Хятадууд 5000 жилийн турш мөрөөдөж ирсэн нэгдсэн их гүрэн байгуулахаар жадтай винтов мөрлөн босож ирсэнтэй зэрэгцэн өвөрлөгчид, түвдүүд, уйгар, казакууд ч гэсэн түүхэн их гүрнээ байгуулахаар өндийн босож ирсэн юм. Гэхдээ ЗХУ-ын харъяанд байсан буриад монголчууд болон уйгар, казакуудыг энд дурдаагүй юм шүү. Тэдний эсрэг дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан 15 сая хүнтэй арми зогсож байсан учир босож хөдлөөд ч нэмэр байхгүй байлаа.Харин Хятад улс тэднээс ч олон цэрэгтэй ч бүгдээрээ Азийн япончуудад няцартлаа цохиулж бутартлаа хядуулж байсан болохоор БНХАУ-ын харъяанд агуулагдаж байсан.
Өвөр Монгол, Түвд, Шинжааны бага ястнууд түүхэн их улс байгуулахаар эрслэн боссон нь тэр байлаа. Эдгээрийн дотроос олон түүхэн бие хүн ялгаран товойж гарсны нэг нь Шинжааны казакуудын толгойлогч Оспан баатар байв.Тухайн үед Өвөр Монголд Дэ ван буюу Дэмчигдонров, Түвдэд цэргийн жанжин Цэрэнноров, Шинжааны Хөх нуурт Аскасгар гэх мэт олон цолтой тэмцэгчид товойн гарсан ч тэдний дундаас тэнгэрийн цолмон од мэт хурцаар ялгарч гарсан нэг хүн байсан нь Шинжааны хасгуудын толгойлогч Оспан баатар байсан юм.
Манжуурт японы цэргүүд цөмөрч орсон 1932 оноос эхлэн агуу их дундад улс даяар Манж Чин гүрний үед тэдний хараанд байсан бага үндэстнүүд босож эхэлсэн бол Шинжааны хойд хязгаарын уулархаг нутагт Оспан баатар аль эрт 1928 оноос л гартаа винтов буу атгаж, ташаандаа олон угсардаг маузер буу зүүж эхэлсэн гэдэг. Энэ талаараа тэрбээр Түвдийн анхны партизануудтай эн зэрэгэх туршлагатай нэгэн байлаа.ХапиБаны Оспан нь ийнхүү 1928 оноос 1940 он хүртэл 12 жил Хятадын КН-ын цэрэг, мөн Гоминданы цэргүүдтэй тулалдсаар уул хаданд дайтах асар их туршлагыг хуримтлуулж чаджээ.
Тэрбээр ийнхүү өөрийнхөө удирдлаган доорхи үнэнч 2000 хасгийн шилдэг баатар, дэмжигч 15000 цэргийн хамт 12 жил тулалдсаны эцэст аль нэг их гүрний харъяа дэмжлэггүйгээр томоохон амжилтанд хүрч чадахгүй юм байна гэж баттай итгэсэн аж. Ингээд Х.Оспан 1940 оноос эхлэн сахалт Сталинтай хэлхээ холбоо тогтоож, цаадах нь түүнийг Чан Кай Ши тэргүүтэй Англи, АНУ-ын цэргийн бүлгийнхний эсрэг сэтгэлийнх нь ирийг чиглүүлэхийг хүссэн аж.
Ингээд 1940 оны сүүлээр Алма-Атагийн орос большевикууд Карагандаар дамжуулан Х.Оспаны тэрслүү цэрэгт 40 орчим пулёмет, 82 ширхэг автомат, 500 винтов, 3000 орчим тооны гранат, галт хэрэгслит дамжуулж өгсөн нь зарим талаар Шинжаанд байрлаж байсан Хятадын 12-р армиас ч дутахааргүй эрч хүчээр сэлбэж өгсөн гэдэг. Ийнхүү хүчирхэг болсныхоо дараа Х.Оспан нь Шинжааны төв рүү довтолж Цонж хүртэл давшсан бөгөөд Чан Кай Шигийн гоминдан цэргүүд Английн агаарын нисэх хүчний дэмжлэг авсны үр дүнд л түүнийг зогсоож чадсан хэрэг.
Гэвч 1941 оны зургадугаар сарын 22-ны өдөр ЗХУ руу Гитлерийн Герман халдан довтолсноор их удирдагч, сахалт Сталин ахиад Оспанд ямар ч тусламж үзүүлж чадахаа больсон байна. Ийнхүү ЗХУ-ын зүгээс тусламж авахаа больсон Х.Оспан галт зэвсгийн хомсдолд орж 1942 оны эхээр Чан Кай Шигийн гоминдан цэрэгт хиар цохиулж, өөрийн туган доор дагуулж явсан 30 мянган цэргийнхээ тэн хагасыг алдаад Алтайн салбар уулсын зүг зугтаажээ. Бархел хотноо түүний тунхаглан зарласан аугаа их лалын Какахстан улс тэр өдрөө л тугаа буулган бууж өгчээ.
Ийнхүү Аллахын шавь, казахын дайчин эр Оспан баатар ахиад л Алтайн их уулсын оргодол хүрэн бүргэд болсон байна. Гэвч түүнийг дахин сэргэх боломж өмнө нь хүлээж байлаа. Энэ явдал 1944 оны эцсээр болсон юм. Дайнд ялж эхэлсэн сахалт Сталин эртний анд Оспан баатрыг эргэн санагалзаж эхэлжээ. Гэхдээ энэ удаа тэрбээр гоминданы Чан Кай Шиг тууштай дэмжигч Англи болон АНУ-тай дэлхийн хоёрдугаар дайнд Гитлерийн эсрэг холбоотон болсон учир өөрөө шууд Оспанд буу зэвсэг илээр өгч болохгүй байв.
Иймээс БНМАУ-ын маршал Х.Чойбалсангаар дамжуулан Оспанд туслахаар шийджээ. 1944 оны эцсээр маршал Х.Чойбалсан баруун алтайн ууланд Х.Оспантай нууцаар хоёр удаа уулзаж, нэг удаа 1500 винтов, 45 пулёмет, 200 автомат, 12 их буу өгсөн нь тухайн үедээ бараг л Сталины 1940 оны үед өгч байсан тусламжаас илүү гарч байв. Мэдээж Монгол улсын маршал Х.Чойбалсан Шинжааны нутаг дахь Торгууд монголчуудыг буцааж авахыг хүсэж байсан болохоор илүү их зэвсэг гаргасан нь лавтай.
Чойбалсантай уулзаж хоёр ч удаа тусламж авсныхаа дараа Х.Оспан баатар Шинжааны нутаг дахь Керей омгийн 12 удирдагчтай уулзаж даруй 20 мянган казак, 15 мянган уйгар эрсийг өөрийн туган доор цуглуулжээ. Ингээд 1945 оны эхээр нутгийн гүн рүү довтлон Чан Кай Шигийн генерал Ли Хогийн удирдсан 14-р армид сүйрлийн цохилт өгсөн байна. Хятадууд сэхэж чадахааргүй ялагдаж Шинжааны нутгаар нэг таран зугтлаа. Харин энэ нь Хятадын Хөх нуурын хэсэгт байрлаж байсан Мао Зэ Дуны улаан хятадуудад сайхан боломжийг тавьж өгсөн хэрэг.
Оспан тэр даруй урагшлан давшиж Өрөмчийг эзлэн авмагцаа лалын аугаа Казахстан улсыг тунхаглав. Хоёр дахь удаагаа тунхагласан энэ улс 1946 онд цаг үеийн нөхцөл байдлын эрхээр Дорнод Туркестаны БНУ-д нэгдсэн удаатай. Хэрвээ Оспан 1946-1949 оны тэмцэлдээ ялалт байгуулж чадсан бол казакууд аль эрт буюу одооноос 70 жилийн өмнө нэгдсэн төрт улсаа байгуулж чадах ёстой байв. Гэвч Оспан 1949 онд ялагдаж, улмаар КГ6- ын туршуулуудад алуулснаар 1990 онд ЗСБНХУ задрах үеэр л сая нэг юм өөрийн гэсэн төрт улсаа байгуулах эрхтэй болсон юм. Түүний үр дүнд Оспан биш, харин Казахстаны өнөөгийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаев тус улсын ардын баатар өргөмжлөлийг хүлээгээд байгааг бид бүгд мэднэ.
Эх сурвалж: "Алаг хорвоо"