logo
Бага ангийн 206 хүүхдийн гэдэс хямарч, нэг хүүхэд эмнэлэгт хэвтжээ

Бага ангийн 206 хүүхдийн гэдэс хямарч, нэг хүүхэд эмнэлэгт хэвтжээ

2012/09/25

Энэ сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 34-р бүрэн дунд сургуулийн 1-5 дугаар ангийн 206 хүүхэд гэдэс нь хямарч, нэг хүүхэд эмнэлэгт хэвтсэн байна.

Бага ангийн хүүхдүүд ийнхүү олноороо өвдсөн нь үдийн цайнаас хордсон болов уу гэсэн таамгийг төрүүлээд буй бөгөөд тус сургууль 19-ний өдөр өгсөн хоолны дээжийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд хүргүүлээд байгаа аж.

Уг шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах бөгөөд хүүхдүүд үдийн цайндаа хордсон эсэх нь тодорхой болох юм.

34-р сургуулийн бага ангийн сургалтын менежер Ч.Оюунтүлхүүр:
-Үүнийг одоохондоо хордлого гэж хэлэхгүй. Хариу нь гарсны дараа ХӨСҮТ-ээс мэдээлэл авах боломжтой гэлээ.

Тухайн өдөр бага бүлгийн 358 сурагчаас 327 нь үдийн цайндаа хамрагдсан бөгөөд хүүхдүүдэд үзэмтэй будаа, байхуу цай өгсөн ажээ.

Тус сургууль “Үдийн цай хөтөлбөр”-т “Бамбууш” ХХК, “Сант нөмрөг” ХХК-тай хоёр дахь жилдээ ажиллаж буй бөгөөд долоо хоногийн гурван өдөр халуун хоол цайгаар хангадаг юм байна. Бүтээгдэхүүн хүргэлтийн хувьд өдөр өдөрт нь шинэ хүнсээр хангадаг болохыг тус сургуулийн эмч Ц.Оюунгэрэл ярьж байлаа.

А.Сүрэн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш