logo
Хойд Африкчүүд хүний наймааны золиос болсоор

Хойд Африкчүүд хүний наймааны золиос болсоор

2012/10/04
Хүний наймаа манай гаригийн орчин үеийн хамгийн ноцтой гэмт хэргүүдийн нэг болоод удаж байна. Арай дээр амьдрал хайсан Хойд Африкийн дүрвэгсдийн хэдэн хувь нь Египетийн Синайн хойгт ирж амиа алддаг нь тодорхойгүй. Албан бус мэдээгээр жилд 4 мянга орчим дүрвэгч амиа алддаг байж магадгүй юм байна. Тэдний ихэнх нь Израйль руу хил давж чаддаг бол цөөнгүй хэд нь тэндээ амиа алддаг эсвэл хүний наймааны золиос болдог байна. Хүний наймаачдаас зугтаж чадсан нэр болон зүсээ олонд ил болгохоос татгалзсан нэгэн дүрвэгчийн ярьж байгаагаар хүний наймаачид шаардсан мөнгийг нь төлөөгүй хүмүүсийн эд эрхтнийг авч зарна гэж сүрдүүлдэг байна. Тэрээр өнчин өрөөсөн учир хүний наймаачдын шаардсан мөнгийг өгч чадаагүй. Харин гэмт этгээдүүд түүний бөөрийг авч 50 мянган доллараар зарна гэж сүрдүүлж байжээ. Хүний наймаачид зөвхөн Синайн хойгт үйл ажиллагаа явуулдаггүй. Дэлхийн өнцөг булан бүрт сүлжээ бий болгож үйл ажиллагаа явуулж байна. Шведийн нийслэл Стокгольм хот ч Синайн хойгоос ялгарах зүйл байхгүй. Египетийн Синайн хойгийн хүний наймааны мафи Стокгольмд мөн үйл ажиллагаа явуулж, хүмүүсийн гэр бүлийг барьцаалж их хэмжээний мөнгө нэхдэг байна. Хүний наймаачид Наср Абдулрешид Хассаны гэр бүлийг Синайн хойгт барьцаалж, тамлан зовоодог баазад хориод байгаа бөгөөд түүнээс 20 мянган доллар нэхжээ. Наср одоогоор 17 мянган долларыг төлж барагдуулаад байна. Түүний ярьж байгаагаар гэмт этгээдүүд цаг болгон утасдаж, мөнгөө хурдан төлөхгүй бол ах нь тарчлаагдаж байна гэж сүрдүүлдэг байна. Хамаатан саднаасаа тусламж хүсэхээр тэд бид өөрсдөө мөнгө төлж хэн нэгнийгээ суллууллаа гэсэн хариу өгдөг байна. Наср олон улсын сурвалжлагчид ярилцлага өгснийхөө дараа үлдсэн мөнгөө төлж барагдуулан ахыгаа сулласан. Гэсэн ч ах нь Израйль руу хил давах гэж байгаад Египетийн хилийн харуулуудад баригдаж, торны цаана суухаар болсон байна. Хэдийгээр батлагдаагүй боловч хүний наймаачид хилийн харуулуудтай хуувилдаж нууц сүлжээгээр ажилладаг байж болзошгүй юм байна. Шведийн сэтгүүлч, хүний наймааны эсрэг тэмцэгч идэвхтэн Мерон Эстефаносын ярьж байгаагаар гэмт этгээдүүд хүмүүсийн ар гэрийнхнийг барьцаалан утсаар тамлуулж байгаа дууг нь сонсгож байгаад дарамталж мөнгө нэхдэг байна. Мерон гэмт хэргийн золиос болсон олон хүмүүстэй уулзаж тэдний талаар олонд мэдээлдэг. Зарим тохиолдолд эрх чөлөөгөө худалдаж олж авах мөнгөө төлж чадаагүй нэгний ар гэрийнхэн нь амиа алдах тохиолдол байдаг байна. Тэдний дунд эмэгтэйчүүд ч байна. Эмэгтэй хоригдогчид байнга бэлгийн дарамтанд өртдөг.  Гэмт этгээдүүдээс оргож зугтаж чадсан бүсгүй Алмаз Мерон Эстефаностой холбогдсоноор хорогдох газартай болж, амь аврагдсан байна. Түүний ярьж байгаагаар хүний наймаачид өдөр болгон тэднийг зодож дарамталж хүчирхийлдэг байсан байна. Синайн хойгт цэцэглэж байгаа хүний наймааны бүлгүүдийн талаар дэлхий нийтэд цацагдсаны дараа орон нутгийн уждирдлагууд хүний наймаатай эрчимтэй тэмцэж эхэлсэн байна. Гэсэн ч гэсэн өдөр болгон олон мянган Африкчууд Синайн хойгт ирэн сураггүй алга болсоор байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш