logo
XIII зууны хатны шарилыг судлаж, насанд хүрээгүй байсныг тогтоожээ

XIII зууны хатны шарилыг судлаж, насанд хүрээгүй байсныг тогтоожээ

2012/09/29

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутгаас дундад зууны үеийн Монголын түүхэнд холбогдох хадны оршуулгын ховор нандин дурсгалууд, тэр дотроо нярай хүүхдийн муми, монгол хатны булш олдож байсан билээ.

Баян-Өндөр сумын Идрэнгийн нурууны салбар Дунд нурууны Шүүтийн агуй болон Бургаст, Гозгор толгой хэмээх газраас олдсон уг дурсгалууд эртний нүүдэлчдийн оршуулгын өвөрмөц зан үйлд багтана. Давсанд оршуулсан хадны дурсгал Монгол болоод Төв Азиас урд өмнө огт илэрч байгаагүйг тус олдворыг судалсан МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Археологи-антропологийн тэнхмийн эрхлэгч, доктор У.Эрдэнэбат хэлж байсан юм.

Гозгор толгойгоос олдсон Юань гүрний үеийн монгол хатныг нярай хүүхэдтэй нь хамт оршуулсан булш одоо ч судлаачдын анхаарлыг татсан хэвээр. Судалгаа, шинжилгээний ажил үргэлжилж байна. Уг булшийг хүмүүс шунахайн зорилгоор ухаж төнхөн, зарим эд зүйлийг эвдэж устгасан. Гэхдээ үлдсэн эд өлгийн дурсгалын дотор Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох, манайд байтугай дэлхийд анх удаа биет байдлаар олдсон ховор нандин олдвор цөөнгүй.

Түүний нэг болох хонины нэхийд өлгийдөж, дотор нь анхилуун үнэрт ургамал хийж хатаасан монгол хүүхдийн шарил бараг 800 жилийн туршид тэр чигээрээ хадгалагдан үлдсэн нь манай өвөг дээдэс занданшуулах үйлийг чадварлаг хийдэг байсны илрэл юм. Энэ олдвор дэлхийд цөөхөн тохиолдох, эртний хүн судлалын ховор хэрэглэгдэхүүн. Нөгөө талаас монгол хүний гарал удмын түүхийг генетикийн түвшинд судлах боломжийг олгож байгаад мэргэжилтнүүд олзуурхаж байна.

Судалгаа үргэлжилж байгаа ч урьдчилсан байдлаар монгол хатан насанд хүрээгүй байсныг тогтоож, улмаар төрөхийн хүндрэлээр нас барсан гэсэн оношийг эрдэмтэд дэвшүүлээд байна. Анхаарал татсан өөр нэг мэдээлэл бол тус булшнаас гарсан улаан чий будагтай модон аяга бөгөөд түүний ёроол дахь хар бэхээр бичсэн дөрвөлжин үсгийн бичээс юм.

Тэрхүү бичээсээр дамжуулан Гозгор толгойн хадны хонгилд оршуулсан залуу хатан Чингис хааны Алтан ургийн Хияд Боржигин овгийн хүн байж болзошгүй” гэсэн таамгийг эрдэмтэд дэвшүүлээд байгаа. Судалгааг цааш нарийвчлах үүднээс мэргэжлийн сэргээн засварлагчаар цэвэрлүүлэх, бэхжүүлэх ажлыг хийж байгаа юм байна. Үүний дараа хэл бичгийн ухааны эрдэмтэн судлаачид дөрвөлжин үсгийн бичээсийг тайлж унших ажлыг эхлүүлэх гэнэ.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж:”Зууны Мэдээ”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш