logo
Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр дангаараа урагшлах цаг болсон уу?

Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр дангаараа урагшлах цаг болсон уу?

2012/10/02

Хятадын төрийн өмчит “Чалко” компанийн хувь­цаа­гаа худалдах гэсэн тө­лөв­­лөгөө амжилтгүй бол­сон тухай бид өчигдөр мэ­­­­дээл­сэн. Шалтгаан нь хятадууд Мон­­­голд орд га­зар эзэмшихийн тулд хууль бус үйл ажиллагаа явуул­сан, нө­гөө­тэйгүүр ма­най улс гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах, хя­нах тухай хуультай болсон явдал.

Дээрх  явдлыг    монгол­чууд хятадуудын хохь хэ­мээн ойл­гож буй ч энэ нь хоёр талтай асуудал. Учир нь өнөөгийн байдлаар бид га­даадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаанд “дул­дуйдан” эдийн засгаа хөг­жүүлж байгаа.

Гэтэл Стра­тегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­цуулах ту­хай хуулийг өнгөрсөн зур­гаадугаар сард баталснаар эдийн засгийн өсөлт тийм ч хурдтай өөдлөхөөргүй болов. Гол нь стратегийн буюу онц­гой нөхцөлт салбаруудад уул уурхай, эрдэс баялгаас гадна банк, санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, эрчим хүчний салбарыг оруул­сан байх юм.

Уг нь манайхан дээрх салбаруудад л гадаадын хөрөнгө оруулалтыг түл­хүү татдаг. Харин одоо эд­гээрт хөрөнгө оруулж, хамт­ран ажиллахыг хүссэн гадаа­дын­хан Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авах ёс­той болж байна. Гэхдээ энэ заалтын үйлчлэл зарим тохиолдолд бүр хүндрэх юм. Тодруулбал, “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хэмжээ 49 хувиас илүү гарах бөгөөд тухайн үед оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 тэрбум төгрөгөөс давах тохиолдолд Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын их хурал шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, гадны­хантай хамтран ажил хийх гэж байгаа аж ахуйн нэгж төрийн байгууллагуудын эл­дэв хүнд суртлыг даван туулж чадсан ч цаана нь Засгийн газар, бүр цаа­шил­бал УИХ гэсэн ланжгар том даваа хүлээж байх болно.

Хууль санаачлагчид Стра­тегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах ту­­­хай хуулийг батлах бол­сон шалтгаанаа “Га­даа­дын хөрөнгө оруулалтыг ин­гэж хянахгүй бол олон улсын болон Монгол Улсын уул уурхайн түү­хий эд, бүтээгдэхүүний зах зээлийн арилжаанд ху­­­дал­дан авагчийн болон бор­луулагчийн монополь тог­­тоох мөн дотоодын уул уурхайн экспортын бү­тээг­дэхүүний зах зээл, үнийн түвшинд шууд ба шууд бусаар нөлөөлөх онц аюул­тай” гэж тайлбарласан.

Энэ нь үндэслэл сайтай шалтгаан юм шиг боловч үнэндээ Монголын эрчим хүч, харилцаа холбоо, уул уурхайн салбар одоо­гоор гадны хөрөнгө оруулалт­гүй­гээр урагшлахад хэцүү гэ­дэг нь хэнд ч ойлгомжтой. Тухайлбал, яг одоо “Ньюком” групп “Женераль электрик”-тэй хамтран Салхитын хөн­дийд 50 мВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц барьж байгаа. Энэ станц ашиглалтад орсноор Монгол Улсад шаардлагатай эрчим хүчний таван хувийг дангаар хангах юм байна. Үүнээс харахад гадаадын хө­рөнгө оруулалт манайд өнөө­гийн нөхцөлд зайлшгүй чухал зүйлсийн нэг.

Харамсалтай нь, дээрх хууль батлагдсанаас хойш хөрөнгө оруулагчид бол­гоомжлох  хандлагатай бол­сон нь илэрхий ажиглагдаж байгаа. Монголын хувийн хэвшлийн компаниуд уг нь хуулийн төслийг хэлэл­цэж байх үед өөрсдийн санал бодлоо хангалттай илэр­хийлсэн ч тусыг эс олсон. Хууль санаачлагчид энэхүү хуулийг зөвхөн өөрсдийн хүрээнд, тун явцуу байдлаар баталсан гэдгийг бүгд мэ­дэж байгаа ч мөн л нэмэр болоогүй юм.

 


Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш