logo
Ираны ганцаардал

Ираны ганцаардал

2012/09/29

АНУ тэргүүтэй барууны орнууд Иранд ээлжит шахалт дарамтаа тулгасаар байна. Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 67 дугаар чуулга уулзалтын үеэр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өөрийн орныг төлөөлөн үг хэлсэн билээ. Гэтэл АНУ, Израйль, Канад зэрэг орнуудын төрийн тэргүүнүүд түүнийг үл тоомсорлон, эсэргүүцсэн байна. Канадын Гадаад хэргийн яамнаас “Бид Ираныг хүлээн зөвшөөрөхгүй. Ялангуяа барууныхныг үг хэл амаар доромжилж байхад. Түүний хэлсэн үг манай улсыг ирэх сард Иранаас дипломат харилцаагаа цуцлах хэрэгтэйг баталсан үйлдэл байлаа” хэмээжээ. Энэ сарын 7-ны өдөр Канад Тегеран дахь ЭСЯ-ыг Оттава руу татаж, Ираны дипломатуудыг Канадаас гарахыг хүссэн албан бичиг хүргэсэн удаатай. Тухайн үед хэвлэлээр “АНУ тэргүүтэй барууны орнууд Иран руу дайралт хийхийн тул эхний ээлжинд холбоотон орнуудын дипломатуудыг эх оронд нь буцаах бодлого явуулж байна” гэсэн утга бүхий хардлагыг цацаж байв.

Ер нь чуулга уулзалтын үед, тэр дундаа Ираны Ерөнхийлөгчийг үг хэлж байхад Израйль, АНУ, Канадын төлөөлөгч, Ерөнхийлөгч нар танхимыг орхиж байсан нь бүдүүлэг бөгөөд үл хүндэтгэсэн байдал болжээ. Энэ талаар “Ройтерс” агентлаг мэдээллэв. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар АНУ Ираныг эсэргүүцэх цорын ганц шалтгаан байгаа гэнэ. Тэр нь Ойрхи Дорнодод усан замаар нэвтрэх цорын ганц гарц нь Ормузын хоолой. Тус хоолойд АНУ хяналтаа алдах юм бол геополтикийн хувьд томоохон алдагдалд орох аж. Зөвхөн алдагдалд орох биш эдийн засгийн хувьд ч Ойрхи Дорнодод зөвхөн Газардундын тэнгисээр дамжин Израйль, Туркаар худалдаа наймаа хийх гарц үлдэх юм байна.

Ираны цөмийн эрчим хүч, цөмийн бөмбөг тойрсон олон асуудлууд сүүлийн гурав, дөрвөн жилийг ардаа үлдээсэн. Энэ хугацаанд Иран цөмийн эрчим хүч үйлдвэрлэж байгаа юу, цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа юу гэсэн эргэлзээ дэлхий нийтийн өмнө тулгарсан. АНУ-ын хувьд НҮБ-д удаа дараа хүсэлт гарган Ираны уран баяжуулалтын талаар шинжээчдийн баг илгээх талаар гомдоллож байсан. Хамгийн сүүлд Ираны Ерөнхийлөгч НҮБ-ын төлөөлөгчтэй хамт өөрийн орны эрчим хүчний салбарт хийж буй шинэчлэл, цөмийн эрчим хүчний үйлдвэрүүдийн барилгажилтын явц зэрэгтэй танилцсан.

Харин Израйлийн зүгээс Иранд шахалт дарамт болмоор мэдэгдлүүдийг удаа дараа хийсээр байгаа. Үүний хариуд Иранд ээлж дараалсан цохилт өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн. Үүнээс болж асуудал хурцдаж, хоёр орны харилцаа улам тааруу болсон. Ажиглагчдын үзэж буйгаар “Икрайль нь АНУ-ын далд явуулгаар Иранд ээлжит өдөөн хатгалга хийж байна. Иран хаа ч байсан ганцаардаж байна” гэсэн таамгийг дэвшүүлжээ. “Тегеран Израйлийг дайн эхлүүлнэ” гэсэн бүрэн итгэлтэй болсон цагт Израйльд өрсөж цохилт хийх болно” хэмээн Ираны Батлан хамгаалахын ерөнхий коммандлагч мэдэгдсэн. Мөн Ираны нисэх хүчний командлагч Амир-Али “Барууны орнууд Ираны эсрэг эдийн засгийн нэмэлт хориг авахыг шаардаж байна. Бид үүнийг хатуу эсэргүүцэж байгаа. Иран энхтайвныг хүсч байна. Гэхдээ дайн гарах тохиолдолд бид хангалттай бэлтгэл хийсэн байгаа.Өдөөн хатгалт, гэнэтийн дайралтаас урьдчилан сэргийлж, бэлэн байдал зарлахад ойрхон байна” хэмээжээ.

Хэвлэлээр Ойрхи Дорнодод нэг л улс дайтаж эхлэх юм бол дэлхийн III дайн гарахад бэлэн байгаа гэдгийг онцолсон. Шашин шүтлэгийг шоглосон энгийн номхон иргэдийг хөнөөсөн, цэрэг эрсийг гутаан доромжилсон бичлэг зэрэг нь исламын ертөнцийг барууныхны эсрэг нэгтгэхэд хангалттай шалтгаан аж. Мөн Ойрхи Дорнодод дайн байлдаан тасрахгүй байгаа Сирийн хувьсгалд төвийг сахисан байдалтай байгаа Ираны хувьд “Башар Аль Ассадад зэвсэг нийлүүлээгүй” гэдгээ НҮБ-ын чуулга уулзалтын үеэр мэдэгдсэн.

АНУ-ын хувьд Икрайль дахь өөрсдийн цэргийн баазад хүчээ нэмэгдүүлж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад буй. Икрайлийн бүс нутаг дахь Америкийн цэргийн баазуудад Иран цохилт өгөхөд бэлэн гэдгийг тус улсын Батлан хамгаалахын сайд өмнө нь мэдэгдэж байсан. Махмуд Ахмадинежад өөрийн байр суурийг илэрхийлсний дараа дэлхийн нефтийн 40 гаруй хувь дамжин өнгөрдөг стратегийн чухал газар болох Ормузын хоолойг хаах болно гэсэн байр суурин дээрээ бат зогсоно гэдгээ ч илэрхийлээд амжсан. Харин үүний хариуд Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Иранд цохилт өгөхөд бэлэн. АНУ Иранд эдийн засгийн болон дипломатын хориг арга хэмжээ авах нь зүйтэй. Ираныг дэмжиж буй орон ховор. Учир нь цөмийн зэвсэг үйлдвэрлэж байгаа гэдэгт бүх улс итгэлтэй байгаа болов уу” хэмээжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Ираны Ерөнхийлөгчийг үг хэлж байхад танхимыг орхиж гарсан хүмүүст ихэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр “Ираныг биш юмаа гэхэд бусад улс орны Ерөнхийлөгч, төлөөлөгчийг хүндлэх хэрэгтэй. Би Ираны Ерөнхийлөгчид удаа дараа анхааруулсан. Битгий түрэмгий мэдэгдэл хийгээрэй гэж. Энэ нь бусад орнуудад сөргөөр нөлөөлнө гэдгийг санах ёстойг анхааруулсан” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Ирэх сарын 15-нд Брюссель хотноо Европын холбооны гишүүн 27 улсын Гадаад хэргийн сайд нар чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ үеэр Ираны асуудлыг авч хэлэлцэх бөгөөд Европын холбооны зүгээс цаашид ямар арга хэмжээ авах талаар тохиролцох аж. Мэдээж ХБНГУ, Их Британи, Францын сайд нар чухал үүрэг гүйцэтгэх нь тодорхой.

Үүний хажуугаар Швейцарийн шүүх өөрийн улсын гурван иргэнд Пакистаны эрдэмтэн Абдула Кадир “Хани” бүлгийн ажиллагаанд оролцсон, цөмийн технологи дамжуулсан” гэх үндэслэлээр 2-4.2 жилийн хорих ял оноосон ажээ. Эрдэмтэн цөмийн чухал технологийг Иранд өгсөн гэдэг нь нотлогджээ. Ялтан Фридрих Тиннер, түүний хоёр хүү болох Марко, Урс нар өмнө нь уран баяжуулж байсан инженерүүд аж. Цөмийн зэвсгийг бусдад дэлгэрүүлэхгүй байх олон улсын гэрээний дагуу АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц зэрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван улсыг цөмийн гүрэн улс хэмээн албан ёсоор үздэг билээ. Харин Иран, БНАСАУ зэрэг орнууд уран баяжуулж байгаа нь дээрх гэрээтэй зөрчилдөж байгаа. Мөн Энэтхэг, Пакистан нь 1990-ээд оны сүүлчээр цөмийн зэвсгийн туршилт хийснийхээ дараа уг гэрээнд нэгдэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн түүхтэй.

Өөр нэгэн онцлох зүйл бол Израйлийн Иордан голын баруун эргийн дийлэнх нутгийг дангаараа салан тусгаарлах, зарим еврей оршин суугчдын томоохон цэгийг хэвээр үлдээх талаар дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Израйлийн Батлан хамгаалахын сайд Эхут Барак “Палестины талтай холбоо тасраад удаж байна. Бид хэлэлцээрээ дахин эхлүүлэхийг хүсэж байна. Бүс нутгийн оршин суугчдын хувьд энэ бүхэн маш чухал асуудал” хэмээжээ.

Б.Баатар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш