logo
 Хотын даргын шийдвэр амьдралд биеллээ олсон нь барилгынхныг нойр, хоолгүй хоноход хүргэж эхэллээ

Хотын даргын шийдвэр амьдралд биеллээ олсон нь барилгынхныг нойр, хоолгүй хоноход хүргэж эхэллээ

2012/10/05

-Эзнээ олсон шийдвэр гэдэгт эргэлзэх зүйл үгүй гэдэг энэ буюу-


Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 12 дугаар сургуулийн ард байрлалтай, “Тэмүүлэнбаатар” компанийн барьсан долоон давхар орон сууцны барилгыг хотын даргын захирамжаар газар эзэмших гэрээг нь цуцалсан. Тэр бүү хэл газар чөлөөлж өгөхийг шаардсан албан бичгийг ч тус компанийн удирдлагад өгөөд байгаа. Уг нь, нэг их хэрүүл маргаан дэгдээгээд байхааргүй учир зүйгээ амархаан олчихмоор асуудал авч энэхүү газрын маргаан нэлээд самуун дэгдээгээд байгаа юм. УИХ, Засгийн газрын хэмжээнд ч яригдаж эхлээд буй.

Одоогоос таван жилийн өмнө 200 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх авсан тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг өөрийн дураар уг газраа 423 ам метр болгож орон сууц барьж, борлуулсан аж. Бас болоогүй ээ нөгөөхөө таван давхар байхаар зураг төслөө батлуулсан ч таван давхар барилгын суурин дээрээ долоон давхар барилга бариулжээ. Өдгөө ч мөн энэ байрныхаа урд талд залгаад 139 ам метр газар эзэмших эрх авсан ч түүнийгээ өөрийн дураар 375 ам метр болгон дөрвөн давхар карказ цутгаад буй аж. Харин өнөөдөр "Тэмүүлэнбаатар" компанийн захирал Б.Эрдэнэ­чимэг хэвлэлийнхэнд хандан хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Хурлын үеэр тэрбээр орон сууцны барилга нь газрын болон бусад бүх шатны зөвшөөрөлтэй хэмээв. Тэрбээр 2007 онд нийслэлийн Газрын албанаас 577 тоот тушаалын дагуу таван давхар орон сууцны барилга барих зөвшөөрөл аваад, долоон давхар барилга барьж, оршин суугчдаа оруулжээ. Хамгийн харамсалтай бас аюултай нь өнөөдрийг хүртэл 61-ээр дугаарлагдсан тус байрыг Улсын комисс хүлээн аваагүй аж.

Сүүлийн үед зүгээр хичээлээ, ажлаа тараад явж байгаа хэн нэг хүний үрийн амийг авч оддог болоод байгаа зөвшөөрөлгүй барилгуудыг цэгцлэхийн тулд хотын дарга А/532- тоот захирамж гаргаж Улсын комисс хүлээн аваагүй байрны цахилгааныг таслахыг үүрэгдсэн. Хэдийгээр хотын даргын гаргасан шийдвэр амьдрал дээр төдий л хэрэгжихгүй байсан ч өдөр алгасахгүй шахуу хүний амийг аймшигтайгаар авч одох болсон барилгынхны даварсан захирлуудад арга хэмжээгээ хатуу авахыг холбогдох байгууллагуудад нь чангахан сануулсны эцэст хатуу арга хэмжээнүүд шил шилээ даран авагдаж байгаа билээ. Энэ чангахан арга хэмжээний салхи Улсын комисс хүлээж аваагүй дээрх байрыг дайрч том толгойтой тус компанийн захирлыг биш харин 61 тоот байран дахь оршин суугчдыг хэлмэгдүүлж орхисон юм. Тиймээс тус байрны оршин суугчид хотын даргад хандан өөрийн биеэр ирж газар дээр танилцахыг хүссэний дагуу Засаг дарга уг газартай танилцсан юм.

Байрны оршин суугчид хууль ёсны зөвшөөрөлтэй баригдсан гэж итгэсний үндсэн дээр 2006 онд захиалга өгч гэрээгээ хийж үлдэгдэл мөнгөө байр эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа өгөхөөр болсон байна. Гэтэл тус компанийн захирал Б.Эрдэнэчимэг байраа Улсын комисст хүлээлгэн өгөхөөсөө өмнө гэрээ хийсэн боловч үлдэгдлээ өгөхгүй гэрээний дагуу гэрчилгээгээ авах шаардлага тавьсан иргэдийн байрыг давхар борлуулаад эхэлсэн байна. Энэ маргаанаас болж шүүхдэлцэн шүүхийн шийдвэр гэрээ хийж, урьдчилгаа төлбөр төлсөн иргэдийн талд гарч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Улсын комисс хүлээж аваагүй ч байрандаа орохыг иргэдэд зөвлөжээ. Гэтэл "Тэмүүлэнбаатар компанийн захирал байр эзэмших гэрчилгээ олго гэсэн шаардлага тавьсан иргэдийг миний газраас "зайл" гэх зэргээр хөөж туусанд оршин суугчид гомдолтой байгаагаа хэлсэн. Тус байрны оршин суугчид нийслэлийн Засаг даргыг энэ эмэгтэйн эрхшээлээс биднийг гаргаж өгөөч гэсээр угтсан юм.Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл "Энэ байрны газрын зөвшөөрөл нь будилаантай. Уг нь 200 ам метр газрыг 2007 онд үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх Б.Эрдэнэчимэгт олгосон юм билээ. Гэтэл энэ хүн өөрийн дураар 423 ам метр болгоод орон сууц барьж, борлуулжээ.

Нөгөө талаар байшингийн зураг таван давхар байхаар батлагдсан. Гэтэл долоон давхар сууц барьсан байна. Таван давхрын суурин дээр долоон давхрыг барина гэдэг нь та бүхэн, танай үр хүүхэд аюултай нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Компанитай бол ярих зүйл байхгүй. Харин одоо иргэдийг яаж хохироохгүй байх талаар та нартай ярих гэж ирлээ. Зарим компанийн хууль бус үйлдлийн гол хохирогч нь иргэд болоод байгаа. Би Засаг даргын хувьд иргэдийг хохироохгүй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр нь хангахын төлөө хариуцлагатай ажиллана" гэлээ. Байрны оршин суугчид цахилгаангүй, түүнийгээ дагаад дулаан байхгүй, хүйтэн байшинд гадуур хувцастай сууж байгаа гэнэ. "Тэмүүлэнбаатар" компанийн захирал Б.Эрдэнэчимэг энэ байрныхаа урд талд залгаад 139 ам метр газар эзэмших эрх авсан ч түүнийгээ мөн л сурсан зангаараа 375 ам метр болгоод дөрвөн давхар карказ цутгаад амжжээ.

Тэрбээр баригдаагүй байгаа барилгадаа урьдчилгаа нэрээр иргэдээс нэг тэрбум 97 сая төгрөг авчихаад байгаа гэж байр авах захиалга өгсөн иргэдийн төлөөлөл тайлбар хийлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл олгосон зөвшөөрлийг хэтрүүлж дур зоргоороо авирлаж хууль зөрчсөн "Тэмүүлэнбаатар" компанийн захирал Б.Эрдэнэчимэг, түүнийг хянаж шалгах үүрэг бүхий төрийн албан хаагч нарт хариуцлага тооцно гэдгээ хэллээ. Эндээс гарах гарц нь иргэдийг хохиролгүй болгож, төр үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлэх болно гэв. Тус компанитай газар эзэмших гэрээгээ цуцалж, газар чөлөөлөх захирамж гаргахаар болсноо тэдгээр иргэдэд мэдэгдсэн. Энэ бол тус компанийн хутгасан бантантай өөрийн биеэр үзэж танилцсан хотын даргын шийдвэр хийгээд хэлсэн үг. Гэтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур болсон "Тэмүүлэнбаатар" компанийн захирал Б.Эрдэнэчимэг гэх эмэгтэй өчигдөр сэтгүүлчдэд хандсан нь тэр юм.

Мэдээж унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр тэрбээр өөрийгөө зөвтгөх авч түүний дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэснийг зөвтгөх хүн гарахгүй л болов уу. Тэрээр " 2009 онд ашиглалтад орсон 43 айлын орон сууцаа нэг ам.метрийг 500-700 ам.доллараар худалдсан. Одоо барьж буй барилгаа ч мөн нэг ам.метрийг нь нэг сая гаруй төгрөгөөр худалдсан. Гэхдээ намайг дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй" учраас л ингэж байгаа байх" хэмээн өөрийнхөө хийсэн үйлдлийг зөвтгөлөө.
Түүнтэй ижил дураараа дургиж авсан жаахан газрынхаа хэмжээг нэмж, тэр бүү хэл хууль бусаар барьж байгаа барилга нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан 80 гаруй барилга байгааг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр дуулгаж байсан. Өөрөөр хэлбэл эдгээр 80 барилгаас 31 барилгын эскиз, зураг төсөл гүйцэтгэгдсэн бол зөвшөөрөл дутуу 43 барилга байгаа гэсэн. Түүнчлэн газрын эрхийн зөвшөөрөл огт аваагүй ганц барилга байгаа нь "Авзага трейд" компанийнх гэнэ лээ. Гэхдээ энэ мэт том толгойтой нөхдүүдийн үйл ажиллагааг хязгаарлах гэхээр нэг гацаа үүсээд байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэнэ.

Ерөөсөө алив нэг асуудлыг нэг мөр шийдэх гэхээр ямар нэг гацаа үүсээд хийсэн ажил нь салхинд хийсэх үзэгдэл нэлээдгүй гарч байгаа учраас алив саадыг арилгахад холбогдох байгууллагууд ч анхаарахад илүүдэхгүй болов уу. Зөвхөн энэ он гарсаар манай улсад барилгын 34 удаагийн осол гарч, 17 хүний амь үрэгдсэн эмгэнэлтэй тоо баримт байдаг юм билээ. Тиймээс хууль эрх зүйн орчноо эргэн харах цаг нь болжээ гэдгийг энэ салбарт гарч байгаа осол гэмтэл сануулаад байгаа биш гэж үү.

Б.Болорчимэг
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш