logo
Сайд нарыг төрийн бус мэдээллийн хэрэгсэлтэй харьцахыг хориглолоо

Сайд нарыг төрийн бус мэдээллийн хэрэгсэлтэй харьцахыг хориглолоо

2012/09/25
Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа Засгийн газрын гишүүдээ төрийн мэдлийн бус мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхийг хориглосон шийдвэр гаргажээ. Энэ талаар “Telesur” суваг мэдээлсэн байна.
Корреа ийм алхам хийх болсон шалтгаанаа “Бид татвар төлдөггүй, авлигад идэгдсэн байгууллагуудад мэдээлэл өгөхгүй” хэмээн тайлбарлажээ.
Иргэдэд мэдээлэл хүргэхэд төрийн мэдлийн мэдээллийн хэрэгсэл хангалттай гэж Эквадор улсын тэргүүн үзэж байгаа юм байна.
Өнгөрсөн баасан гарагт Эквадорын шүүх “Fundamedios” төрийн бус сэтгүүлчдийн байгууллагын эсэргүүцлийг хүлээж аваагүй юм. Тэд сайд нарыг хувийн мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгөхийг хориглосныг эсэргүүцэн, шүүхэд ханджээ. Үүнийг шүүх Үндсэн хуулиар заагдсан хүний эрхийг зөрчсөн асуудал биш, Ерөнхийлөгч, Засгийн газар дотроо шийдвэрлэх ёстой асуудал гэж үзсэн аж.
Ер нь тус улсын Ерөнхийлөгч Рафаэль Корреа хувийн мэдээллийн хэрэгсэлд таагүй ханддагаараа алдартай. Тэрбээр “Universo” сонинд өнгөрсөн оны зун гарсан, 2010 оны эмх замбараагүй байдлын талаарх нийтлэлийг шүүхэд өгч, ялалт байгуулсан билээ. Уг нийтлэлд цэргийнхэн, цагдаа нарын тэмцлийн үеэр явуулсан Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг шүүмжилжээ.
Шүүхийн шийдвэрээр “Universo” сонины гурван эзэн, сэтгүүлч нь 30 сая ам.долларын торгууль, гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна. Харин тус сонины редакци 10 сая ам.долларын нөхөн олговор төлөхөөр болжээ. Хожим нь Корреа сэтгүүлчийг өршөөж, Дээд шүүхээс ялыг хэрэгсэхгүй болгосон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш