logo
 Сангийн яам “Хөгжлийн банк”-ны данс руу дахин өнгийж, төрийн албан хаагчдын цалинг тавьжээ

Сангийн яам “Хөгжлийн банк”-ны данс руу дахин өнгийж, төрийн албан хаагчдын цалинг тавьжээ

2012/10/01

“Хөгжлийн банк”-ийг ер нь яах гэж байгуулсан юм бол. Энэ байгууллагын үүд хаалгыг нээж, тууз хайчилж байсан дарга нар “Монгол Улсыг хөгжлийн замд түүчээлэх гүүр болж, олон нийтийн төлөө хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх учиртай банк юм” хэмээн тайлбарлаж байсан.

Харин одоо энэ зорилго арай өөрчлөгдөж, хэн нэгэн эрхтэн дархтаны том амны золиос, нохойд барьдаг мод болон хувирч байх шиг. Сонгуулийн өмнөхөн Засгийн газар “Хөгжлийн банк”-ийг шантаажилж, Хүний хөгжил санд мөнгө оруул хэмээн үүрэгдсэн тухай яриа гарч, бүр хэл ам болж байв. Тун удалгүй энэ банкны удирдах албан тушаалтнууд солигдож, зарим нь Сангийн яам руу тун эвгүй агуулгатай захидал илгээсэн нь олны хүртээл болж байлаа.

Эдгээр яриа тухайн үед сонгуулийн дуулианд дарагдаад нам жим өн­гөрч байсан. Харин сая­хан “Хөгжлийн банк”-ны мөнгийг Сангийн яам зар­лагадсан тухай сонслоо. Баттай эх сурвалжийн мэ­­­­­­­дээлснээр УИХ-ын чуул­ганаар энэ оны төс­­­вийн тодотголыг хэ­­­­лэл­цэж, бат­лахдаа ор­­ло­гын  эх үүсвэрийг тодор­хой­лол­гүй­гээр ёстой л дуртай тоогоо тавьсан гэнэ.

“Намрын  дунд сард яаруу, сандруу орж ирж байгаа, бас хэлэлцэх нь зүйтэй” хэмээн алх тогшсон болохоор манай гишүүд их л удаж өөрсдийнх нь тойрогт дутуу гуцуу зүйл гарвал хэл ам хийсхийгээд, ногоон гэрлээр баталж ор­хисон нь лав. Угаасаа ч Засгийн газраас оруулж ирсэн тодотголыг дээрээс нь нэмнэ үү гэхээс хасдаггүй юм болохоор одоо төсөвлөөд байгаа зарлагатай тодотголыг юман чинээ тоогоогүй. Олон нийтэд бол Монгол Улс хагартлаа баяжаад төсвийн орлого нь хэтэртэл ихдээд байгаа учир хэрэгтэй зүйлд нь зарцуулах ёстой болоод “тараан байрлуулж” байгаа юм байна гэсэн ойлголт төрөөд байгаа.

Гэтэл тараан байрлуулах дээрх мөнгийг Сангийн яам олохдоо “Хөгжлийн банк”-наас авчээ. Тодруулбал, төрийн албан хаагч, төсвийн байгууллагынхны цалинг тавихын тулд бүтээн бай­гуу­лалтын гол эх үүсвэр болох мөнгийг авсан байгаа юм.

Уг нь төсвийн байгуул­лагынхны цалинг тавих гэж “Хөгжлийн банк”-ы данс руу хуруу дүрэх ёсгүй баймаар. Учир нь “Хөгжлийн банк” хөрөнгийн эх үүсвэртэй бо­лохын тулд Засгийн газрыг “барьцаанд” тавьж байж 680-хан сая ам.доллар цуг­луулсан. Тус банкныхны хэлс­нээр засгаас нэгэнт ба­талсан ажлуудыг хиймээр байвч тендерт шалгарсан нөхөд бодитой зүйл хийх нь бүү хэл төслөө ч бүрэн бүтэн болголгүй авч ирчихээд, санхүүжилтээ нэхээд байдаг аж.

680 сая ам.доллар бол бага мөнгө биш. Дээрээс нь хоногт 98 мянган ам.дол­ларын хүү төлж байгаа уч­раас “Хөгжлийн банк”-ны­хан энэ ажилд хөнгөн хуумгай хандахгүй гэдгээ илэрхийлэхэд Сангийн яам ч юм уу, Засгийн газар “Зохих мөнгийг олгосугай” гэх тушаалыг байнга нисгэдэг гэцгээдэг.

Хэрвээ Засгийн газар энэ янзаараа “Хөгжлийн банк”-ийг бамбай маягаар ашиглаад байвал мөнөөх Сайншандын аж үйлдвэрийн парк, шинэ төмөр зам, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр, авто зам, эрчим хүчний барилга байгууламж барих томоохон зорилтот аж­лууд гараанаасаа гарч ам­жилгүй зогсох нь.

 

Эх сурвалж : "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш