logo
БНХАУ дахь АНУ-ын Элчин сайд руу халдав

БНХАУ дахь АНУ-ын Элчин сайд руу халдав

2012/09/21
Бээжинд болсон Японы эсрэг жагсаалд оролцогч 50 гаруй иргэн АНУ-аас БНХАУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Гари Локийн автомашин руу халдсан талаар "CNN" болон "Reuters" мэдээлжээ.

Халдлага болох үед Элчин сайд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй хэдий ч түүний унаж явсан автомашины гадар эвдэрсэн байна. АНУ-ын Элчин сайдын яамнаас уг халдлагатай холбогдуулан Хятадын Гадаад харилцааны яаманд захидал илгээсэн аж.

Захидалд "Дипломат ажилтнууд болон тэдний эд хогшлын аюулгүй байдлыг хангахыг Хятадын эрх баригчдаас шаардаж байна" хэмээжээ.

Жагсаал өнгөрсөн долоо хоногт Токио Дяоюйдао арлуудын маргаанаас үүдэн үүссэн бөгөөд арлуудыг Японы төрийн мэдэлд шилжүүлсэн учраас Японы эсрэг олон мянган хятадууд жагсаал зохион байгуулсан юм.

Хятад дахь Японы томоохон үйлдвэрүүдийг ирэх долоо хоног хүртэл түр хаахаар болсон. АНУ Японы холбоотны хувьд хятад иргэдийн уур бухимдлын хэсэг болж магадгүй гэж шинжээчид үзжээ.

Вашингтоны хувьд Дяоюйдао арлын асуудлаар Японы байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Улмаар Хятадтай харилцаагаа муутгахгүйн тулд арлын маргаанд чухал нөлөөтэй оролцохоос аль болох зайлсхийж байгаа бололтой.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш