logo
Эрх мэдэлтэй компаниуд иргэдийн тэмцлийг “реалити шоу” болгосоор байх уу

Эрх мэдэлтэй компаниуд иргэдийн тэмцлийг “реалити шоу” болгосоор байх уу

2012/09/29
Манай улс байгалийн баялагаараа дэлхийд гайхуулдаг. Энэ ч утгаараа шар, хар алтанд нь шунасан харийнхан нутагшиж эх нутгийг минь сүйрүүлж байна.

Үүнийг харсаар, ярьсаар суутал хагарсан хөрс, хатсан гол горхитой л мөнхрөх нь бололтой. Ганцхан аймгаар жишээ татъя, Өмнөговь аймагт өнөөдөр юу болж байгааг хэн ч мэдэхгүй “сууна”. Тус аймгийн нутаг дэвсгэрийнх нь 70 гаруй хувь уул уурхайн компаниудад сэглүүлж, хүнээр бол амь тариа нэхэн сэхээнд хэвтэж байна. Хэдхэн хоногийн өмнө тус аймгийн Гурвантэс сумын иргэд хаана хандахаа мэдэхгүй, хаашаа зугтах вэ гэх дээрээ тулсан. Одоо ч байдал хэвээрээ үргэлжилсэн шороон дунд амьдарч буй гэнэ. Тус суманд нэр бүхий 16 компани олборлолт хийдэг.

Өдөр шөнөгүй том оврын машинууд хөндлөн гулд давхилдаж ойр хавийн оршин суугчдын амар заяаг үзүүлдэггүй аж. Нутгийн иргэдийн ярьж буйгаар өдөртөө 1500 гаруй машин хөлхөлддөг байна. Хүн идээших нь байтугай, мал нь уух усгүй, бэлчээрлэх газаргүй болтлоо туйлджээ. Өөрөөр хэлбэл, Гурвантэс сумын 1300 өрхийн 6000 гаруй хүн, 130.000 гаруй толгой мал төрийн хууль цаазыг хүчин төгөлдөр хэрэгжихийг хүлээж буй юм.

Сумын малчид зүгээр сууж байгаад нутгаа алдахгүй хэмээн тэмцэл өрнүүлж байсан нь саяхан. Уурхайн машины замыг хааж амиараа дэнчин тавьж үзсэн. Харамсалтай нь мөнгөтэй, эрх мэдэлтэй компаниуд иргэдийн тэмцлийг “реалити шоу” болгож эндүүрүүлсэн. Хаа сайгүй хашаа хатгаж вант улс байгуулсан компаниуд нутгийн иргэдийг “барлаг”-аа болгож харуул хамгаалалт нэрийн дор хар төмрөөр хашиж, халтар гөлгөөр туулгасаар байх уу. Малчид нутгаа авч үлдэхийн тулд амиа өгөхөд ч бэлэн буйгаа мэдэгдэж буй. Тус нутагт эрт цагт Хулан, Хар сүүлт, Мазаалай, Аргаль, Янгир сүрэглэн бэлчиж, ундны ус нь мэлмэрэн урсдаг байж. Харин одоо бол хатсан хөрс, хатингаршсан мал л үлдэж. Өмнөговь аймагт үүссэн нөхцөл гамшгийн зэрэгт хүрсэн гэхэд хилсдэхгүй. Хэн нэгний буруугаас биш хэтэвч зузаантэй нэгний балгаар өмнийн цэнхэр говь үгүй болохыг үгүйсгэхгүй юм.

Хүүхэд эндэж, хөгшид нь ханиалгаж , мал нь уушгины өвчнөөр хорогддог болжээ

“Хонь муулахаар уушиг нь харласан, амьсгалах боломжгүй болтлоо устаж битүүрсэн байдаг” гэх яриаг Гурван тэс сумынхан ам нэгтэйгээр нотолно. Харин ашиг хонжоо хайсан гадны компаниуд арай өөрөөр тайлбарлах биз. Арга ч үгүй биз “алтыг нь аваад, авдрыг нь хаясан” гадны компаниудад нутгийн иргэд хамаагүй юм чинь.

Түүгээр ч зогсохгүй төрөх насны эмэгтэйчүүд нь айдастай амьдарч байна. Арга ч үгүй биз. Дутуу төрөлт, бүтэлттэй хүүхэд гээд сайнаасаа илүү саар мэдээлэл ихтэй болохоор. Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн олдвороос авахуулаад үр хойчдоо таниулж мэдүүлэх баялаг ордуудтай нутаг. Гэтэл одоо гэгээн өдөр гэрэлт дэнлүү бариад явсан ч төөрөхөөр тоос шороон дунд амьдарч байна.

Гурвантэс сум нь Ноён, Сэрвээ, хойт талаараа Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Шинэ жинст, өмнө талаараа Өвөр монголын Эзнээ хошуутай хиллэдэг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар. Тус суманд 100 гаруй булаг, шанд, рашаан бий гэх. Энэ нь говийн бүсэд хамгийн олон гол, булаг шандтайд тооцогддог байна. Гэвч гол, шандууд нь ширгэж тав хүрэхгүй жилийн усны нөөцтэй үлдлээ хэмээн нутгийн иргэд халагдаж сууна.

Амьд явах баталгаагүй сум

Үндсэн хуульд зааснаар хүн бүр амьд явах эрхтэй. Гэтэл гэгээн цагаан өдөр гэрийг нь дайраад хүйс тэмтэрсэн хэрэг Өмнөговь аймагт гарсан. Олныг цочироосон эл хэрэг одоо ч шийдэгдээгүй байгаа. Одоо байтлаа хэрэгтэн хаана ажиллаж байсан нь ч тодорхой бус болчихов. Мөн нэг айлын ах дүү хоёр хариуцлагагүй компанийн балгаар тогонд цохиулж нас барсан байдаг. Энэ хэргийн мөрөөр эцэг, эх нь хөөцөлдвөл хэрэгт буруутай гэх компаниуд хэнэг ч үгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа нь харамсалтай. Хүний амийг хүрз шорооноос өгдөг хариуцлагагүй компаниудын тусгай зөвшөөрлийг нь хурааж, хуулийн дагуу шийтгэдэг баймаар.

Энэ мэт ээдрээтэй, эргэлзээтэй олон асуудал Өмнөговьд үүсээд байна. Үүнд эрх мэдэлтнүүд анхаарлаа хандуулах биз ээ.

Б.Чанцал

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш