logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тейн Сейн, Аун Сан Сүү Чи нартай уулзлаа

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тейн Сейн, Аун Сан Сүү Чи нартай уулзлаа

2012/10/02
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы хүрээнд өрнөсөн Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлснийхээ дараа Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мьянмар Улсад ардчиллын чиглэлээр анхны алхмууд хийж эхэлсэнтэй холбогдуулан Та бүхэнд амжилт хүсье. Мьянмар Улсын ардчилсан өөрчлөлт хийхэд тус дэм үзүүлэх зорилгоор АОХН-ийн Ажлын түр хэсэг байгуулах саналыг АОХН-ийн дарга орны хувьд Монгол Улс гаргаад байгаадаа баяртай байна” гэлээ.  

Тус саналыг АОХН-ийн Удирдах Зөвлөл өнгөрсөн 7 дугаар сард Улаанбаатар хотноо болсон хурлаараа сайшаан дэмжсэн бөгөөд АОХН-ийн Мьянмарын Ажлын түр хэсгийн анхны хуралдаан энэ 9 дүгээр сарын 26-нд Нью-Йорк хотноо хуралдаж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцсэн юм. Мөн тус хурлаар Монгол Улсыг Ажлын түр хэсгийн даргаар санал нэгтэй сонгов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ Монгол Улс Мьянмар Улстай ардчиллын туршлага солилцох, хоёр орны харилцааг өргөжүүлж худалаа, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх зорилтыг тавьж байгаа. Танай Улс бол Буддын шашины соёлтой Монгол Улстай эрт үеэс харилцааны уламжлалтай орон. Бид танай улсын шилжилтийн сорилт бэрхшээлийг даван туулж буй энэ үед бүхий л талаар дэмжиж ажиллах болно гэв.

Мьянмар Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр хэлэхдээ Монгол Улс АОХН-ийн даргалж байх хугацаандаа олон чухал санаачилга гарган хэрэгжүүлж буйд талархал илэрхийлээд Мьянмарын асуудлаарх Монгол Улсын санаачилга, дэмжлэгт өндөр ач холбогдол өгч буйгаа хэллээ. Мөн тэрээр Ардчиллын сорилт бэрхшээлийг даван туулж Ази дахь арчиллын үлгэр жишээ, хөтөч болж буй Монгол Улсын туршлагаас цаашид илүү ихийг суралцах болно хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганы үеэр 1991 оны Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч Мьянмарын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Аун Сан Сү Чи-г хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ эрх чөлөө, үнэт зүйлийнхээ төлөө олон жил тэмцэж, олон бэрхшээлийг даван туулж чадсан Таньд юуны өмнө халуун баяр хүргэе. Чөлөөт нийгмийн төлөө хүний эрхийн салбарт гаргасан таны тэмцэл бас туршлага ардчиллыг бэхжүүлэхийг зорьж буй олон улс оронд урам зориг төрүүлж байна хэмээв.

Дараа нь Дэв Аун Сан Сүү Куй хэлэхдээ Таны НҮБ-ын индрээс дөнгөж саяхан хэлсэн үгийг миний бие сэтгэл догдлон хүлээн авлаа. Бид Монгол Улсын Ардчиллын салбарт амжилт олж туулсан туршлагаа бусадтай хуваалцаж байгаад баяртай байна.  Мөн Монгол Улс АОХН-ийг даргалж олон сайн санаачилга гарган хүн төрөлхтөний өөдрөг ирээдүйд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна гэлээ.

Дашрамд дурьдахад Мьянмарын хүний эрхийн төлөө тэмцэгч Нобелын шагналт Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн  Аун Сан Сү Чи нь хүний эрхийн төлөө тэмцсэнийхээ төлөө 15 жилийн турш гэрийн хоринд хоригдсон бөгөөд түүнийг суллахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн 60 гаруй орны төрийн тэргүүний хамтаар гэрийн хориноос суллууулах шаардлага тавьж байсан юм.

Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн  Аун Сан Сү Чи -гийн гэрийн хорионоос гарсныхаа дараа хамгийн түрүүнд утсаар ярьж эрх чөлөөтэй болсноо хуваалцсан хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ сарын 22-нд Харвардын их сургуулийн Кеннедигийн форумд лекц уншсанаас таван өдрийн дараа мөн Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн  Аун Сан Сү Чи тус сургуульд уригдан эрх чөлөө, ардчиллын сэдвээр лекц уншсан байна.

/www.president.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш