logo
 ''Гранд плаза''-гийн цахилгаан тасраад дөрөв хонолоо

''Гранд плаза''-гийн цахилгаан тасраад дөрөв хонолоо

2012/09/25
“Гранд плаза”-гийн цахилгаан тасраад дөрөв хоногийг үдлээ. Цахилгаан нь тасарсан учраас тус үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага болон түрээслэгчид хохирон хэзээ ирэх нь үл мэдэгдэх цахилгаанаа хүлээсээр.

Анх уг байгууламж ашиглалтанд орохдоо түр тэжээлтэй хүлээлгэн өгсөн байна. Үүнийг нь Мэргэжлийн хяналтын газар үг дуугүй хүлээгээд авчихсан аж. Гэтэл "Грандплаза"-гийн цахилгаан тасарсантай зэрэгцэн цахилгааны асуудал анхнаасаа буруу байсан нь сөхөгдөж эхэлжээ. "Энэхүү барилга нь гуравдугаар категорийн хэрэглэгч гэж явдаг. Гуравдугаар категорийн хэрэглэгчийн хувьд дизель станцад холбогдсон байх ёстой. Гэтэл тэр дизель станцад холбоогүй, холбосон байсан ч тэр дизель станц нь “Жигүүр гранд”-ын охин компанийн өмч аж.

Хоёрдугаарт энэхүү барилга нь үндсэн тэжээлтэй байх ёстой атал түр тэжээлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Уг нь бол РП5 гэдэг үндсэн тэжээлийн байгууламж барих ёстой юм. Энэхүү байгууламжийг барих тендер улсын хэмжээнд зарлагдан тендерийн эрхийг нэг Хятад компани авсан ч тухайн компани хөрөнгийн маргаанаас болж ажлаа гүйцэтгээгүй учраас тендер татан буугдсан. Түүнээс хойш одоог хүртэл энэ барилга түр тэжээлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан байна хэмээн "Гранд Плаза"-д үйлчилгээ явуулдаг түрээслэгчид бухимдаж байна.

Энд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд түр тэжээлээ "Рокмон" болон Цахилгаан тээвэр компаниас авдаг байжээ. Гэтэл гурав хоногийн өмнөөс цахилгаан тээвэр компанийн тэжээл явж байсан шугамыг "Хайрхан бар" болон ''Тайгам алтай” барилгын компани тасалжээ. Үүнд зөвхөн "Гранд плаза"-г тасдаагүй ойролцоо байх хэсэг айлуудын цахилгаан ч таслагдсан аж.

Б.Долгордулам
Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш