logo
Кино найруулагч, жүжигчин Ж.Жамьянсүрэн: Өвдөж зовох цагт бурхан надад хайртай гэдэгт улам бүр итгэж байгаа

Кино найруулагч, жүжигчин Ж.Жамьянсүрэн: Өвдөж зовох цагт бурхан надад хайртай гэдэгт улам бүр итгэж байгаа

2012/10/03
“Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны Гарьд, Манлай нарын дүрээр олны танил болсон жүжигчин залуу бөөрний архаг дутагдалд ороод байна

МУ-ын гавьяат жүжигчин Жанчивдорж агсны хүү, жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн хэмээх залуу уран бүтээлч бий. “Далан худалч” жүжгийн Хүрээ бандийн дүр “Бооцоо” жүжгийн  цагдаагийн дүр “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны гол дүр болох хоёр ихэр Гарьд, Гантулга нар, Нэгэн нарны дор” олон ангит уран сайхны киноны Манлай эмч  зэрэг олон дүр бүтээж, “Сексийн эрх чөлөө” киногоороо олонд танигдсан жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэн бөөрний архаг дутагдалд орж, биеийнх нь байдал сайнгүй байна. Тиймээс түүний эмчилгээнд зориулсан “Нэгэн нарны дор нэртэй хандивын тоглолтыг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Галт сумын нутгийн зөвлөл, ДБЭТ-ын гочлол дуучин Ө.Уянга тэргүүтэй уран бүтээлчид зохион байгуулж байгаа юм. Манай сэтгүүлч  кино найруулагч, жүжигчин Ж.Жамьянсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Хамгийн сүүлд “Сексийн эрх чөлөө” нэртэй нилээд дуулиантай кино хийсэн. Түүнээс хойш юу хийв, биеийн байдал нилээд тааруухан байгаа гэж сонссон?
-Үнэнийг хэлэхэд энэ киног хийж байх үед бөөрний дутагдалд орсон гэдгээ мэдсэн. “Сексийн эрх чөлөө” киноны зураг авалт эхлээд анхны мотор дуугарсан тэр өдөр, Зайсан толгой дээрээс зураг авчихаад буцаж яваад машиндаа ухаан алдаж, замын хажуу руу машинтайгаа орчихсон байсан. Киноны уран бүтээлчид хамт явсан учраас түргэн дуудаж, эмнэлэг дээр л ухаан орсон. Хөл гар хавагнаад, нүд цусаар дүүрээд сүүлдээ ажлаа ч хийж  чадахаа байсан. Киноны зураг авалт 20 гаруй хувьтай байхад л хөл дээрээ ч зогсож чадахаа больж эхэлсэн. Сүүлдээ аргаа бараад киноныхоо уран бүтээлчдийг цуглуулаад “Энэ бол миний анхны дэлгэцийн бүтээл. Анхны бие даасан кино. Та бүхэн 14 хоног завсарлаад яг 14 хоногийн дараа эргэж уулзья. Тэр болтол биеэ жаахан эмчлүүлье” гэж гуйсан. Манай уран бүтээлчид их сайхан хүмүүс. Бүгд л ажил төрлөө зохицуулаад цалин хөлсгүйгээр 14 хоног хүлээсэн. Яг тэр өдрөө бүгд цугласан. Ямар ч байсан киногоо хийсэн. Түүнээс хойш, хоёр жилийн өмнөөс байнга эмчилгээ хийлгэж байна. Хэдийгээр өвчтэй байгаа ч гэсэн гар хумхиад зүгээр суугаад байхыг хүсэхгүй байгаа. Хүн өөрийнхөө мэддэг юмыг хамгийн сайн хийдэг гэж манай багш ярьдаг байсан. Тиймээс хүнд өвчтэй, шаналж, ганцаардаж байгаа хүмүүсийн тухай “Бурханы найруулга” нэртэй кино зохиол бичээд дуусаж байна.
-Одоо биеийн байдал хэр байгаа вэ?
-Долоо хоногт 2-3 удаа цус шүүлгэж байна. Эхлээд  тэнд очих үнэхээр хэцүү байдаг байсан. Сайхан сайхан залуучууд ирнэ. Мөнгөтэй нь ч яахав хагалгаа хийлгээд эрүүл саруул болоод босоод явна. Мөнгөгүй нь үхэх өдрөө хүлээгээд л хэвтэж байна. Нэг нэгээрээ цөөрөөд л, араас нь шинэ өвчтөнүүд орж ирээд л...харамсалтай нь эмчилгээ хийлгэх мөнгөтэй хүнээсээ мөнгөгүй нь хэтэрхий цөөхөн байгаад харамсдаг. Өвчин зовлон гэдэг хэлж ирдэггүй ч гэсэн хүний гнүдийг нээж өгдөг юм байна. Эрүүл саруул явахдаа би маш олон зүйлийг дутуу харж байж, бас дутуу үнэлж байж гэдгээ мэдэрсэн. Хэдийгээр хүнд өвчин туссан ч гэсэн уран бүтээлч хүний хувьд амьдралыг өөрөөр харах бас нэг боломж олгож байнаа гэж л боддог.
-Зовох цагт л хүний чанар танигддаг гэж ярьдаг? Уран бүтээлч хүмүүс сэтгэлийн их хөдөлгөөнтэй, өвчин зовлонг давж гарч чаддаггүй гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ?
-Үнэхээр үнэн үг. Энэ өвчин надад олон хүний мөн чанарыг таниулж өгсөн. Нэг хэсэг нь “Чи одоо хэрэггүй” гээд явж байхад нөгөө хэсэг нь “Одоо л чамайг түшье” гээд хүрээд ирдэг юм байна. Сайхан дүү маань байна, ээж маань ах дүү анх нөхөд маань байна.  Өвдөж зовж явах үедээ би намайг ямар ч үед түшиж чадах сайхан ханьтай учирсан. Хань маань надад хөөрхөн хүү төрүүлж өглөө. Хүү маань одоо дөнгөж 10 сартай. Намайг түшиж тулсан энэ олон хүний төлөө, хүүгийнхээ төлөө би амьдрах ёстой. Тиймээс өвдөж байгаа ч гэсэн киноныхоо зохиолыг бичихийг хичээж байна. Надад олдсон цаг хугацааг хий дэмий өнгөрүүлэх ёсгүй гэдгийг маш сайн ойлгож байгаа.

-Эмчилгээний зардал яг хэдэн төгрөг болж байгаа вэ?
-Бөөр зайлшгүй шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Мэргэжлийн эмч нарт хандаж байна. Солонгост   хагалгаанд орохоор төлөвлөж байгаа. Донор авах, хагалгаа хийх зардал нийтдээ 120 орчим сая төгрөг. Үнэнийг хэлэхэд надад эмчилгээнд зарцуулах мөнгө төгрөг алга. Ах дүүс анд нөхөд маань туслаж дэмжиж байгаа болохоор эрүүл саруул болно гэж итгэж байгаа.
-Та “Мөрөөдлийн хөлөг” онгоц киноны хоёр ихэр залуугийн дүрийг бүтээсэн. Энэ кино Монголын хамгийн анхны олон ангит кино. Хүмүүс чамайг энэ дүрээр илүү сайн таних болсон байхаа гэж бодож байна?
-Миний дүү кино найруулагч Сэнгэдорж анх “Дөрвөн залуугийн тухай кино хийх санаатай байна” гэж ярьж байсан. Дүү маань их хөдөлмөрч хүн бий. Сүүлд “Бодлын хулгайч” гээд их сайхан кино найруулсан. Нэг л өдөр кино зохиол бэлэн болчихсон, дүрээ шалгаруулж байгаа гээд ороод ирсэн.  Тэр үед би дөнгөж сургууль төгсчихөөд Драмын театрт ажиллаж байсан юм. Яг гол дүрээ шалгаруулах гэж нилээд удсан юм билээ. Нэг өдөр дүү маань “Та очоод нэг проб хийлгээдэхээч гэдэг санал тавьсан. Уран бүтээл гэдэг шударга байх ёстой. Хэдийгээр дүү маань тэр киног найруулж байгаа ч би тэнцэхгүй бол хичнээн ах нь байгаад ч нэмэргүй шүү дээ. Дүүгийнхээ хэлснээр киноны пробонд орсон. Цөөнгүй жүжигчид гол дүрын шалгаруултанд орчихсон байсан юм билээ. Тэгээд л энэ кинонд тоглох болсон. Анхны зураг авалтанд орохдоо үнэхээр сандарч байсан. Жүжигчин Анхням, Нарансолонго нар миний хажууд хэд хэдэн кинонд тоглочихсон, туршлагатай болчихсон хүмүүс байсан. Миний хувьд анхны киноны дүр байсан. Намайг бодоход бүгд л туршлагатай хүмүүс байсан. Гүүрэн дээр суугаад л ээжийнхээ тухай ярьдаг киноны хэсгийг хамгийн түрүүнд авсан юм. Сүүлд л найруулагч маань “Би нээрээ хамгийн хүнд хэсгээс киногоо эхэлсэн байна билээ” гэж ярьж байсан. Үнэхээр юугаа ч мэдэхгүй л киноны зураг авалтанд орсон. Ааваас заяасан авьяас, багш нараас сонссон эрдэм юу байдгаа л шавхах хэрэгтэй гэдэг бодолтой л энэ киноны зураг авалтад орж байсан.
-Энэ кино дэлгэцэнд гарсныхаа дараа их шуугиан тарьж байсан. Ялангуяа гол дүрийн дөрвөн жүжигчин залуу охидуудын анхаарлыг их татаж байсан байх?
-Хүмүүс энэ киноны дүрийг их ярьдаг юм. 10 жилд байхад манай үеийн охид танд дурлачихсан байсан гэж ярих ч хүн таарч л байсан.
-“Нэгэн нарны дор” гээд олон ангит кинонд таМанлай эмчийн дүр бүтээсэн. ДОХ тусчихсан, нийгмээсээ, хамт олноосоо, хайртай хүнээсээ хөндийрч байгаа ганцаардаж шаналсан хүний дүр бүтээсэн. Зарим хүн, ялангуяа таны найз нөхөд “Жаминаа энэ кинонд хэрэггүй тоглосон юм гэж хэлж байхыг би сонссон?
-Уран бүтээлч хүн ямар ч дүр бүтээж, яаж ч тайзан дээр хувилж болно. Уран бүтээлийг би амьдралын асуудалтай холбож бодох дургүй. Гэхдээ нэг биш олон хүн “Манлай эмчийн дүрийг хэрэггүй бүтээж дээ” гэж хэлж байсан. Үнэхээр ч өвдөж, шаналж, ганцаардаж, хайртай хүн нь хаяж, яахаа мэдэхгүй хүний дүрийг бүтээсэн. Өнөөдөр  миний амьдрал яг л энэ эмчийн дүр шиг л болчихоод байгаа. Гэлээ гээд би шантрахгүй. Уран бүтээл хийх боломж олдвол ямар ч дүр бүтээнэ.
-Ааваас заяасан авьяас гэснээс таны аав Монгол Улсын гавьяат жүжигчин Жанчивдорж агсан. “Мөрөөдлийн хөлөг онгоц” кино үзэж байхдаа би Жанчивдорж агсан монголын урлагт хоёр сайхан залууг тун сайн бэлтгэж өгч дээ гэж бодож байсан?
-Би бол өөрийгөө байнга голж явдаг хүн. Яагаад ч би аавынхаа хэмжээнд хүрэхгүй гэж байнга боддог. Ямар чном эрдмийг нь заалгаагүй байж хонины бэлчээр дээрээс хотод ирээд л шууд тайзан дээр гарсан, төрлөхийн авьяастай хүн. Бид бол урлагийн хүний гэр бүлд өсөж, тэр хүний замаар замнаж байж л хөлөө олж байгаа улс.Аав маань гайхамшигтай ой тогтоолттой, оюун ухаан, жүжиглэл, дүрээ үзүүлэх гаргалгааг маш хурдан нарийн гаргаж чаддаг  эгэлгүй хүн байсан даа.
-Танай аавыг би сайн жүжигчнээс гадна сайн эцэг, сайн гэрийн эзэн байсан гэж  боддог юм?
-Миний аав хадаас хадах эв дүй муутай хүн байсан байж магад. Харин хүний эв олох, юмыг зохицуулахдаа гарамгай хүн байсан даа. Аав маань үнэхээр хүн байж чадсан. Тиймээс хүний эцэг, хүний багш, хүний анд нөхөр байж чадсан. Гайхалтай хүн чанартай, хүний дээд аавтай байж дээ би гэж би дандаа бахархаж боддог юм. Миний аав дүү бид хоёрыг ёстой л хоёр гараасаа хөтлөөд гадаа гарч эр, дотор орж эм болж явж байж хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзганд хүргэсэн. Аав маань 300 гаруй дүр тайзан дээр бүтээж, 149 жүжгийн гол дүр бүтээсэн.
-Нэгэн нарны дор нэртэй хандивын тоглолт зохион байгуулж байгаа. Энэ тоглолтын тухай ярих уу?
-Үнэнийг хэлэхэд энэ тоглолтын үйл ажиллагаанд оролцох ямар ч боломж надад алга байна. Эмчилгээнд байнга явж байна. Харин миний төлөө сайхан сэтгэл гаргаж, эмчилгээний зардал мөнгийг олохоор ажиллаж байгаа олон хүнд баярлаж байгаа. Дуурь бүжгийн эрдмийн театрын гочлол дуучин Ө.Уянга, аавын маань төрсөн нутаг Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл, Галт сумын нутгийн зөвлөлийнхөн, олон хүн сэтгэл гарган туслаж байгаа. “NTV” телевиз, “Go” студи, хэвлэл мэдээллийн олон байгууллага надад туслаж, сэтгэлийн дэм өгч байна. Ямар ч байсан бурхан надад хайртай юм байна. Тиймээс л ийм сайхан хүмүүсийг надад илгээж, өвчин, зовлонтой тэмцэх хүч хайрлаж байгаа гэдэгт итгэж байгаа.
Түүнд яаралтай бөөр шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюултай гэдэг мэргэжлийн эмч нарын дүгнэлт гараад байна.Авьяаслаг залуу жүжигчин, кино найруулагч Ж.Жамьянсүрэнгийн эмчилгээний зардалд хандив өргөж, сэтгэлийн дэм тус үзүүлэхийг Та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.
Хандивын данс Хаан банк 5027613885
Та 150100 дугаарын утас руу мессеж илгээгээрэй. Таны мессэжний орлого Ж.Жамьянсүрэнгийн эмчилгээний зардалд хандив болон очих болно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш