logo
Суурь хураамжийн 200 мянган төгрөг сургалтын төлбөрөөс илүү гарсан татаас биш гэв

Суурь хураамжийн 200 мянган төгрөг сургалтын төлбөрөөс илүү гарсан татаас биш гэв

2012/10/02
Сүүлийн үед боловсролын системд гарч буй мөнгөтэй хол­боотой таагүй явдлууд шил даран гарах боллоо. Сурагч­даасаа мөнгө нэхэх багш нар, сургалтын төлбөрөөр далимдуулан оюутнуудаа дарамт­лах их, дээд сургууль, хэрэг­тэй, хэрэггүй элдэв үйл­чилгээ зохиож, тариф гаргах сургалтын алба гээд боловс­ролын гэхээсээ илүү ашгийн төлөөх бизнесийн өрсөл­дөөн энэ салбарт өрнөдөг нь нууц биш.

Тухайлбал, МУИС-ийн Санхүүгийн алба нэг­дүгээр курсийнхнээс бусад оюутнаас сургалтын төл­бөрөөс гадна сургалтын суурь хураамж гэх 200 мян­ган төгрөг нэхэмжилж бай­­гаа аж. Оюутнууд болон эцэг, эхчүүд энэ явдлыг МУИС-ийн Сургалтын алба, сан­хүүгийнхнээс лав­лахад ус балгасан мэт дуугүй байдаг гэнэ. Тэр ч бүү хэл “Олон юм ярилгүй сур­галтын суурь хураамжаа төл. Эсвэл хаачихаа өөрсдөө мэд” гэдэг тухай эх сурвалж өгүүлсэн. Тиймээс энэ тухай мэ­дээ­лэл авахаар МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрыг зорь­сон юм.

Сур­гуулийн захиралтай уул­захын тулд туслахаас нь асуухад “Манай захирал хуралд сууж байгаа. Тэр хураам­­жийн талаар би хэлж мэдэх­­гүй. Яг аль сургууль нь тэгж нэхсэн юм бол. Манайх дотроо олон сал­бар­­тай” гэв. Түрүүнээс хойш хүмүүсийн асуултад тун “мэдэмхий” хариулж бай­сан захирлын туслах энэ асуудлыг сонсоогүй байв.

Тиймээс Санхүүгийн ал­банаас асуухад “За даа, сайн мэдэх­гүй юм. Эдийн засаг, хөгж­лийн бод­логын асуудал эрхэлсэн про­ректороос асуу” гэлээ. Үүнээс харахад оюутнууд, эцэг, эхчүүд энэ асуудлын нарийн ширийнийг мэдэхгүй байх нь аргагүй аж. Яг юунд зориулсан, ямар учиртай мөнгийг суурь хураамж нэрээр нэхээд буйгаа сайн тайлбарлах юм бол ингэтэл хэл ам гарахгүй л байсан байх.

Юутай ч эдийн засаг, хөгжлийн бодлогын асуудал эрхэл­сэн проректор Б.Даваа­сүрэнгээс энэ талаар тод­руул­лаа. Тэрбээр “Энэ суурь хураамжийн тухай оюутнуудад дэл­гэрэнгүй тайлбарлаж өгөө­гүйгээс ийм явдал болоод байна. МУИС-ийн сургалтын жилийн төлбөр өнгөрсөн онд нэг сая 125 мянган төгрөг байсан. Энэ нь багш нарын цалин тавих, сур­гуулийн элдэв зар­далд хүрэлц­дэггүй. Тиймээс энэ хичээлийн жилд сургалтын төл­бөрийг 20 хувиар нэмэх саналыг Боловсрол, шинж­лэх ухааны яам руу хүргүүлсэн.

Гэтэл Засгийн газар, Боловс­рол, шинжлэх ухаа­ны яамнаас их, дээд сур­­гуулийг сургалтын төл­бөрөө 10-аас дээш хувиар нэмэх­гүй байх үүрэг өгсөн. Тиймээс манай сургууль энэ жилийн төлбөрийг нэг сая 246 мянган төгрөгөөр тогтоосон. Үүнээс нэг сая 46 мянгыг нь кредитийн үнэлгээ, үлдсэн 200 мянгыг нь суурь хураамж болгон төлүүлж байгаа. Төлбөрийн энэ нөхцөлийн талаар бид хангалттай мэдээлэл өгөөгүй учраас оюутнууд ойлгоогүй байна” гэв.

МУИС-д өрнөөд буй мөнгөний маргааны тайлал энэ аж. Проректорын хэлж буй­гаар суурь хураамж гэдэг нь дэлхийн томоохон их, дээд сургуулиудад байдаг тун сонгодог систем гэнэ. Харам­салтай нь тус сур­гуулийн ууртай, ааштай багш, албан хаагчид энэ мэдээллийг өгөө­гүйгээс оюутнууд, эцэг, эхчүүдэд багагүй хүндрэл учруулсан байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш