-Иймд хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлж, 110 мянган төгрөг сар бүр олгоно-
Цэцэрлэгийн хүүхдийн холлны мөнгө нэмэгдлээ. Гэхдээ энэхүү мөнгийг эцэг, эхийн халааснаас гаргахаа түр азнаж, төсвийн тодотголд суулгаж өгсөн талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тодотгож байна. Тэрбээр УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагчаар ажилладаг билээ. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө хэдийнээс хэдэн хэдэн төгрөгөөр нэмэгдэж байгаа талаар тодруулахгүй юу?
-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө аравдугаар сарын 1-нээс нэмэгдэнэ. Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төсвийн тодотгол хийснээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлж, 7.5 тэрбум төгрөгийг баталсан. Ингэснээр нэг хүүхдэд оногдох хоолны зардал 1100 төгрөг байсныг ирэх сарын 1-нээс эхлэн 1600 төгрөг болгож байгаа юм.
-Гэхдээ төсөв алдагдал ихтэй, орлого тасарсан үед хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлэх боломжгүй гэж байсан. Хоолны мөнгөний эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэхээр болсон бэ?
-Сангийн сайд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг өгөх боломжгүй гэсэн. Тиймээс хүсэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо болоод Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүргүүлсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайд саналыг дэмжсэн. Сангийн сайд дээрх асуудлыг судалж үзээд мөн нэмэх боломжтой гэж шийдвэрлэсэн нь энэ. Нэмэхгүй байхын ч аргагүй. Цэцэрлэгийн хүүхдийн хоолноос авах илчлэг нь 1100 төгрөгт багтана гэж 2008 онд тооцсон. Тэр үед нэг кг мах 3000 төгрөгийн үнэтэй байж. Одоо нэг кг мах 9000 төгрөгт хүрээд байна. Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ ч нэмэгдлээ. Иймээс л цэцэрлэгийн хүүхэд өдрийн хоолондоо цадахгүй байгаа юм.
-Байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийнхэн цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцсан гэсэн. Байдал ямархуу байна?
-Ажлын хэсгийн гишүүд өнгөрөгч долоо хоногт цэцэрлэгүүдийн хоол, хүнсний хангамжийн талаар судалгаа хийсэн. Орон нутгийн төрийн өмчийн харьяалалтай “Хүнс хангамж” компаниуд харьяа дүүргүүдийн цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг хариуцан ажилладаг. Гэвч тэд зах зээл дээрх жижиглэнгийн үнээс 20 хувийн нэмэгдэлтэй үнээр цэцэрлэгүүдийн хүнсийг нийлүүлж байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, хонины мах зах зээл дээр 5600 төгрөгөөр худалдаалагдаж байхад 7000 төгрөгөөр нийлүүлж байсан. Мөн цагаан будаа ч ялгаагүй 1400 төгрөгөөр зах зээл дээр худалдаалагддаг бол цэцэрлэгт 2000 төгрөгөөр нийлүүлж байх жишээтэй. Ингэхээр 170 хүүхэдтэй нэг цэцэрлэг долоон хоногийн хүнсний хэрэглээгээ нэг сая 23 мянган төгрөгөөр “Хүнс хангамж” компаниас авч байгаа бол зах зээлийн үнээр дэлгүүрээс 780 мянган төгрөгөөр буюу 30 хувь хямд үнээр авах боломжтой байгаа юм. Эрүүл мэндийн болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2005 оны 225 тоот тушаалаар хүүхдийн хоногийн хоолны норм, шим тэжээлийн илчлэгийг тогтоосон байдаг. Энэ стандартаар 4-6 насны хүүхдийн хоногт хэрэглэх махны хэмжээ 170 гр байх ёстой. Гэвч өнөөдөр нэг хүүхдэд хоногт 40 гр орчим мах оногдож байгаа нь хоногийн хэрэгцээнийхээ дөнгөж 30 хувийг л авч байна гэсэн үг.
-Хэдийгээр цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдүүлсэн ч нийлүүлэгч компанийн үнийн хөөрөгдлийг хязгаарлахгүй бол асуудал шийдвэрлэгдэхгүй юм биш үү. Энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Зуучлагч компаний нэмэгдэлтэй үнээр хүнс нийлүүлэх явдлыг зогсоохгүй бол ямар ч үр дүнгүй ажил болно гэдэгтэй санал нэг байна. Иймд хүнс хангамж нэртэй компани байх шаардлагатай эсэх дээр анхаарах цаг болж. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай цэцэрлэгүүд шууд нийлүүлэлтийн гэрээ байгуулж ажиллах боломжтой. Хэрэв зуучлагч компани шаардлагатай гэж үзвэл ганц нэг монополь байгууллага бус өрсөлдөөн бий болгох үүднээс хоёроос доошгүй компанийг сонгон шалгаруулж ажиллуулах гарц бий гэж харж байгаа.
-Нэр бүхий гишүүдийн хамт хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэхээр хуулийн төсөл санаачилан Засгийн газарт хүргүүлсэн байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудал хүнд байгаатай холбогдуулан гадаад орнуудад хэрэгждэг “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлсэн. “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлсэнээр манай улсад тулгамдаж байгаа хүнд асуудлуудын нэгийг шийдэхэд дөхөм болно. Энэ үйлчилгээ нь гэртээ хүүхдээ хараад сууж байгаа эх, эцэг болон хүүхэд харах боломжтой иргэд тодорхой шаардлага хангасны дагуу төрийн санхүүжилтээр гэртээ зургаа хүртэл тооны хүүхэд харж хүмүүжүүлэх үйлчилгээ юм. Хүсвэл хүүхдээ харуулж буй эцэг, эхийн санаачлагаар төлбөр төлж ч болно. Энэ нь гэртээ суугаад хүүхдээ харж байгаа эцэг, эхэд нэмэлт орлого олох боломжийн хажуугаар хүүхдээ харуулж байгаа эцэг эхчүүд санаа зовох зүйлгүйгээр ажлаа хийх боломжтой гэсэн үг.
-Тэгэхээр хүүхэд харж байгаа тэр эхэд улсаас сар бүр урамшуулал олгож, цалинжуулна гэж ойлгож болох уу?
-Улсын цэцэрлэгийн адил нэг хүүхдэд оногдох хувьсах зардлын 70 мянган төгрөг, хоолны зардлын 40 мянган төгрөгийг сар бүр олгоно. Хуулийн төслийн дагуу хүүхэд харах үйлчилгээг хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эруул ахуй, ариун цэврийн зохих шаардлагыг хангасан орчныг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхлэх боломжтой. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн нь баталсан хөтөлбөрийн дагуу богино хугацааны сургалтад хамрагдаж, үйлчилгээнд тавих хяналтыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, боловсролын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.
-Цэцэрлэг нэмж барихын оронд энэ үйлчилгээг нэвтрүүлэхийг илүүд үзэж байна гэж ойлголоо. Гэхдээ асуудлаас гарах арга энэ мөн гэж үү?
-Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 210 мянган хүүхэд байдгаас 120 мянга нь л сургуулийн өмнөх боловсрол эзэмшдэг. Эдгээр хүүхдийг бүрэн цэцэрлэгт хамруулна гэвэл 1.8 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий. Харин энэ үйлчилгээг нэвтрүүлсэнээр цэцэрлэгт хамрагдаагүй, хараа хяналтгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд учрах аюулаас сэргийлэх, сургуулийн өмнөх боловролын үйлчилгээг хүргэснээр ерөнхий боловсролын чанар, хүртээмж сайжирна. Нийслэл, аймгийн төвд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 59917 хүүхдэд эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн, чанартай хоол хүнсний үйлчилгээ үзүүлж, нийгэмших хөгжлийг нь дэмжих зорилготой.
Л.НИНЖ
Эх сурвалж : "Нийгмийн толь"