эрдэнийн эхнэр н.Соёлмаагийн хэлснээр "Манай нөхөр гэртээ хэд хоног ирээгүй. Уг нь маргааш цалингаа буухаар нэг мөсөн очно гэж байсан юм" гэв. Тэгтэл "Та нар хүний эрхийг ингэж зөрчиж болохгүй шүү дээ. Сэтгүүлчдэд яриа битгий өг. Бүгдээрээ энэ өрөөнөөс гарцгаа" гэж нэлээд чанга дуугаар 30 гаруй насны нэг эмэгтэй орж ирж хэлэв.

Чухам эл ширүүн эмэгтэй, мөн цуг ирсэн 40 орчим насны эр "Үлэмжийн төгс" гэх өнөөх захиалагч компанийх нь эзэд гэнэ. Эрэгтэйг нь тус компанийн захирал н.Баяртсайхан гэдэг бөгөөд биднийг явсны дараа "Тэд гарч яваад утсаа унтраагаад алга болчихлоо" хэмээн эх сурвалж хэлэв. Ямартай ч орой дугаар шилжих мөчид осолд орсон хүмүүсийн шинжилгээний хариу нь бүрэн гараагүй байгаа гэх мэдээллийг Гэмтэл согог, судлалын үндэсний төвөөс ирүүлсэн юм.

Л.Баатархүү


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш