logo
«Болд төмөр Ерөө гол» ХХК Баянголын ордыг 10-аадхан жилийн дотор цөлмөх нь

«Болд төмөр Ерөө гол» ХХК Баянголын ордыг 10-аадхан жилийн дотор цөлмөх нь

2012/10/01

Улаанбаатар хотод анхны дас хаялахтай зэрэгцээд Сэлэнгэ аймгийг зорилоо. Сэлэнгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг «Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн сайн, мууг уудлахаар явж байгаа маань энэ.

Ерөө сумын хувьд хангайн бүсийн нутаг тул цаг агаар нэлээд таагүй байгаа болов уу гэсэн бодолтой хөдөллөө. Ингээд Дархан-Уул аймгийг өнгөртөл засмал замаар давхиж, Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын наахна ирээд Ерөө сум руу сайжруулсан шороон замаар салав. Шороо манан татуулан хэсэг «галигуулсны» эцэст сумын төвд хүрлээ.

Зам зуур жихүүн салхитай байсан хэдий ч Ерөө суманд цаг агаар бидний бодож байснаас өөр байсан юм. Намрын шар нар хурцаар ээж, замын хажуугийн тариан талбайд комбайн хүжигнэн, хадланчид нь өвс тэжээлээ ачиж бэлтгээд л... Тэнд жинхэнэ налгар намар болж байна аа. Хадаж бэлтгэсэн өвсөө «амьжиргаа цагаан» гэх бага оврын ачааны машинд дааж ядтал нь ачна. Тэр нь сүрлэг ч гэж жигтэйхэн. «Амьжиргаа цагаан» дээр нэвсийтэл ачсан өвс нь ар талаараа газар хүрч, замаар зөрөх машин шүргээд цаанаа л нэг урамтай. Зам зуур тариа, будааны бригадууд дайралдах аж. Хүн бүр л дор бүрнээ завгүй, нэг хэсэг нь будаа хүрздэж байхад зарим нь үтрэм дээр бөртийж, ажилсаг шоргоолж шиг л бужигнаж байгаа харагдсан. Ямар ч байсан Сэлэнгийн Ерөө суманд налгар сайхан намар болж байна лээ.

Харин бидний зорилго Ерөө суманд олборлолт явуулж буй «Болд төмөр Ерөө гол» ХХК. Монгол-Хятадын хамтарсан энэ компанийн хувьд сайнаасаа илүү муугаар хэлэгдэх нь их. Үнэндээ «Болд төмөр Ерөө гол» ХХК манай улсын хууль, эрх зүйг ашиглан хөнгөхөн тоглолт хийчхээд төмрийн хүдрийг татваргүй шахам БНХАУ руу «урсгаж» байгаа шулаач компаниудын нэг. Монгол талын хөрөнгө оруулагч нь «Дорнын говь» ХХК-ийн захирал Б.Дэлгэрсайхан гэгч.

Б.Дэлгэрсайханы ард талын нууд эзнээр экс Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр зэрэг эрхмүүдийг тодруулж байсан боловч хэн нь ч батлаагүй. Бидний зорилго ч үүнийг батлах биш.

«Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн олборлолт явуулж буй Баянголын орд 110 сая төмрийн хүдрийн нөөцтэй. Энэ ч утгаараа стратегийн ач холбогдол бүхий ордуудын тоонд оруулах боломжтой манай улсын томоохон ордуудын нэг гэдэг юм билээ. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т «Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд» гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ» гэсэн байдаг.

Тэгвэл албаны хүмүүсийн мэдээлснээр «Болд төмөр Ерөө гол» ХХК 2010, 2011 онд нийт 6.2 сая төмрийн хүдрийг түүхийгээр нь, 3.5 сая тонныг баяжуулан экспортолж, нийт 349.9 сая ам.долларын борлуулалт хийсэн байна. Тэгэхээр энэ нь манай улсын төсвийн 5.3 хувьтай тэнцэж байгаа гэсэн үг. «Болд төмөр Ерөө гол» ХХК Баянголын төмрийн ордоос ийм хэмжээний ашиг олж байгаа учраас тус ордыг стратегийн ач холбогдол бүхий ордын тоонд оруулах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байсан. Иймээс л бид стратегийн хэмжээний том ордыг сэмхэн мэрж байгаа «Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн эзэмшдэг Баянголын ордыг зорьсон хэрэг.

Хааяадаа энэ компанийн тухай мэдээлэл гардаг ч тэгсхийгээд дарагддаг. Үүнийг хуучин Засгийн газрын нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбон тайлбарлах нь ч бий. Харин өнөөдөр шинэчлэлээр уриагаа хийсэн Н.Алтанхуягийн шинэ Засгийн газар уул уурхайн салбарын жолоог атгаж байгаа учраас «Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн асуудлыг дахин нэг хөндвөл яадаг юм бол. Өөрөөр хэлбэл, шинэ Засгийн газар хуучны бугшмал асуудлыг аль болох цэгцлэхийг хичээж байгаа нь «Болд төмөр Ерөө гол» ХХК- ийн асуудлыг авч үзэх байх гэсэн найдлагыг Ерөө сумын иргэдэд төрүүлж байсан юм.

Манай сурвалжлах хэсэг Ерөө суманд ирсэн даруйдаа сумын Засаг дарга болон орон нутгийн иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон. Орон нутгийн иргэд энэ компанийн талаар ам муутай байдаг аж. Харин сумын Засаг дарга Б.Сэргэлэнгийн хувьд сум орон нутагт нь өгдөг хэдэн төгрөгөөс болоод ч тэр үү, «Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн үйл ажиллагаа ихэд таалагддаг гэсэн. Засаг даргын хэлж байгаагаар төмрийн хүдрээ зөөж хил давуулдаг тус компанийн төмөр замыг орон нутагт хийсэн том бүтээн байгуулалт хэмээн тайлбарлаж байсан. Гэвч энэ төмөр замыг өнөө хэр нь улсын комисс хүлээж аваагүй.

Хамгийн гол нь төмөр замыг улсын комисс хүлээж аваагүй байхад өдөрт хэдэн зуун вагон төмрийн хүдрийг зөөдөг юм билээ. Төмөр замыг нь улсын комисс хүлээж авсан ч Хүдэр, Ерөө сумаас холуур тавигдсан болохоор орон нутагт ямар ч ашиггүй. Хүн, ачаа бараа тээвэрлэх ч боломжгүй. Гэтэл үүнийг сумынх нь Засаг дарга том хөрөнгө оруулалт гээд сууж байдаг. Товчхондоо «Болд төмөр Ерөө гол» ХХК ёстой л нүглийн нүдийг гурил&ар хуурна гэдэг шиг өнөө маргаашийг аргалсан хямдхан зүйл бүтээжээ.

Баянголын ордын нөөц нэмэгдэж магадгүй


Ингээд сурвалжлагынхаа эхэнд Ерөө сумын Засаг дарга Б.Сэргэлэнгийн ярилцлагыг хүргэе.

-«Болд төмөр Ерөө гол» ХХК Ерөө сумын нутагт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Сум оров нутагт хэр үр өгөөжтэй байна вэ?


-«Болд төмөр Ерөө гол» ХХК долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийсэн. Үүний нэг нь төмөр зам. Ерөнхийдөө уурхай нь жилд дунджаар гурван сая тонн төмрийн хүдэр олборлоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ.

-Ордын нөөцийг 110 сая тонн гэж тогтоосон гэдэг. Ийм нөөцийг хэдэн жил олборлох бол оо?


-110 сая тонн нөөцийг 50-60 жилийн хугацаанд олборлоно гэсэн тооцоо бий. Гэхдээ миний ойлгож байгаагаар цаашдаа нөөцийн хэмжээ нэмэгдэж магадгүй. Төмрийн хүдрийн ордын нөөц нь босоо тогтоцтой байдаг гэсэн. Ийм босоо ордыг ашиглаад дундаа орох үед дахин өрөмдлөг хийдэг юм шиг байна лээ. Үүний дараа нөөцийн хэмжээ нэмэгдэх эсэх нь тодорхой болох биз.

-Эднийх улсын комисс хүлээж аваагүй төмөр замаар тээвэрлэлт хийж байгаа гэсэн. Орон нутгийн зүгээс энэ эрсдэлтэй зүйлд хориг, саад тавьж үзсэн үү?


-Төмөр замыг хүлээж авах ажил удаашралтай байна. Би өөрөө төмөр замыг хүлээж авах ажлын хэсэгт багтсан. Өнгөрсөн  тавдугаар сард төмөр замыг хүлээж авах улсын комисс хэд хэдэн удаа хуралдаж ярилцсан юм. Сонгуулиас өмнө төмөр зам хүлээж авах ажил эрчимтэй явж байсан. Би ажлын хэсэг дотроо бас нэг дэд ажлын хэсэгт багтсан. Тэр нь төмөр замыг хүлээж авахад орон нутгийн иргэдийн санаа бодлыг тусгах зорилготой.

-Яагаад улсын комисс хүлээж авахгүй байгаа юм бэ?


-Чухам хаанаа, яагаад гацаад байгааг нь би мэдэхгүй юм. Компанидаа байдаг юм уу, улсын комисстоо байдаг юм уу бүү мэд.



-Та энэ төмөр замыг орон нутгийн иргэдэд ач холбогдолтой гэж үздэг юм байна. Харин иргэд тийм ч сэтгэл хангалуун бус байсан. Энэ төмөр зам орон нутагт яг ямар ач холбогдол егөх вэ?


-Өнгөрсөн жилээс иргэд, аж ахуйн нэгжийн үр тариаг энэ төмөр замаар татах асуудлыг ярьж байна. Ерөнхий захиралд нь энэ асуудлаар хандахад ийм туслалцаа үзүүлнэ гээд хэзээ, хэдэн тонн үр тариа ачих төлөвлөгөөгөө гаргаж өгөөрэй гэсэн.



Манай сумын тариа хураалт 80 гаруй хувьтай явж байгаа. Дуусаад л зөөвөрлөх асуудал яригдана. Энд нэг хүндрэл учирдаг. Компанийн зүгээс зөвшөөрчхөөд байхад Монголын төмөр замынхан «Энэ замыг улс хүлээж аваагүй» гээд тариа ачих зориулалттай яшик өгдөггүй. Өнгөрсөн жил нэлээд хөөцөлдөж байж хэдэн тонн тариа, будаа зөөсөн. Энэ жил «Улаанбаатар гурил» ХХК-д өгөх тариа будаагаа эдний төмөр замаар зөөнө гэсэн төлөвлөгөөтэй байна. Улсын комисс хүлээж аваагүй гэдэг утгаараа тариа будааны зориулалтын вагон оруулж ирэхэд хүндрэлтэй. Тиймээс энэ замыг хүлээгээд авчих л юм бол бидэнд ийм асуудал гарахгүй.

-Монголын төмөр замын мөрддөг стандартын шаардлага хангаагүй төмөр зам барьсан гэдэг асуудал яригдаж байсан. Үнэн үү?


-Ямар ч байсан би тийм зүйл сонсоогүй. Ерөнхийдөө төмөр замыг улсын комисс хүлээж авах ажил УИХ-ын сонгуулиас болоод л хойшилсон шүү дээ. Уг нь УИХ- ын сонгуулиас өмнө хүлээж авна гэж байсан юм. Энэ төмөр зам бол Монголын төмөр замын дангаараа хүлээж авах гэж байгаа анхны тохиолдол.
Тийм болохоор нарийн няхуур хандаж байгаа байх. Урагшаа говь руу төмөр зам барих гээд их ярьж байна. Тэгэхээр энэ ажлын хэсэг ажлаа шуурхайлах хэрэгтэй байгаа юм. Миний хувьд энэ төмөр замыг маш хурдан хүлээж авах хэрэгтэй гэж бодож байна.



-«Болд төмөр Ерөө гол» ХХК оров нутагт төмөр замаас гадна ямар хандив тусламж үзүүлж байна вэ?


-Жил бүр гэрээ байгуулдаг юм. Энэ жил гэхэд л 21 оюутны сургалтын төлбөрийг даахаар болсон. Энэ оюутнуудыг дөрвөн жилийн хугацаанд төлбөрийг нь төлж төгсгөнө. Компани орон нутаг хоорондын хамтын ажиллагаа боломжийн шүү. Мэдээж компани учраас сайн, муу зүйл бий.

Сайн талаас нь харах юм бол манай аймгаас 340 гаруй хүн «Болд төмөр Ерөө гол» ХХК-д ажиллаж байна. Энэ нь нийт ажиллах хүчний 40 орчим хувийг бүрдүүлдэг. Энд ажилладаг хүмүүсийн дундаж цалин 700 мянган төгрөг. 300 хүнийхээ авч байгаа дундаж цалинг бодоод үзэхээр cap бүр 210 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна.

-Сум орон нутгийг хөгжүүлэх сан гэж бий. «Болд төмөр Ерөө гол» ХХК сум хөгжүүлэх санд хэдий хэмжээний хөрөнгө оруулдаг вэ?


-Би үүнийг хэлмээргүй байна.



-Яагаад. Сум хөгжүүлэх сангийн орлого, зарлага нээлттэй л байдаг шүү дээ?


-2012 оны гэрээнд тусгаснаар сум хөгжүүлэх санд 450 сая төгрөг /Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад компанийн хандив хамаарна./ төвлөрүүлнэ гэж тохирсон. Мөнгө орсны дараа бид ИТХ-аараа зарцуулах хуваарийг батална. Энэ жил иргэдээс ирсэн санал, хүсэлтийн дагуу 40 гаруй хувийг нь зээл хэлбэрээр олгохоор болсон.



-Өмнөх жилүүдэд хэдий хэмжээний мөнгө хандивласан бэ?


-Би энэ тоог нарийн санахгүй байна. Манай төрийн санч дээр бүх мэдээлэл нь байгаа.



-Орон нутагт хэр татвар төлдөг юм бэ?


-Төмөр зам баригдаж байх хугацааны татвар гэж төлж байсан. Мөн карьерынхыг төлж байсан. Энэ жил татвар төлөөгүй.



-«Болд төмөр Ерөө гол» ХХК- ийн дийлэнх хувийг Хятадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Энэ хувь өөрчлөгдсөн гэж сонссон. Одоо Монгол талын хөрөнгө оруулагч хэдэн хувийг эзэмшиж байна вэ?


-Өмнө нь монголчууд 30, хятадууд 70 хувийг нь эзэмшиж байсан. Саяхан ерөнхий захиралтай нь уулзахад 40 гаруй хувийг нь Монгол тал нь эзэмшдэг болсон гэж байсан. Тэгэхээр Монгол талын эзэмшигчийн хувь нэмэгдсэн юм шиг байна. Уурхайн удирдлагад нь хятад ажилчдаа цөөлж, монгол ажилчдыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа гэсэн.



-Байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудал чухлаар тавигдаж байна. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөө зэргийг баталсан байдаг юм уу?


-Уурхай нь босоо тогтоцтой болохоор олборлолт дууссаны дараа нөхөн сэргээлт хийдэг юм шиг байна лээ.
Энэ хүрээд Засаг даргын ярилцлагыг өндөрлөе. «Болд төмөр Ерөө гол» ХХК-ийн орон нутагт өгч буй хандив тусламж нэг иймэрхүү. Жилийн дөрвөн улиралд орон нутагт тавьсан төмөр замыг ашигладаг хэрнээ намар нь хэрүүл, уруултай тариа будааг нь зөөж өгнө. Жилд гурван сая тонн төмрийн хүдэр зөөж байгаа хэр нь дөнгөж зуун сая төгрөгийг сум хөгжүүлэх санд өгдөг нэртэй.

Засаг даргын ярьж байгаагаар 110 сая тонн нөөцийг 50-60 жилд ашиглана гэжээ. Гэвч жилд олборлох гурван сая тоннын нөөцийн хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа аж. Тиймээс 50- 60 жил ашиглаж, түүнээсээ орон нутагт хандив өгөх ёстой «Болд төмөр Ерөө гол» ХХК Баянголын ордыг 10-аадхан жилд ашиглах нь бололтой. Оюу толгойн гэрээг батлах асуудал ид шуугиж байхад УИХ- ын гишүүн агсан О.Энхсайхан «Оюу толгойг тогоотой сүү гэж үзвэл хөрөнгө оруулагчид бидэнд пенцеллиний шилээр ганц хутгаж өгөх гээд байна» хэмээн мундаг зүйрлэж билээ. «Болд төмөр Ерөө гол» ХХК үүнээс ч долоон дор, Тогоотой сүүнээс нь амсуулах ч үгүй, хуруугаа дүрээд л орон нутгийн засаг, захиргаанд долоолгочихоод л бусдыг нь «уучихаж» байна, Яана даа...

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш