logo
 Дотоод ажлын өдөр “баяртай” болж, иргэд талархаж байна

Дотоод ажлын өдөр “баяртай” болж, иргэд талархаж байна

2012/09/28
Шинэчлэлийн Засгийн газраас чихэнд чимэгтэй нэгэн шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч эхэлжээ. Энэ нь төрийн болон нутаг захиргааны байгууллагын мөрдөн ажиллаж буй дотоод ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан явдал юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг Газрын алба, Иргэний бүртгэлийн газрууд өдөр бүхэн “нээлттэй хаалга”-ны өдөрлөг зарлаж, дотоод дахь ажлаа чягтлан ажиллах болсон. Мөн Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар болон Гадаад харилцааны яамны консулын газар ч ажлын өдрүүдэд иргэдэд нээлттэй ажиллаж буй юм.

Зүй нь энэхүү шийдвэрийн гол зорилго нь төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, шуурхай хүргэхэд оршиж байгаа. Тийм ч учраас иргэдийн зүгээс энэхүү шийдвэрт талархлын үг хаяглах болсон байна. Өмнө нь тухайн байгууллага дотоод ажлын цагаараа ихэвчлэн иргэдээс хүлээж авсан өргөдөл, бичиг баримтыг хянах, цэгцлэх, бичилт хийх, гарын үсэг зуруулах, тамга тэмдэг дарах, материалаа архивт хүлээлгэн өгөх зэрэг техник ажил хийдэг байсан. Мөн байгууллагын албан хаагчдад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч мэдээллийн цагийг зохион байгуулдаг байжээ. Харин одоо бол энэ бүхнийг ажлын бус цагаар амжуулж, үйлчлүүлэгч “хаан” гэсэн алтан зарчмыг мөрдөх болсон нь ийнхүү цаг үеэ мэдэрсэн шийдвэр болж буй юм. Гэхдээ харьяа байгууллагууд ийм журмаар ажиллаа гээд иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанараа бууруулаагүйн дээр их хотын иргэд бидэнд ч цаг хэмнэх сайхан боломж бүрджээ.

Уг нь НИТХ-ын 129 дүгээр тогтоолоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажиллах хуваарийг 08.00-17.00 цаг болгосонтой холбогдуулан зохицуулалт хийсэн байв. Ингэхдээ иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох үүднээс харьяа нэгжийн ажилчдыг өдрийн цайны цаггүй болгож, дотоод ажлыг нь зохицуулж байсан. Гэвч иргэдээс энэ асуудлаар гомдол ирсээр байсан тул асуудлыг ийнхүү нэг мөр шийдвэрлэжээ. Түүнчлэн энэхүү шийдвэрийг гаргахдаа холбогдох байгууллагуудад мөрддөг дотоод ажлын цагийн хуваарьт түүвэрчилсэн судалгаа хийсэн байна.

Ийнхүү иргэд харьяа дүүргийнхээ халамжаар дуртай цагтаа орж гарч, газрын маргаанаа ч өдөр харгалзахгүй шийдвэрлүүлж байгаа юм. Учир нь, эдгээр байгууллага долоо хоногийн тэгш тоотой өдрүүдэд дотоод ажилтай гээд хаалгаа барьчихдаг байсан. Тиймээс хэн эртлэн дугаарт зогсоно тэр эрхэм ажлаа амжуулдаг байсан нь саяхан. Харин одоо бол энэхүү шийдвэрийн буянаар иргэд бид  “дотоод ажил”-д хүлээгдэхгүйгээр ажлын өдөр бүр төрийн үйлчилгээг авсаар байна.

О.СЭЛЭНГЭ
Эх сурвалж : "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш