logo
Роанок арлын тайлагдаагүй нууц

Роанок арлын тайлагдаагүй нууц

2012/09/28
Хойд Америкт суурьшихаар очоод удалгүй алга болсон хэсэг бүлэг хүний амьдарч байсныг гэрчлэх баримт хэдэн зууны турш олдохгүй байсаар эдүгээ хүрчээ. Тэдэнд чухам юу тохиолдсоныг тайлж мэдэх гэж олонтаа оролдсон ч баталгаатай баримт олдсонгүй. Англичууд Роанок арлыг 1584 онд анх “нээжээ”. Филипп Амад, Артур Барлоу нар Роанок арал дээр анх газардаж, хүний мөр гараагүй үзэсгэлэн төгс нутгийн мэдээг Английн хатан хаан I Элизабетад дуулгасан түүхтэй.

Хожим уг газрыг хатан хаан Элизабет Virgin Queen (Онгон хатан)-ыг хүндэтгэж Virginia (Виржини) гэж нэрлэжээ. Арлын тухай мэдээ сонссоныхоо дараа жил хатан хаан ноён Уолтер Ралиг Виржинид колони байгуул гэжээ. Язгууртан гаралтай У.Рали нь зохиолч, яруу найрагч, цэргийн зүтгэлтэн, тагнуул, аялагч байсан бөгөөд Англид анх тамхи дэлгэрүүлснээрээ алдаршсан нэгэн байж. У.Рали шинэ газар колони байгуулахаар Ричард Гренвиллээр удирдуулсан аяллын багийг илгээв.

Аялагчид Виржинийн хойд хэсэг буюу өнөөгийн Хойд Каролинагийн Роанок арал дээр газардсан байна. Аралд ирээд удаагүй тэдний мөнгөн аяга зэрэг эд зүйлс алга болсонд нутгийн индианчуудыг хардаж, тосгоныг нь сүйтгэн, тонон дээрэмджээ. Эл явдал уугуул оршин суугчдын дургүйцлийг хүргэж, хөлгийн ахмад Р.Гренвилл ч нутаг буцсан байна. Гэсэн ч дараа дараагийн ээлжинд англичууд суурьшихаар ирж бяцхан суурин барьж байгуулав. Тэд нутгийн уугуул Кроатон омгийн индианчуудтай холбоо тогтоон, эвтэй найртай амьдарч байв.

Харин бусад омгийнхонтой ил, далдаар дайсагналцсан харилцаатай байв. Удалгүй суурьшигчдын нэг Жорж Хоу далайн эрэг дээр хавч агнах зуур нутгийн индианчуудад алагдав. Энэ явдал шинэ нутаг суурьшигчдад тун аюултайг сануулсан дохио болсон тул ахлагч Жон Уайт тусламж гуйхаар Англи уруу буцжээ. Олон бэрхшээл, саадтай учирсан Ж.Уайт гурван жилийн дараа 1590 оны наймдугаар сарын 18-нд Роанок аралд эргэн очжээ. Тэр өдөр нь анх Виржинид ирээд мэндэлсэн зээ охиных нь төрсөн өдөр байсан гэдэг.

Хатан хааныг хүндэтгэн нэрлэсэн уг газар анх төрсөн тул тэрбээр зээ охиндоо Виржини Дар гэж нэр өгсөн байжээ. Гэвч тэнд түүний найз нөхөд, гэр бүлийнхэн байтугай суурин байсан гэх ул мөр ч байсангүй. Суурингийн элсэн буурин дээрээс хүн амьдарч байсныг гэрчлэх цорын ганц баримт “Кроатон” гэсэн бичээс бүхий шон л олдсон байна. Тэрхүү нууц үгийг Ж.Уайт Кроатон арал уруу нүүсэн байж магадгүй хэмээн тайлав. Ж.Уайт хэсэг нөхдийн хамт Кроатон болон бусад газраар олон хоног хайсан ч эрэл мухарджээ. Ж.Уайт дахиж хэзээ ч Роанок уруу зүглээгүй аж. Тэдэнд чухам юу тохиолдсон талаархи олон сэжиг таамаг хөвөрчээ.

Ихэвчлэн нутгийн индианчуудын халдлага, хүнсний хомсдол, байгалийн гамшигт өртсөн гэж үздэг ч аль аль нь батлагдаагүй байна. Хожим Америкт очсон зарим хүмүүс цайвар үстэй, англиар сайн ярьдаг уугуул иргэдийн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхал тарааж байв. Хэрвээ энэ үнэн бол тэд Кроатон омгийнхонтой холилдсон байх магадлал хамгийн өндөр гэнэ. Энэ явдал Элеанор Дар болон түүний нялх охины тухай олон домог яриа үүсгэжээ.

Тэднийг алга болсноос дөрвөн зууны дараа Элеанор болон Виржини Дар нар Америкийн жинхэнэ баатрууд, туульсын дүрүүд болсон байна. Мөн Виржинид суурьшаад алга болсон тэдгээр хүмүүсийн оролдлого нь Америкийн эртний тайлагдаагүй нууцын нэг, Английн колоничлолын анхны оролдлого зэргээрээ алдаршжээ. Энэ нууц одоо ч түүхч, археологичдын сонирхлыг татсаар буй билээ.

Э.Төгсжаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш