logo
Санаачилга гаргасан хотын удирдлагууд нийтийн тээврээр үйлчлүүлж байна уу?

Санаачилга гаргасан хотын удирдлагууд нийтийн тээврээр үйлчлүүлж байна уу?

2012/10/03
Улаанбаатар хотын замын ачаалал өдөр ирэх тусам нэмэгдэж, хүн бүхний сэтгэлийг зовоосон асуудал болсоор олон жилийг үдэж байна. Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, замын түгжрэлийг арилгахын тулд хотын даргаас санаачлан  олон бодитой ажил хийж байгаа. Үүний нэг нь төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулах байлаа. Гэтэл энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчид их л ховор болов уу. Мэдээж хэрэг нийтийн тээврээр зорчоогүй төрийн албан хаагчдад хүртээх шийтгэл, арга хэмжээ авах үндэслэл байхгүй юм чинь. Тэгээд ч төрийн албан хаагчид өөрийн хувийн унаагаар зорчиж байгаа үгүйд хэн ч хяналт тавидаггүй. Замын цагдаа нар тэр бүр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүрийг зогсоогоод төрийн албан хаагч мөн эсэхэд шалгалт тавиад байхгүй нь ойлгомжтой.  Мөн төрийн албан хаагчид нь ч тэр би төрийн албан хаагчаа гээд өөрийгөө илчлэхгүй нь тодорхой шүү дээ.

Харин улсын дугаараар замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад бол хяналт шаардлага тавьж болно. Харин нийтийн  тээврээр зорчоогүй төрийн албаныханд  бол хэн ч хяналт тавихгүй харин тэд өөрсдөө л ухамсартай байж даргынхаа гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Нийтийн тээврээр байнга үйлчлүүлдэг надтай л лав костюм пиджак өмссөн төрийн албан хаагчид тун ховор тааралдаж байна. За ер нь тааралдахгүй байна даа гэж хэлэхэд хилсдэхгүй. Хэдийгээр төрийн албан хаагчид энэ бол байж болохгүй асуудал, бидний эрхэнд халдлаа гэж байгаа ч хотын удирдлагуудаасаа гаргасан авууштай санаа санаачилгыг дэмжих хэрэгтэй юм. Төрийн албан хаагчид хувийн унаанаасаа татгалзаж чадвал бас л нэлээн олон тооны автомашин хасагдаж түгжрэл бага ч гэсэн хасагдана. Монгол Улсын тэргүүлэх салбарын ажилчид болох төрийн албан хаагчид өөрсдөө л хувийн унаанаасаа хааяа ч гэсэн татгалзаж нийтийн тээврээр үйлчлүүлвэл бусад нь ч гэсэн дагаад нийтийн тээврээр үйлчлүүлэх болно шүү дээ.

Монголчуудын амьдрал сайжирч, айл бүр л хувийн машинтай болсон нь хэдийгээр сайн талтай ч бас л саарыг дагуулж байна. Өглөө цэцэрлэг, сургуульд л гэхэд дандаа л хувийн машинаараа хүүхдээ хүргэж ирж байна. Нөгөө нийтийн тээврээр бас л үйлчлүүлэхгүй байгаа юм. Гэхдээ л машин гэдэг чинь цаг хугацаанд баригдаж байдаг хотынхонд маань аргагүй л хэрэгцээ болдог. Тэгээд ч нийтийн тээвэр нь чихэлдсэн, хүйтэн зэрэг  тохь тухгүй болохоор хэн ч үйлчлүүлээд байхыг хүсэхэв. Ядахад чихэлдэж суух ч сандалгүй сандарч явахад халаасны хулгайч нар нь цүнх сав нэгжээд, зүсээд эхэлнэ. Тэгэхээр яаж ч төрийн албан хаагчид нийтийн тээврээр үйлчлүүлэх вэ дээ. Ингэхэд ер нь түгжрэл, осол аваарийг багасгах сайхан санаачилга гаргасан дарга нар маань өөрсдөө нийтийн тээврээр зорчиж байгаа болов уу.

 Г.ХИШИГСҮРЭН

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш