logo
 Нутгийнхны минь саналыг худалдаж авсан хоёр гишүүнд “Хүн хуурах гэж зарлагадсан мөнгөө Монголын төрөөс хулгайлж, хэд дахин нугалж олж аваарай” гэдэг ерөөл тавьж байна

Нутгийнхны минь саналыг худалдаж авсан хоёр гишүүнд “Хүн хуурах гэж зарлагадсан мөнгөө Монголын төрөөс хулгайлж, хэд дахин нугалж олж аваарай” гэдэг ерөөл тавьж байна

2012/10/01

УИХ-ын хоёр ч сонгуульд нэр дэвшин ялагдал хүлээгээд байгаа ч улс төрийн тэмцлээ зогсоох бодолгүй байгаа МУГЖ, дуучин Жавхлантай уулзаж ярилцлаа.


-Дуучин Жавхлан хэт улстөржиж байна. Уран бүтээлээ хийхгүй байна гэсэн шүүмжлэл их байгаа. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Жавхлан зүгээр суугаагүй, Энэ зуны зургаан сарын хугацаанд гэхэд л Хөвсгөл, Архангай, Завханы нутгуудаар явж ард түмнийхээ үзэл бодлыг сонслоо. Бас өөрийн үзэл бодлоо ч хуваалцлаа.Монгол орон минь яаж байна. Ард иргэд минь хэрхэн амьдарч байна гэдгийг нүдээрээ үзээд ирсэн. Тиймээс их л завгүй яваа.
-Нуурыг минь ширгээхийг би тэвчихгүй
-Нутгыг минь арилжихыг би тэвчихгүй гэдэг нэг ийм шүлэггэй “Би тэвчихгүй" гэсэн шинэ уран бүтээлээ гаргасан байгаа. Мөн “Эх орончдын дуу” гэсэн дуу хийлээ. Одоогоор ийм хоёр шинэ дуугаа үзэгчдийн хүртээл болгоод байна. Дараа дараагийн дуунууд маань ар араасаа хөврөөд явж байна. Би зүгээр суугаагүй. Харин ч их ажиллаж байгаа.



-Энэ зун сонгууль болсон. Танай нутгийн сонгууль шударга явагдаж чадсан уу? Таныг төрсөн нутагтаа ялагдсанд олон хүн гайхаж байгаа байх?

-Ах нь мөнгөнд ялагдсан. Үнэхээр мөнгө гэдэг бол хүчтэй л юм байна. Түмэн олон маань ядуу байна. Тийм ч учраас их жижигхэн зүйлд ард түмэн хууртагдаж байгааг харлаа. Үүнээс болоод Монгол орон даяар Увс нутгийг минь шившиг болгохыг ард түмэн харсан байх. Хүмүүс ийм амархан зүйлд хууртагдах болсонд хэн буруутай вэ? Мөнгөөр ард түмний саналыг худалдан авдаг энэ хүмүүс л буруутай.

 

Би тэр хоёр нөхерт нэг ерөөл тавьмаар байна. “Хүн хуурч, зарлагадсан мөнгөө Монголын төрөөс хэд дахин нугалж, хулгайлж олж аваарай” гэж ерөөмөөр байна. Хамгийн гол нь нутгийнхандаа би гомдоогүй. “Далан худалчийн үлгэр” гэж дээр үед гардаг байсан. Одоо харин далан зургаан худалчийн үлгэрт намайг нутгийнхан минь оруулахыг хүсээгүй байлгүй дээ. Нөгөө талаар сонгосон сонгоогүй нь хамаагүй миний нутгийн ард иргэд намайг сонсож чадсанд маш их баярласан.

 


-Сонгуулийн дараа санал тоолох машин алдаатай байсан гэдэг баахан маргаан дэгдсэн. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал тоолох машин иргэдийн саналыг үсэргээд байна уу даа гэдэг хүмүүсийн ам дамжсан яриа надад хардалт төрүүлж байсан. Энэнд үнэний ор бий.



-Зохиолын дуучдын тэргүүнд байдаг дуучин бол С.Жавхлан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харин ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин улс төрд хөл тавихад ард түмэн таагүй хүлээж айвсан. Үүнийг та хүлээн зөвшөөрнө биз дээ?

-Хамгийн анх намайг дуулж байхад “Энэ нэг залуу дуулж чадах уу?” гэдэг басамжлал цөөнгүй хүний зүгээс ирдэг л байсан. Харин одоо арав гаруй цомог гаргаад ирэхээр дуучин гэдгийг минь хүлээн зөвшөөрч байна. Одоо Жавхлан гэдэг хүнийг хэн ч хараад танихаар болсон. Анх намайг хүлээн зөвшөөрөхгүй байхаас эхлээд хүлээн зөвшөөртөл нь би ажилласан. Олон цомог гаргасан.

 

Яг л үүнтэй адил би улс төрд одоогоор хоёр дахь цомгоо гаргаад л байгаа. Улс төрд Жавхлан гэдэг хүн арван цомог гаргаад ирэхээр бас л хүлээн зөвшөөрөх болно. Би эх орондоо хайртай , жирийн нэгэн иргэн. Би эхнэртээ хайртай, хүүхэддээ хайртай гэхээсээ илүү эх орон болох үүсгэгчрүүгээ илүү их хайр зарлаж чадсанаараа эх орноо илүү их хайрласан анхны залуу гэж өөрийгөө бодож байна.

 

Би залуучуудад бас хэлмээр л байгаа юм. Үнэхээр та эх орноо хайрлаж чаддаг бол үүнийгээ хэлж чаддаг байх хэрэгтэй. Хэлж чаддаг бол та эх орноо хамгаалж чаддаг байх хэрэгтэй. Би бол эх орноо гэсэн сэтгэлээр л энэ бүхнийг хийж яваа хүн. Надад баяр жаргал, зовлон гуниг тааралдана уу, юу таарах нь хамаагүй. Би эх орноо хамгаална гэсэн л бол хамгаална. Тийм ч учраас Жавхлан алдаж байна, онож байна, хэл ам гарч байна. Хүмүүс намайг элдвээр муучилж байна гэдгээс айж ичдэггүй.

 


Та улс төрд хөл тавихгүйгээр, уран бүтээлээ хийгээд явж байсан бол илүү амар байх байсан нь мэдээж?

-Би зүгээр л уран бүтээлээ хийгээд явж байсан. Уран бүтээлээ хүргэхээр Монгол орныг зургаа удаа тойроход эх орон маань яаж сэглэгдэж, яаж түмэн олон уурлаж, бухимдаж байгааг олж харсан. Гол, горхи нуур, уул ус нь ширгэж, малчин түмэн ядарч, зүдэрч байгааг нүдээрээ хараад үнэхээр гутарсан Монгол орон ийм байхад “Монгол сайхан байна, болж байна" гэж худал дуулах хүсэл надад байгаагүй.

 

“Монголын үнэртэй салхи”, “Дарьганга нутаг минь” гээд дуулахад ийм миний дуу утгаа алдаж, худал болж байна. Хаа сайгүй ядарсан түмэн, сэглэгдсэн газар нутаг дурайж байхад би ингэж худлаа дуулж яах юм бэ? Тиймээс Улсын их хурлын гишүүд худал ярьдаг шиг би худал дуу дуулаад сэтгэл амар сууж байхыг хүсээгүй. Одоо ч цаашид ч миний дуулах дуунууд эх орноо хамгаалах, нэгтгэх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, энэ мартагдаад байгаа эх орныг хөл дээр нь босгож ирэх гэсэн зорилготой байна. Энэ зорилго маань намайг улс төр рүү хөтөлсөн.

 

Үүгээрээ ч Жавхлан гэдэг хүн хувь тавилангаа олж авсан. Хүн ямар ч мэргэжилтэй байж болно. Тухайн хүн тогооч байна уу, дуучин байна уу хамаагүй. Тэр хүн ээжийнх нь бие муудахад эмч эмчилнэ гээд гараа хумхиад хүлээгээд суухгүй нь мэдээж шүү дээ. Чи ээжийгээ түшихгүй гэж үү. Үүнтэй адил эх орон чинь 4200 лицензинд сэглэгдчихээд байхад “Өө. Би дуучин хүн. Дуугаа дуулаад л сайхан амьдарна” гэх сэтгэл надад байгаагүй. Намайг ганцхан дуугаа дуулаад л явах ёстой гэж бодож байгаа тэр хүмүүс бол зөвхөн амин хувиа хичээгчид л гэж би боддог. Ээжийнхээ биеийг муу байхад түшиж чадахгүй бол тэр муу хүүхэд болж таарна. Тийм учраас л би эх орныхоо төлөө тэмцсээр ч байх болно.

 



-Та саяхан “Эх орончдийн хөдөлгөөн” нэртэй төрийн бус байгууллага байгуулаад өөрөө тэргүүнээр нь ажиллаж байгаа. Чухам яагаад энэ холбоог байгуулах болсон бэ?

-Эх орончдийн хөдөлгөөн албан ёсоор байгуулагдсан. Залуу хүмүүст хэлэхэд хэн нэгэн охинд, хэн нэгэн залууд хайр зарлаж явахынхаа оронд та нар эх орондоо хайр зарлаачээ гэж хэлмээр байна. Ингэвэл эх орон чинь арай нэг өөр болно. Эх орондоо хайргүй хүн гэж үгүй. Харин чи яаж хайрлахаа мэдэхгүй байвал над дээр хүрээд ир. Залуучууд хүчээ нэгтгэцгээе гэж би энэ хөдөлгөөнийг байгуулсан юм.

 



-Танай хөдөлгөөнийхөн МУ-ын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлэх гэж байгаа гэсэн. Энэ шаардлагыг төрийн тэргүүн хүлээж авах болов уу?

-Ерөнхийлөгч бол энэ улс эх орны эцэг нь болох хүн. Гэтэл аав болчихоод “Би та нарын өмнөөс ингэж чадна, тэгж чадна” гэж амлачихаад алга болсон. Ер нь худлаа амлагсадыг бид зүгээр суулгахгүй. Бид ямар нэг нэр хаяггүй мэдэгдэл гаргаж, төр засаг гэж хоосон шүүмжлэл өрнүүлэхгүй. Харин худал амлалт авч төрийн эрхэнд гарчихаад алга болдог тийм хүмүүст манай хөдөлгөөн илүү их анхаарлаа хандуулж , хэн ч байсан нэр цохох болно.

 

Жавхлан гэдэг хүн үхэн үхтлээ тэр хүнийг засартал нь нэр цохох болно. Би энэ санааг хөдөө нутгийнхаа ард иргэд, малчдаасаа авсан. Харин малчид маань Ерөнхийлөгчидөө үнэхээр их гомдож байна. Хүүхдүүд нь уйлж байхад аав нь тоохгүй байж болдог юм уу? Тэр хүн ер нь Монголын ард түмнийг боддог юм уу? Үгүй юм уу гэж ард иргэд асууж байна лээ. Манай хөдөлгөөн түмэн олныхоо л талд орно.

 



-Та нар, иргэний хөдөлгөөнийхөн “Монгол улс сүйрлээ”, “мөхлөө” гэж байнга л ярьдаг, жагсаал цуглаан зохион байгуулдаг. Харамсалтай нь юу ч өөрчлөгдсөнгүй. Ийм байхад дахин иргэний хөдөлгөөн байгуулах хэрэг байгаа юм уу?

-Одоо энэ хүмүүс мөнх хөх тэнгэрээ л зарах үлдээд байна. Хэрвээ болдог бол, хэн нэг нь гайгүйхэн үнэ хэлвэл хөх тэнгэрээ ч өгөхөд бэлэн байна. Урьд нь хүн төрөлхтөн гэж байдаг байсан бол одоо аалзан төрөлтөн болж хувираад байна. Аалз гэдэг амьтан эхийнхээ нурууг идсээр байгаад дуусдаг. Яг л түүн шиг бид нар эх дэлхийгээ гишгэж нэг зовооно.

 

Усыг нь ууж нэг зовооно. Агаарыг нь амьсгалж хэрэглэнэ. Алтан нарныхаа элч энергийг нь авна. Модыг нь хугалж түлнэ. Ингэж байгаа мөртлөө дахиад эхийнхээ өр элгийг нь цөмлөөд л сууж байна шүү дээ. Манай хөдөлгөөн яг энэ аалзан төрөлтнүүдийг хүн төрөлхтөн болгоё л гэсэн зорилготой.

 



-Танай хөдөлгөөн одоогоор хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байна.

-Идэвхитэй залуус их байна. Тамга тэмдгээ ч авчихлаа. Эвт шаазгай буга барина гэдэг зарчмыг л баримталж ажиллах болно. Үнэн байхад худлаар яахав. Ухаан байхад бяраар яахав гэдэг шиг аливаа нэг зүйлийг бярдах хэрэггүй байдаг юм.

 



-Сүүлийн үед хууль шударга бус байна гэсэн шүүмжлэл их гарах болж. Гэхдээ тэр хуулийг шударгаар биелүүлдэг, хэрэглэдэг хүн гэж байхгүй байна шүү дээ?

-Хуулийг эрх мэдэлтэй хүмүүс өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Миний ойлгож байгаагаар хууль гэдэг нь бидний харилцаан дотор бидний харилцааг зохицуулж байх ёстой зүйл. Түүнээс биш нэгнийгээ дээрэмддэг, цөлөмдөг ийм хууль байна гэж тулган шаарддаг, энэ хууль нь захын нэг малчинг хүртэл дарамтдлах хэрэгсэл болдог байж болохгүй. Өнөөдөр ихэнх настан буурлууд маань “Монголд төр гэж байхгүй болчихжээ” гэж ярьж байна. Үнэхээр ч төр гэж байхаа больсон байна. Өнөөдөр хуулийг дээрмийн хэрэгсэл л болгон ашиглаж байна гэж би ойлгож байна.

 



-Та МАХН-д элссэн. Гэхдээ Н.Энхбаярын нэр нөлөөгөөр албан тушаалд хүрсэн олон хүн түүнийг орхисон гэдэгтэй та санал нийлэх үү?


-Би МАХН-ын гишүүн хүн. Сая энэ намаас нэр дэвшсэн. Зарим нэгэн хүмүүс хэний нэрээр гарч төрд сууснаа мартсан бололтой, оодорч  байна. Хүний нэрээр гарчихаад тэр хүний төлөө санаа зовохгүй байгаад нь миний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Жаахан ч биш маш их анхааралтай ажиглаж байгаа гэх үү дээ. Яагаад гэхээр хүний нэрээр гарч ирчихээд, хүний зовлон дээр тоглочихоод нэг хүний ашиг сонирхлоос илүү түмэн олныхоо ашиг сонирхлыг бодох ёстой.

 

Гэтэл нэг хүний ашиг сонирхолыг бодож чадахгүй байгаа тэр хүн хоёр сая есөн зуун мянган хүний ашиг сонирхолыг бодож чадах уу? Хүн бүрийн ашиг сонирхлоос Монгол улсын ашиг сонирхол гарч ирнэ. Харин Энхбаярын даргын нэрээр дөрөөлж гарсан хүмүүс одоо тэр хүнийг орхиж байна.    Нэг хүнийхээ ашиг сонирхлыг хамгаалж чадаагүй ийм төрд би гуйсан ч орохгүй байсан гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.

 



-Сүүлийн үед Жавхлан дуулж чадахаа байсан. Хоолой нь гарахаа больсон. Тиймээс улс төржиж, хийрхэж байна гэдэг яриа гарах болсон?

-Тийм үү. Би л лав сонсоогүй юм байна. Эх орныхоо төлөө их яриад тэгсэн юм байлгүй дээ.

 



-Саяхан танайх бүл нэмсэн. Жавхлан гэдэг айл их өнөр өтгөн болж байгаа сурагтай? Гэхдээ “Жавхлан авгайдаа олон хүүхэд гаргах үүрэг өгсөн” гэдэг мэдээлэл гарсан байна лээ?

-Хүүхэд гэдэг үүрэг өгөөд тушаалаар бүтдэг зүйл биш шүү дээ. Энэ бол байгалийн жамаар л явагддаг зүйл. Үүнийг бичсэн хүн нь өөрөө үүргээр юм уу эс суулгасанаар төрсөн юм байлгүй. Эсвэл усан заяатай, боол сэтгэхүйтэй хүн л ийм юм сэтгэсэн байх л даа. Байгалийн жамийг үүрэгддэг байж болох уу? Уг нь бид чинь байгалийн бүтээгдэхүүн баймаар юм.

 


-Танай эхнэр уртын дуучин хүн. Гэвч тантай амьдрал холбосноос хойш уран бүтээлээсээ бүрмөсөн хөндийрөөд байгаа. Та үүнд санаа зовохгүй байна уу?

-Уран бүтээл амьдрал гээд бүгд хослоод л явна. Жавхлан гэдэг хүний Оюу толгой, Таван толгой хаана байдаг вэ? гэхээр энэ хоолойнд л байдаг. Үүнийг ухаж, тасдаад авчихгүй л бол уран бүтээлээ орхилгүй хийсээр л байх болно. Манай эхнэр ч гэсэн адилхан.

 



Таныг эхнэрээ араг түшүүлж амаржуулсан. Монгол гэрт амьдарч байна гэдэг сенсааци яагаад гарах болсон бэ?

-Яахав дээ. Энэ хүмүүс чинь надад дургүй хэрнээ л миний ямар гутал өмссөнийг хүртэл сонирхоод байх юм байна шүү дээ. Тийм дургүй л юм бол миний тухай ярихаа больчих л хэрэгтэй. Миний амьдралын хэв маяг хүмүүст сонин байна гэдэг Жавхлангийн хийсэн үйлдэл бүр ньхүнд хүчтэй хүрдэг юм байна гэдгийн л нэг нотолгоо.

 

Жавхлан эцэг дээдсийнхээ халуун буурьтай, бөмбөгөр цагаан гэрт байна гэдгийг сонсоод гайхаж байгаа бол тэр хүн монголоосоо холдож байгаагийн л шинж. Бидний өвөг дээдэс бүгд л гэрт л амьдарч байсан. Одоо яригдаад байгаа 2012 оны байгалийн шалгаралд Үнэхээр Монгол гэр чинь та нарыг аврах болно. Жавхлангийн амьдралыг сонирхохоос илүү Жавхлан юу хэлээд сануулаад байгааг ойлгох хэрэгтэй.

З.Одончимэг
Эх сурвалж:”Тэргүүн”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш