logo
 Хүний аминд хүрсэн сэжигтэн хаана явна ?

Хүний аминд хүрсэн сэжигтэн хаана явна ?

2012/09/21
Гэнэтийн осол, аваараас амиа алдсан иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч ард түмэнд  амьд явах баталгаа үгүй болжээ. Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Хөх толгой хэмээх газарт нутаглаж байсан малчин Б.Отгонтулгын гэрийг согтуу этгээд дайрч дөрвөн хүний аминд хүрсэн. Эл явдлаас хойш арав гаруй хоног өнгөрчээ. Харин хэргийг хэрхэн шалгаж, хэн гэгч хүний аминд хүрснийг олон нийтэд мэдээлсэнгүй. Гэгээн цагаан өдөр тал газарт нутаглаж байсан айлыг тавхан хормын дотор хүйс тэмтэрнэ гэж хэний ч санаанд орохгүй. Гэмт этгээдийг Д.Алтангэрэл гэдэг. Тэрбээр Австралийн хөрөнгө оруулалттай  “Terra energy” ком­панийн ажилтан гэх. Өдгөө 35 настай нэгэн. Түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх мэдээлэл бий. Албан мэдээллээс үзвэл, түүний согтолтын хэмжээ 0.35 гарсан аж. Архи амссан л бол машин барьж болохгүй гэх дүрэм түүнд үйлчилдэггүй бололтой. Сэжигтэнг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж буй ч хэрэг нь хэрхэн шийдэгдэх нь тодорхой бус байна. Учир нь тус сумын иргэд “Энэ хэрэг ингээд өнгөрөх вий” гэсэн айдастай сууна.

 Ослоор ээжүүдийгээ алдсан зургаан хүүхдийн элэг нь эмтэрч, нааш харсан нэгнийг царайчилж хүний гар харж суугаа. Осол гарсан өдөр Б.Отгонтулгынх хадлангаасаа буцаж явахдаа гэрээ барьж ахан дүүсээрээ цайгаа ууж суусан гэнэ. Гэтэл “Ланд ровер” маркийн 72-81 УНИ улсын дугаартай  машин гэрийг нь зүглэн ирж явааг харж  гэрийн эзэд “Айраг асуух гэсэн хүмүүс байх аа” хэмээн тайвширсан аж.  Гэтэл “нүд ирмэх зуур” гэрийг нь дайрч гурван том хүн, нэг хүүхдийн аминд хүрсэн аж. Талийгаач болох Н.Бадамлянхуацэцэг  нь 1976 онд төрсөн. 1993 онд хоёрдугаар  10 жилийг, 2006 онд “Засагт хан” дээд сургуулийг  төгсчээ. Түүнийг  нутгийнхан нь “Намуун” зоогийн газар, “Таван эрдэнэ” малчны нөхөрлөлөөр нь андахгүй гэнэ. Тэрээр хайрт хань охиноо үлдээгээд 10 настай хүүтэйгээ энэ ертөнцөөс явжээ. Харин Б.Алтанзул нь  Баяндалай суманд төрсөн. Хохирогч Д.Алимаа нь 1975 онд Ханхонгор сумын  Мандах багийн  нутагт мэндэлжээ. Ханхонгор сумын найман жилийн сургуулийг 1991 төгсч, Налайх дүүргийн техникийн лицей сургуулийг төгссөн аж.

ХЭРЭГТЭН ХЭН БАЙВ

Дөрвөн хүний аминд хүрсэн этгээдийг Бумбааш овогтой Алтан­гэрэл гэх. Эх сурвалжийн мэдээлснээр  “Terra energy” компанийн туслан гүйцэтгэгч “Polaris” компанийн  ажилтан аж. Тэрбээр гэмт хэрэг үйл­дэхээсээс өмнө тухайн нутаг хэд хоногийн турш тэнүүчилсэн гэнэ. Улмаар айл, өрхүүдээр орж архи, дарс нэхэн хононо хэмээн айлган сүрдүүлж байсныг нутгийн иргэд гэрчлэв. Түүнд Эрүүгийн хуулийн 215.3 зааснаар хэрэг үүсгэн шалгаж буй юм. Уг зүйл ангид “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл онц их хэмжээний  хохирол учирсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн  жил хүртэлх хугацаагаар хасч хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг  251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  торгох, эсхүл 5-10 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” хэмээн заажээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар энэ хэргийг санаатайгаар үйлдсэн хэмээн таамаглаж байгаа аж. Бидэнд ирсэн мэдээллээр хохирогчдын ар гэрийнхэнтэй компанийн удирдлагаас авахуулаад ажилчид нь ч яриагүй аж.

Б.ЧАНЦАЛ
Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш