logo

"9911"-тэй дугаар барьсан хүн тэнгэрт нисч, сансарт дүүлдэг үү

2012/09/25

Цаг үеэсээ нэг алхам түрүүнд явах... эрхэм зорилготой “Мобиком” үүрэн телефоны анхдагч юм бол дэлхийн түвшинтэй хөл нийлүүлэн алхах ёстой Мобиком" корпораци хэрэглэгчдээ нэн тэргүүнд тавьж чадвал наанадаж ашиг орлого, цаанадаж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэх юм. “Мобиком"-ын тухай иргэд ямар бодолтой байгааг та бүхэнд хүргэе.

Мөнгөө нэмчихдэгийг нь ойлгодоггүй
Иргэн Т.Баянмөнх

"Мобиком"-ын тариф бусад үүрэн телефоны компаниудаас харьцангуй өндөр байна. Төлбөрөө хийх гээд урд өдөр нь шалгахад 90 мянга гарсан байдаг. Харин маргааш нь очоод төлөх гэхээр 100 мянга гараад явчихсан байх жишээтэй. Би үүнийг ерөөсөө ойлгоогүй. Иймэрхүү ойлгомжгүй байдлаа “Мобиком" болимоор байна.

“Мобиком”-ын тариф нь хэтэрхий үнэтэй
Иргэн Г.Түвшин

-Тариф нь хэтэрхий үнэтэй. Бусад үүрэн телефоны компаниудын үнэ хямд байхад анхдагчийнхаа хувьд “Мобиком" үнээ багасгаж болно шүү дээ. Өнөөдөр хэрэглэгчид аль болох хямд тарифаар ярихыг чухалчилж байгаа. Тиймээс “Мобиком” үнээ бууруулахгүй бол хэрэглэгчээ л алдана гэсэн үг.



Бусад компаниудын тариф хямдхан л байгаа шүү дээ
Иргэн Д. Мөнгөнцэцэг

Мобиком-ын үнэ дэндүү өндөр байна Бусад үүрэн телефоны компаниудын тариф хямдхан л байгаа шүү дээ. Тарифаа хямдруулбал хэрэглэгчдээ л тэлэх байх даа.



Хамгийн үнэтэй нь “Мобиком”
Иргэн Г.Насанжаргал

-Үнэндээ “Мобиком”-ыг үнэтэй гэдгийг хүн болгон л мэдэж байгаа. Сүлжээндээ 70 төгрөгөөр, бусад сүлжээнд 100 төгрөгөөр ярина гэдэг бол манай зах зээлд хамгийн үнэтэй нь шүү дээ.



“Миний туслах”-ын мессэж ирээд дуудлага алддаг
Иргэн Д.Даваасүрэн

“Мобиком”-ын тариф л өндөр болохоос биш уг нь дажгүй ш дээ. Гэхдээ заримдаа утас асаалттай байхад “миний туслах” -ын мессэж ирээд дуудлага алдах тохиолдол бий.

“Мобиком” иргэдийг мөлжих хэрэггүй
Иргэн Э.Саранжамц

“Мобиком”-ын дугаарыг гарсан цагаас нь барьж байна. Хүмүүс энэ дугаарыг мэддэг болохоор үнэтэй ч гэсэн хаяж чадахгүй юм. Заримдаа төлбөр нэмэгдээд гарчихсан байдаг. Цаг зав муутай болохоор тэр болгон заргалдаад байдаггүй.

Үүрэн телефоны анхдагч байж үнээ бууруулж болдоггүй юм байх даа
Иргэн Б.Батмөнх

Долоон жил мобикомын дугаар барьж байна. Үнэ тарифийн хувьд скайтелийг бодвол үнэтэй. Давуу тал ихтэй ч тариф нь өндөр байдаг нь харамсалтай. Үүрэн телефоны анхдагч байж үнээ бууруулж болдоггүй юм байх даа.


Твиттер”, “Facebook’’-т хүмүүс ийнхүү бичжээ

Өнөөдөр Монголын нийгэмд 9911-ээр гангарах гажиг үзэгдэл гаарч, үүнийг нь Мобикомынхон өөгшүүлж, “алтан, мөнгөн дугаарын худалдаа’’ гэх мэтээр хэрэглэгчдийнхээ толгойг угааж байна. Гэтэл 9911-тэй алтан дугаарууд дээд тал нь 2 өрөө байр, багадаа 10 сая төгрөгтэй дүйцдэг гэх. 9911 - тэй дугаар барьсан хүн тэнгэрт нисч, сансарт дүүлдэг юм байх. Ийм дугаараас залгаагүй бол том дарга нар утсаа авдаггүй ч гэх юм. Монголчууд бид моодыг арай л хэтэрхий дэлгэрүүлж, энэ моодондоо өөрсдөө ч ороогдож, боож үхэх дээрээ тулдаг нь үүний тод жишээ. 


...Мобикомын үйлчилгээг ашиглах ямар ч боломжгүй. Удаан, дээр нь үнэтэй. Мобикомынхон шинэ утас авсан хэрэглэгчиддээ “дата'' эрх бэлэглэж байгаа нь урамшуулал биш ор нэр төдий зүйл юм.

...”Аавгүй хүний толгой том" гэгчээр дээрээс нь дарамталж, болохгүй үед нь дорвитойхон үг хэлчихдэг. Болж бүтэж явахад л урмын үг хайрлачихдаг байгууллага байсан бол Мобикомынхон ингэж даврахгүй байсан. Монголд хамгийн олон хэрэглэгчидтэйгээрээ бусад хэрэглэгчийг дарамталж, сүүлдээ бүр луйвар хийсэн нь нотлогдоод ирсэн ч тус компанийн луйвар үүгээр дуусахгүй нь бололтой. Ер нь Мобиком-ын монополдох сүрдүүлэг нэлээн дээрээс эхлэлтэй. Долоо хоногт хэдэн тэрбумаар нь олдог байж, монголчуудын сэтгэлд таалагдсан үйлчилгээг явуулахгүй байгаа нь харамсалтай. “ Мобиком" арга ядсан барилаасаа салахгүй бол цааш өсөн дэвжих нь байтугай уналтад ч орж магадгүй. Хүмүүс ийнхүү ярьж байна. Мэдээллийн технологийн салбар гэрлийн хурдаар хөгжиж буй энэ цаг үед бусдаас түрүүлж явахгүй бол Мобикомын хэрэглэгчид өдрөөс өдөрт цөөрч мэдэх нь ээ.

Б.Заяа
Эх сурвалж:”Нийслэл Таймс”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш