logo
Арван долларын дэвсгэртийг дахин хэвлэхгүй

Арван долларын дэвсгэртийг дахин хэвлэхгүй

2011/07/10
Өнгөрсөн онд АНУ-д хуванцар картыг өргөнөөр ашиглах болсноор мөнгөн тэмдэгт хэвлэх явдал эрс буурчээ. "The New York Times" сонинд бичсэнээр, тус улсын Сангийн яам анх удаагаа 10 долларын дэвсгэртийг хэвлэхгүй байх шийдвэр гаргасан бол 5 долларын мөнгөн тэмдэгтийг хэвлэсэн тоо сүүлийн 30 жилийн хугацаанд хамгийн бага хэмжээнд хүртэл буурсан байна. Америкчууд бараа худалдан авах, үйлчилгээнд хамрагдахдаа зээлийн карт ашигладаг болсон нь үүнтэй холбоотой ажээ. Өнгөрсөн онд Нью-Йоркчуудын бараг 36 хувь нь таксигаар зорчихдоо бэлэн бусаар тооцоо хийжээ. Америкчууд задгай мөнгийг үйлчлэгчид өгөх цайны мөнгө болгон ашигладаг байна. Гэхдээ "The New York Times" сонины санал асуулгад оролцсон зарим ажиглагчдын үзэж байгаагаар, америкчууд дахиад 200 жилийн турш бэлэн мөнгөтэй харьцах ажээ. Одоогийн байдлаар, АНУ-д ч тэр, гадаад орнуудад ч тэр 100 долларын дэвсгэртийг бусад дэвсгэртээс илүү өргөнөөр гүйлгээнд ашиглаж байна. Өнгөрсөн онд тус улсын Сангийн яам анх удаа 100 долларын дэвсгэртийг нэг долларын дэвсгэртээс илүү олон хувиар хэвлэжээ. Энэ оны гуравдугаар сард АНУ-ын гүйлгээнд бүх мөнгөн тэмдэгтийн үнэ нийлээд анх удаагаа триллион /их наяд/ долларыг давсан байна. Энэ нь 100 долларын дэвсгэртийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой ажээ.
Д.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш