logo
Төр засгийн тэргүүнүүд “Хуулийн засаглал”-д анхаарлаа хандуулж байна

Төр засгийн тэргүүнүүд “Хуулийн засаглал”-д анхаарлаа хандуулж байна

2012/09/27
Хүн төрөлхтний парламент гэгдэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 67 дахь удаагийн чуулган 193 орны төр засгийн тэргүүдийг нэгтгэн АНУ-ын Нью-Йорк хотноо өчигдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дагалдан Гадаад харилцааны сайд Л.Болд болон албаны бусад хүн оролцож байна.
Чуулганы эхний өдөр төр засгийн тэргүүнүүдийн анхаарлаа хандуулсан сэдэв нь “Хуулийн засаглал”-ын тухай байв. “Үндэсний болон олон улсын түвшин дэх хуулийн засаглал”-ын асуудлаарх өндөр түвшний хуралдааныг нээж НҮБ-ын Ерөнхий ассамблейн ерөнхийлөгч Вүк Жеремик, НҮБ-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар үг хэлэв.
 Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол, Австри, Иран, Болгар зэрэг нийт 35 улсын төр засгийн тэргүүн үг хэлсэн бөгөөд тэд бүгд хуулийн засаглалыг бэхжүүлж, даян дэлхийн улс үндэстнүүдийн дунд хэлбэрэлтгүй хэрэгжүүлснээр шударга ёс, энх тайван, ардчилал, хүний эрх тогтоно. Үүний тулд авлигатай эрс шийдэмгий тэмцэх ёстойг онцолж байв.Тухайлбал, Бүгд Най­рам­дах Австри улсын Холбооны ерөнхийлөгч Хейнз Фишер “Хуулийн засаглал бол олон улсын харилцааны үндсэн суурь юм. Энэ бол эдийн зас­гийн тогтвортой өсөлт, хүний эрхийн хамгаалалт хийгээд олон улсын энх тай­ван, аюулгүй байдлын тухай ойлголт бөгөөд хуу­лийн за­саглалын хамгийн том дай­сан, уршигт өвчин нь ав­лига гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг­­тэй санал нийлж байна” гэв.
Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж “Хү­ний эрх, хууль дээдлэх ёс өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй. Эдгээр нь хүн төрөлхтний түгээмэл, салшгүй үнэт зүйлс, ба­римтлах үндсэн зарчмууд юм.
Хуулийн засаглал тог­тоогүй байхад хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлүүлэх боломжгүй. Иймээс ч хуулийн засаглал нь төр, иргэд хоорондын нийгмийн гэрээний үндэс суурь, амин судас нь юм.
Хуулийн эрхэм дээд чанар, хуулийн өмнө эрх тэгш байх, хуулийн өмнө хариуцлага хүлээх, түү­нийг шударгаар хэрэглэх зарчмуудыг дагаж мөрдөхөд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хуулийн засаглал биднээс шаардана. Хуулийн засаг­лал, авлига хоёр зэрэгцэн орших боломжгүй. Эрх чөлөө, хүний эрх, хуулийн засаглалын талаар най­маал­цаж, хэлэлцэх ёсгүйн адил авлигатай тэмцэхэд ч буулт хийх ёсгүй. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Ард­чиллын үндсэн зарчим бол хуулиас дээр хэн ч үгүй, хэн ч байх ёсгүй. Энэ зарчим төрийн өндөр албан тушаалтнаас эгэл жирийн иргэн хүртэл бүгдэд нь үйлчлэх учиртай.     
Түүхийн туршид мон­голчууд төрдөө хуулийн за­саглал тогтоон улс орноо удирдаж ирсэн билээ. Ав­лигатай холбоотой хэнийг ч гэсэн хатуу цээрлүүлсээр ирсэн.  Хөгжиж буй орнуу­дын хувьд авлига нь ард­чиллын хамгийн аюултай дайсан юм.
Авлига нь халдварт өвч­ний нян лугаа адил тул түүний өөдөөс урьдчилан довтолж, таслан зогсоох ёстой бөгөөд энэ нь нэн тэргүүний зорилт байх учиртай.
Авлига гээч гэмт хэргийг жирийн иргэн бус харин төрийн албан хаагчид л үйлддэг. Авлигатай тэмцэх явдал нь бүх удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчдын хувьд нэгэн төр­лийн шалгуур юм.
Авлига нь эрх мэдэл, эд баялгийг хууль бусаар бий болгодог ноцтой гэмт хэрэг тул түүнийг үйлдэгсэд нь хууль ёсны шүүхээс зайлс­хийхийн тулд түүний эсрэг олон нийтийн үзэл са­нааг өөртөө ашигтайгаар ашиг­лахыг оролддог” гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш