logo
Барак Обама, Митт Ромни нар нэг тэрэгний хоёр дугуй

Барак Обама, Митт Ромни нар нэг тэрэгний хоёр дугуй

2012/09/24
“Topwar” сайтын сурвалжлагч Володин Алексейн нийтлэлийг товчлон хүргэж байна.  АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй гол хоёр өрсөлдөгч болох Барак Обама, Митт Ромни нарын хэн нь илүү вэ. Хэн нь АНУ-д үүсээд буй улстөр, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх чадвартай вэ. 
Үүнийг тодруулахын тулд Барак Обама өмнөх сонгуульд ямар уриатайгаар оролцож байсныг сонирхох нь зүйтэй байх. Эхлээд өнөөгийн Ерөнхийлөгчийн эдийн засгийн амлалтуудыг хөндье. Яагаад гэвэл АНУ-ын дотоод эдийн засаг сүүлийн үед сонгогчдын тавьдаг гол асуултын нэг болоод байгаа юм.
Өмнөх сонгуулийн кампанит ажлын үеэр Барак Обама “Ерөнхийлөгч Бушийн засаг захиргаа л улс орны эдийн засгийг мухардмал байдалд оруулсан” гэж мэдэгдсэн билээ. Тухайн үед ажилгүйчүүдийн тоо 25 саяд хүрч, улсын өр огцом өсч, зээлийн систем бүхэлдээ дампуурсан. Тиймээс эдийн засгийн шинэ бодлого явуулах шаардлагатай хэмээн Обама мэдэгдэж байв.
Түүнчлэн “Бидэнд өөрчлөлт хэрэгтэй” гэсэн уриа гаргасан нь Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн түүний төлөө саналаа өгөхөд хүргэсэн юм. Сонгогчид Бушийн эсрэг чиглэсэн үг, түүний үр дүнгүй бодлогыг гашуун үнэнээр нь мэдэрч, шинэ Ерөнхийлөгчтэй л болчихвол бүх зүйл өөрчлөгдөнө хэмээн харж байлаа. Ингээд Барак Обама Ерөнхийлөгчийн сэнтийд заларсан.
Гэвч Бүгд найрамдах намын гишүүн Жорж Бушийн үед явуулж байсан эдийн засгийн бодлого бахь байдгаараа үлджээ. “Буш л улс орноо санхүүгийн хямралд аваачсан” хэмээн мэдэгдэж, өмнөх засаг за­хиргаагаа далд ортол нь муулж явсан Обама яагаад улс орноо удирдах эдийн засгийн хөшүүргийг хэвээр нь үлдээх болов.
Энд нэг л зүйл төсөөлөгдөж байна. Обама хамтран зүтгэгчидтэйгээ эдийн засгийн томоохон шинэчлэл явуулах гэж оролдтол энэхүү шинэчлэлийн заалт бүхэн мухардалд оруулсан, эсвэл АНУ-ын эдийн засагт аль хэдийнэ бий болсон системийг дахин оролдох гэж байсан талтай. Эндээс “Юу ч хийсэн, пуужин болоод байх юм” гэдэг онигоо санаанд орж байна.
Бүгд найрамдахчуудыг засгийн эрхэнд байхад америкчууд эдийн засгийн хямралд автсан. Ардчилагчид солигдлоо ч эхний хямрал улам гүнзгийрч, хоёр дахь нь ойртож байна. Үүнээс харахад Ерөнхийлөгчдийг сольсноор Америкийн эдийн засаг огтхон ч дээрддэггүй аж.
Эдийн засгийн хямралаас өмнөхөн шинэ нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаараа хуучин Ерөн­­хийлөгч рүүгээ дайрч, тэрхүү дайралтыг АНУ-ын иргэд дэмждэг байсан. Харин өнөөдөр Ерөнхийлөгчийн ээлжит нэр дэвшигчдээ итгэсэн хүмүүсийг өөдрөг үзэлтэн хэмээдэг болжээ. Тэгэхээр эдгээр өөдрөг үзэлт­нийг Митт Ромни далбаандаа авсан гэсэн үг. Тэрбээр АНУ-д бий болсон эдийн засгийн хүндрэлийг даван туулах чадвартай, гол хүчин хэмээн өөрийгөө тодорхойлоод буй.
Гэхдээ Цагаан ордны тэргүүнээр Ромни солигдсон ч эдийн засгийн бодлого нь хэвээр үлдэнэ. АНУ-д яг ийм бодлого үеэс үед дамжин ирсэн. Үүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигчид дураараа шүүмжилсээр, Цагаан ордны тэргүүн болмогцоо эдийн засгийн шинэчлэл хийдэггүй аж.
Харин одоо өөр нэгэн асуудлыг хөндье. Энэ бол АНУ-ын гадаад бодлого юм. Цагаан ордны өнөөгийн тэргүүн өмнөх сонгуулийн үеэр АНУ-ыг дэлхийн хайр хүндлэл хүлээсэн улс болгоно гэж амласан. Тэрбээр Жорж Бушийн үед эхлүүлсэн бүх дайныг зогсоож, Гуантанамо дахь хорих, Европ дахь Тагнуулын төв газрын нууц шоронг хааж, холбоотнуудтайгаа шинэ харилцаанд орно гэж байсан.
Энэ амлалтыг өгөөд дөрвөн жил өнгөрлөө. Гэтэл “Жорж Буш” нэртэй савханцар Барак Обамад халдварласан бололтой. Жоржийн үед эхлүүлсэн цэрэг дайны ажиллагаа зогсоогүйгээр барахгүй америк­чуудыг нь үзэн яддаг улс орны тоо нэмэгдэв. Гуантанамо дахь хорих анги “хүмүүжүүлэх үйл ажиллагаа”-гаа одоо ч явуулсаар.
Хойд Африк, Ойрх Дорнодод ардчилсан хувьсгал эхлүүлснээс хойш Обамагийн өсч байсан нэр хүнд эрчимтэй унажээ. Үүнийг ч бүгд найрамдахчууд чадварлаг нь аргагүй ашиглаж байна.
Цагаан ордонд Бүгд найрамдах намын Буш эзэн суусан. Тэр үед харгис дайн дэгдэж, хүний, өөрийн хэдэн мянган цэрэг амиа алдсан. Дараа нь Ардчилсан намын Обама Цагаан ордонд орж ирсэн. Энэ тал дээр юу ч өөрчлөгдсөнгүй. Америкийн цэрэг дайны ажиллагааны улмаас дэлхийн янз бүрийн оронд хүмүүс амь үрэгдэж байна.
Тэгэхээр Обамагийн оронд Ромни Цагаан ордны эзэн боллоо ч АНУ-ын гадаад бодлогод ямар ч өөрчлөлт гарахгүй. Америкийн цэргүүд далайн чанадын орнууд руу “Ардчилсан өөрчлөлт”-өө хийхээр мордох л болно. Яг энэ тогтолцоо Ардчиллынхан ялсан ч, Бүгд найрамдахынхан ялсан ч өөрчлөгдөхгүй.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хэмнэх зорилгоор Ром­нибама, эсвэл Обаромни хэмээх нэг л нэр дэвшигчийн нэрийг бичиж болох юм. Энэ хоёр нэр дэвшигчийн бодлого хоорондоо ямар ч ялгаагүйгээс хойш... 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш