Ардын хувьсгалын 91, Их Монгол Улсаа байгуулсны 806 жилийн ойн их баяр наадмаар улсын арслан, гарьд, харцага тус бүр нэг, начин дөрвөөр нэмэгдсэн. Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, ШШГЕГ-ын 409 дүгээр анги, “Нью прогресс” компанийн бөх Б.Пүрэвсайхан Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, улсын заан Д.Баасандоржоор тав давж, Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэнд тань баяр хүргэе?
-Баярлалаа. Энэ жилийн наадам заанаас бусад бүх цолтой сайхан наадам болсон. Миний хувьд Монгол Улсын начин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байгаа.
-Нутаг ус болон бөхийн спортоор хэзээнээс барилдах болсон талаар ярилцлагаа эхлэх үү?
-Би Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. Манай аавыг Ч.Баатархүү, ээжийг Нямаажав гэдэг. Аав, ээж маань жирийн малчин хүмүүс бий. Хэдэн жилийн өмнөөс Сэлэнгэ аймагт суурьшсан. Миний хувьд багадаа нэг их барилдаж байгаагүй. Харин ахлах анги буюу 10 дугаар ангиасаа барилдах болсон.
-Таныг бөхийн замд хэн хөтөлсөн бэ?
-Манай аавын төрсөн дүү улсын заан Ч.Батзориг. Ч.Батзориг ах намайг 10 дугаар анги төгссөн жилийн зун бөх болгоно гээд хотод авч ирсэн. Уг нь би 10 дугаар ангиа дүүргээд Ховдын их сургуулийн нягтлан бодогчийн ангид хуваарь аваад байсан. Аав, ээж ч намайг гэртээ ойрхон гээд тэнд сургах сонирхолтой байлаа.
-Улсын начин Б.Адьяахүүгийн шавь гэдгийг тань мэднэ. Багшдаа хэзээнээс шавь орсон бэ?
-Ч.Батзориг ах намайг хотод ирээд удаагүй байхад багштай танилцуулсан. Эхлээд намайг сургуульд суралгүй бэлтгэл хийхийг ах зөвлөсөн. Харин Б.Адьяахүү багш суралцангаа бэлтгэлээ давхар хий гээд намайг “Аварга” БТДС-д оруулж өгсөн. Түүнээс хойш багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасаар өдийг хүрч байна.
-Б.Адьяахүү начин хэр хатуу багш вэ?
-Хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Бэлтгэлээ ном горимоор нь хийгээд байвал гайгүй ээ. Хааяа болох, болохгүй юм хийвэл багшийнхаа сурны амтыг мэдэрнэ дээ. Багш маань “Аварга” БТДС-ийг анх байгуулагдахад үндэсний бөхийн багшаар ажиллаж эхэлсэн. Шавь нараас нь улсын цолтой олон бөх төрж, аймаг болон сумын цолтой олон зуун шавь нар нь бөхийн өргөөнд болдог барилдаануудад тогтмол барилдаж байгаа.
-Ихэнх бөхчүүд амжилтын гараагаа өсвөр үеийн УАШТ-ээс эхлүүлдэг. Таны хувьд өсвөрийн улсын аваргад барилдаж байв уу?
-Үгүй. Харин “Аварга” БТДС-ийн оюутан байхдаа 2008 онд Дархан-Уул аймагт болсон залуучуудын УАШТ-д анх барилдаж, дөрөвдүгээр байрт орж байсан нь миний анхны том амжилт юм болов уу.
Уг барилдаанд одоо ид барилдаж байгаа олон залуус барилдаж байсан. Энэ жилийн наадмын түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгс тэгэхэд түрүүлсэн. Мөн сая начин болдог Б.Сугаржаргал миний өмнө нь орж хүрэл медаль хүртэж байлаа.
-Тэгэхээр энэ жилийн наадамд үеийн тань бөхчүүд сайн нааджээ. Шинэ арслантай хэр олон барилдаж байв?
-Тэгж хэлж болно. П.Бүрэнтөгс бид хоёр олон таарч барилдсан. Арал чацаар илүү болохоор яалт ч үгүй дээр тусчихаад байдаг юм.
-Таны хувьд бөхчүүд дундаа жижигт тооцогддог. Өрсөлдөгч бөхчүүддээ бярдуулах тал ажиглагдаг уу?
-Миний нуруу болон жин барилдаанд тэгтлээ нөлөөлөөд байдаггүй. Нуруу намтай болохоор өөрийнхөө давуу талаа ашиглаж, гартаа л найдаж барилддаг.
-Аймгийн цолоо хэзээ авсан бэ?
-2009 онд Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн. Харин дараа жил нь түрүүлж аймгийн арслан болсон.
-Энэ жилийн Цагаан сарын барилдаанаар Монгол Улсын даян аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагналыг хүртсэн. Өнгө шинжсэн барилдаанд тун сайн барилдсан?
-Энэ жилийн Цагаан сарын барилдаанд хоёрын даваанд улсын начин Н.Баярмагнайг, гуравт улсын харцага Ө.Бат-Орших, дөрөвт улсын арслан Б.Ганбатыг өвдөг шороодуулж, тавын даваанд Ц.Содномдорж харцагад унасан.
Тус барилдаанд сайн барилдсан болохоор даян аварга А.Сүхбатаас “Ирээдүйн аварга” шагналыг хүртсэнд тун бэлгэшээж байлаа. Мөн “Улаанбаатар хивс” компани надад “Цахиур хагалсан бөх”-ийн шагналаа олгосон. Ер нь луу жилийн анхны барилдаанд сайн барилдсанаар энэ жилийн наадамд начин болсон гэж бодож байгаа.
-Танай нутгаас улсын цолтой бөх олон төрсөн үү?
-Нэлээд хэдэн бөх бий. Улсын заан Ч.Бямбадорж, Ч.Батзориг, улсын начин И.Мөнхбаатар, Н.Батзаяа, Б.Заяамандах, Ч.Цогбаяр нар манай сумынх. Би Ховд аймгийн Чандмань сумаараа үргэлж бахархаж явдаг. Тэр сайхан нутгийн агаараар нь амьсгалж, уснаас нь ууж өссөндөө баярлаж, бахархахгүй байхын аргагүй. Манай сумаас сүүлийн дөрвөн жил дараалан улсын начин цолтон төрлөө. Энэ бас ховор л түүх юм билээ. Нэг сумаас дөрвөн жил дараалан улсын цолтон төрсөн түүх байхгүй байх аа.
-Энэ жилийн наадмын талаар ярих уу?
-Миний хувьд улсын баяр наадамд хоёр дахиа барилдаад начин цол хүртсэн. Өнөө жилийн наадамд бэлтгэлээ сайн базаасан. Цол авна гэдэгтээ итгэлтэй байсан. Өнгөрсөн жилийн наадмаас наадмын хооронд бөхийн өргөөний барилдаануудад тогтмол барилдаад бас Цагаан сараар гайгүй хүч үзсэн болохоор улсын цол хүртэнэ гэдэг бодолтой байсан.
Цагаан сараар сайн барилдсан бөх наадмаар сайн барилддаг гэдэг шүү дээ. Тийм болохоор өөртөө их итгэлтэй байлаа. Наадмын хоёрын даваанд оноолтоор Дорноговь аймгийн арслан Т.Буянжаргалыг өвдөг шороодуулсан. Харин гуравт авга ах Ч.Батзоригийг, дөрөвт Ж.Бат-Эрдэнэ гарьдыг, тавын даваанд Д.Баасандорж зааныг давж начин болсон. Мэдээж, даваа бүр хариуцлагатай байсан.
-Та өнгөрсөн жилийн наадмаар гурвын даваанд өвдөг шороодож байсан. Тэгвэл энэ жил авга ах тань гурвын даваанд амласан байх нь ээ?
-Тийм ээ. Өнгөрсөн жил дөрвөн түүхт ойн жилийн наадмаар энэ даваанд Өвөрхангай аймгийн заан Л.Батзоригтой оноолтоор таарч, өвдөг шороодсон.
Харин энэ жил ах маань намайг тунаанаас гаргаж, итгэл хүлээлгэсэн. Дүүгээ дэмжээд “Цаашдаа сайн барилдаарай” гэж байсан. Энэ бол монгол бөхөд уламжлагдаад ирсэн зүйл. Ах дүүс, нутаг усны ах нар нутгийнхаа дүү нарыг сайн барилдаж, итгэл даана гэж бодсоны үндсэн дээр ингэж дэмждэг гэж ойлгодог. Тиймээс ах маань гурвын даваанд намайг авсан байх.
-Дөрвийн даваанд оноолтоор хэнтэй таарах байх гэж бодож байв?
-Би дөрвийн даваанд оноолтоор залуу заанууд юм уу, харцагуудтай таарах байх гэж бодож байсан. Тэгсэн бүр дээшээ очиж, гарьд Ж.Бат-Эрдэнэтэй оноолтоор таарсан шүү.
-Гарьдтай өмнө нь барилдаж байсан уу. Нэлээд хүнд барилдаан болсон санагдаж байна?
-Тийм ээ, хүнд байсан. Намайг гарахад Ч.Бямбадорж заан, Ч.Батзориг ах, Ц.Мягмарсүрэн ах гээд манайхан “Золгож барилдаарай” гэж зөвлөсөн. Тэгээд хэлснээр нь л барилдсан. Элэг бүс, сэнжигнээс хаялцалгүй тавиад, зүүн золгоон дээрээс л санасан мэхээ хийж давсан. Бэлтгэл дээр Б.Адьяахүү багш шахаж татах мэхийг нэлээд давтуулдаг байсан юм. Би гарьдтай өмнө нь Гиннесийн барилдаанд наймын даваанд таарч барилдаад унасан.
-Начны даваанд цол горилж байгаа олон хүчтэн түгшдэг нь мэдээж. Тавын даваанд хэн авах бол гэж бодож байв?
-Хэн авах бол гэж бага зэрэг түгшиж байлаа. Тэгсэн чинь Д.Баасандорж заан намайг амласан. Заантай сайхан барилдсан. Гараад өөрийнхөө бодсоноор барилдаж давсан. Өмнө нь барилдаж үзээгүй байсан болохоор жаахан эвгүй байсан тал бий.
-Тав даваад есөн хөлт цагаан тугаа тойрох үед юу бодогдож байв?
-Начин болоод төрийн есөн хөлт цагаан тугаа тойрох агшинд их зүйл бодогддог юм билээ. Нутаг усаа, аав, ээжийгээ, багш нарыгаа гээд олон л зүйл бодогдсон. Хүссэн аавын хүү даваад, тугаа тойроод байдаггүй болохоор маш сайхан санагдсан. Гэхдээ дараа дараагийн даваанууд байгаа болоод ч тэр үү ерөнхийдөө тайван байсан.
-Зургаагийн даваанд улсын харцага Л.Пүрэвжав та хоёрын барилдаан нэлээн маргаантай болсон. Хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Тэр барилдааны талаар юу хэлэх вэ?
-Хүч шавхсан барилдаан болсон. Үндсэн цаг дуусаад барьц сонгох болоход харцага барьцаа өгөхгүй нэлээд удсан. Бөх мэддэг хүмүүс тэр барилдааныг хараад ерөнхийд нь юу болсныг мэдэж байгаа байх. Барьцаа өгөхгүй байсан нь харцагын буруу, харин өшиглөсөн нь мэдээж миний буруу.
-Тэр үед өшиглөе гэж бодож өшиглөөгүй байх. Гэхдээ үүнийг наадамчин олон тун тааруухан хүлээж авсан?
-Харин тийм ээ. Үнэхээр шар хөдөлсөн л дөө. Тэр бол их хариуцлагатай даваа байсан. Давбал харцага болох байсан. Хэрэв барьцаа ном дүрмээр нь аваад барилдсан бол барилдаан яаж ч шийдэгдэх байсан юм билээ. Бөхөө хайрладаг Монголынхоо нийт ард түмнээсээ наадмын дэвжээн дээр зохисгүй үйлдэл гаргасандаа уучлалт гуйж байна.
-Наадмын дараа Л.Пүрэвжав харцагатай уулзсан уу?
-Уулзсан. Харцагаас уучлалт гуйсан.
-Ингэхэд наадмын бэлтгэлээ хаана базаасан бэ?
-Цагдаагийн Ерөнхий газрын харьяа “Сүүж” амралтад гарсан. Миний хувьд 2008 оноос “Сүүж”-д бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Энэ жил Завхан, Ховд, Хөвсгөл, Дундговь, Дорноговь гээд нэлээд хэдэн аймгийн галын олон бөх наадмын бэлтгэлд гарсан.
Ер нь жилийн жилд бөхчүүд бужигнаж байдаг газар. Наадмын бэлтгэлийг ерөнхийд нь Б.Адьяахүү багш удирдан тааруулсан. Мөн нутгийн ах нар зөвлөгөө өгсөн.
-Бөхчүүд шинээр цол хүртсэний дараа бэлтгэл хийсэн галаа эргэдэг уламжлалтай. Та наадмын дараа галаа эргэсэн үү?
-Эргэсэн.
-Таны цаашдын зорилго?
-Энэ бол миний анхны улсын цол. Цаашдаа цолоо ахиулж, нутаг усаа, аав ээжийгээ, ах дүүсээ дахин баярлуулахыг хүсч байна.
-Хэзээнээс “Сүлд” спорт хороонд харьяалагдах болсон бэ?
-Би 2011 онд “Аварга” БТДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Харин сургуулиа төгссөний дараа “Сүлд” спорт хороонд харьяалагдах болсон. Энэ завшааныг ашиглаад ШШГЕГ болон “Сүлд” спорт хороо, 409 дүгээр анги, “Нью прогресс” группийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Б.БАТ
Эх сурвалж: "Өглөөний сонин"