Солонгос багш нар монгол хүүхдүүдэд хичээл заах болж гэнэ. Сайхан л сонсогдож байна. Хэлтэй бол хөлтэй гэж ярьдаг. Цэцэрлэгт явдаг охин минь орой ирэхдээ манай ангийн багш англи хэл заасан гээд хэд хэдэн үг холбож хэлснийг нь англиуд нь ойлгодог юм уу гэхээс би лав ойлгосонгүй. Уг нь хөөрхий минь монголоороо ч зөв ярьж сураагүй гуравхан настай юм шүү дээ. Монголдоо үр хүүхэддээ монгол хэлийг нь төгс эзэмшүүлэх талаар төр ч, боловсролын байгууллага нь ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргасангүй.
Бүх нийтээр монгол бичигтэн болно гэж нэг хэсэг шуугив. 1990-ээд оны эхээр дунд сургуулиудад монгол бичгийн хичээл орж, хос бичигтэн болох аян өрнөсөн. Тууштай хэрэгжээгүй энэхүү бодлогын үр дүнд олон хүүхэд монгол бичгээр хагас дутуу уншдаг, кириллээр алдаатай бичдэг болоод үлдсэн. Улс орон хөгжиж, гадаад харилцаа сайжрахын хирээр монголчууд 1990 оноос хойш ахан дүүгийн харилцаатай явсан орос ахынхаа хэлийг сурах гэхээсээ илүүтэй англи хэл сурахыг эрхэмлэх болсон.
Уг нь аливаа улс орон хүнээ хөгжүүлэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах хамгийн гол үндэс нь эх хэлээ хамгаалах бодлогод тулгуурладаг. Орос орон XVIII-XIX зууны эхэн үеэр франц, герман хэлний давалгаанд өртсөн. Оросын дээдсийн хүрээнийхэн төрөлх орос хэлээр ярихаас жигшиж, герман, франц хэл сураагүй орос хүн хамгийн бүдүүлэгт тооцогдож байв. Түүхийн энэ эгзэгтэй үед эх орос хэлээ хамгаалах хөдөлгөөн Орос улсад өрнөж, үүнд алдарт А.С.Пушкин хүртэл идэвхтэй оролцож, орос хэлээрээ олон зохиол бичсэн нь дэлхийн уран зохиолын сан хөмрөгт өнөөдөр ч хүндтэй байр суурийг эзэлсээр байдаг билээ.
Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг гадаад хэлээр авч, УИХ- ын сонгуульд өрсөлдөгчид монгол хэлээрээ зөв ярьж чадна гэхээсээ төчнөөн гадаад хэлтэй хэмээн уралдан мэдэгдэж, төрийн албанд орох хүнээс монгол хэл хэр эзэмшсэн бэ гэхээс илүүтэй хэдэн гадаад хэлтэй вэ гэж асуух нь эн тэргүүнд тавигдах болов. Бүр гадаадын компани, аж ахуйн нэгжтэй Монголын төр гэрээ хийгээд, хэрэв маргаан гарах аваас англи эхийг баримтална хэмээн монгол төр, монгол хэл үнэгүйдлээ. Монгол хэлний үүрэг улс орны хэмжээнд үнэ цэнээ алдан англи, орос, солонгос хэлийг шүтэгсэд монгол үгийг гадааджуулах хэлбэрээр ярих болов. Ах гэхийг уба, ээж гэхийг мама, миний гэхийг надын гэх зэргээр монголчууд нийтээрээ гадааджих тусам түүнийг дагаад эрдэм мэдлэг, сэтгэлгээ, сэтгэлээрээ гоёх бус хувцсаараа уралдаж, монгол хэлний үнэ цэн улам л үгүй боллоо. Их, дээд сургуульд элсэхэд гадаад хэлний шалгалт авна, ажилд ороход гадаад хэлний шалгалт өгнө гээд гутал муут гурвын хойно гэдэг байсан бол одоо гадаад хэлгүй бол гучийн хойно жагсдаг “моод” Монголд бий болоод байна. Үндсэн хуульдаа “Төрийн албан ёсны хэл монгол хэл байна” хэмээн хуульчилсан ч энэ нь цаасан дээр л дурайх болов. Баян-Өлгий аймагт төрийн албан ёсны үйл ажиллагаа казах хэлээр явагдах нь жирийн үзэгдэл.
Тэгэхээр энэ аймаг Монгол Улсын Үндсэн хуулиас ангид байдаг ч юм шиг. Удахгүй Монгол Улсын баруун аймгууд казахаар ярьж, зүүн тал нь англиар ярьдаг болох вий дээ. Аливаа улс үндэстний өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлж, тэргүүлж, бусдад хүндлэгдэх орон зайгаа бий болгохын тулд эх хэлээ хамгийн түрүүнд чухалчлан үздэг нь бодлоготой, төртэй, түүхтэй, ёс заншилтай улс орны эрхэмлэх дээд бодлого байдаг.
Нүүдэлчдийн хэл соёл ба түүх
Улс үндэстэн мөхөх, бусад улс гүрэнд уусан шингэх хамгийн гол хүчин зүйл нь эх хэлээ мартах, гээх явдал байдаг. Ийм түүх ч нүүдэлчин улс үндэстнүүдийн түүхнээ дэндүү их. Эртний их соёлт Монголын Тобэ улс хүчирхэгжин хойд Хятад хийгээд Манжуур Солонгосын хойг хүртэлх олон овог аймгийг нэгтгэн захирсан хүчирхэг гүрэн байгуулсан ч хятад хэл, ёс заншил, бичиг үсгийг авч хэрэглэснээр өөрсдийн ёс заншил, хэлийг огоорон гээж, Хятад хэмээх их луугийн аманд уусан одсон байдаг.
Хожим X зуунд хүчирхэгжин мандсан Монгол угсааны Кидан гүрэн их, бага хос бичиг хэрэглэн өөрсдийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлж, өмнөх нүүдэлч улс гүрний алдааг давтахгүйг ихэд хичээсэн ч Хятадын хойд мужуудыг нэгтгэн захирах явцдаа мөн л хятад соёлын нөлөөнд хэт автаж, хятад хэмээх их айлд өөрийн орон зай ч байхгүйгээр уусан шингэв. Харин Кидан хэмээх Монголын энэхүү овог аймгийн нэрнээс эдүгээгийн хятад гэх нэр үүсэн бий болж, Дундад улсын нэршил болон хэвшсэн байна.
Хожим хүчирхэгжин мандсан нүүдэлч, зүрчид угсааны Манж нар хятад хэмээх аварга лууд залгиулахгүйн тулд монгол бичгийг ашиглан бинт буюу цэг, таслал нэмэх замаар манж бичиг зохиож, хэл соёлоо хадгалж үлдэхийг хичээсэн ч төрийн албандаа хятад хэл, бичиг, соёлыг нэвтрүүлснээр өнөөдөр “Би манж хүн” гэж хэлэх үндэс, угсаатны ул мөр ч үлдэлгүй хятад үндэстэнд уусан шингэв. Гурван зуун жил дэлхий дахиныг сүрдүүлэн мандсан Манж хэмээх их айлын голомт үлдээгүйн учир нь ердөө л манж хэлээ огоорон гээсэнтэй холбоотой.
Хүнд төрсөн эцэг эхээ адлах шиг нүгэл үгүй. Харин улс гүрний хувьд өөрсдийн унаган хэлээ адлах шиг мөхөл үгүй. Монгол түмний хувьд эх хэлээ цэвэр ариун байлгах, хадгалан хамгаалахын төлөө уйгагүй тэмцэж, үе үеийн эрдэмт мэргэд монгол эх хэлээрээ зохиол бүтээлээ туурвиж, босоо монгол бичгээ түүхийн аль ч үед хадгалан хамгаалж ирсэн билээ.
Гаднын улс орны захиалга, бодлого, шашин суртлын нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлийн улмаас монгол бичгийг өөрчлөх оролдлого түүхийн туршид гарсаар ирсэн. Дөрвөлжин бичиг, соёмбо бичиг, тод бичиг гээд хамгийн олон бичиг үсгийг монголчуудад зориулан зохиосон ч монгол бичиг түүхийн бүхий л шалгуурыг даван туулж үлдсэн байдаг. Хожим XX зуунд оросууд кирилл бичгийг нэвтрүүлсэн ч монгол бичгийг ор мөргүй устгаж чадалгүй өнөөдрийг хүрэв.
Төвд бай Монгол
Монголчууд дэлхийн дайдыг эзэлж явсан түүхээрээ бахархдаг ч түүхээ ч, эх хэлээ ч, ёс заншлаа ч гаднын соёлын нөлөөгөөр зэрэмдэглэсээр ирсэн гашуун үнэнийг өнөөдөр ч бид үргэлжлүүлсээр байна. Хэл гэдэг тухайн улс үндэстний соёлын илэрхийлэл бөгөөд соёл нь хүнийг бүтээж байдаг харилцан шүтэлцээ гэдгийг мартах ёсгүй. Тиймээс ч үг нь, хэл нь билэг тэмдгийн хийгээд утгын түүхэн хөгжлийг агуулж, илэрхийлж, хүний сэтгэхүй, сэтгэлгээний мөн чанар, аж төрөхүйн ухаан, уламжлал, сэтгэл зүй, оюун ухааны хөгжил, хүүхдийн хүмүүжил гээд улс орны бүхий л орон зайд нөлөөлж байдаг хүчин зүйл.
Чингис хааны алтан ургийн уламжлалыг эвдэж, их хуралдайн ёс журмыг хөсөр хаян өөрийгөө их хаанаар өргөмжилсөн Хубилай сэцэн хаан Төвдийн шарын шашныг төрийн шашин болгон зарласнаар төвд төвтэй үзэл баримтлал Монгол гүрэнд бий болсон. Төвдийн шарын шашин XVII зуунаас хойш Монголд улам бүр хүчтэй дэлгэрснээр төвд хэл монгол хэлийг шахах болов. Шашны болон төрийн зарим үйл ажиллагаа төвд хэлээр хурал номын үйл ажиллагаа явагдаж, эрдэмтэн мэргэд төвд хэлээр зохиол бүтээлээ туурвих болов.
Манж чин улсын дарлалд нэрвэгдэж, харанхуй бүдүүлэг хоёр зуун жилийн хугацаанд төвд хэл нийгмийн бүхий л салбарт хүч түрэн орж ирсэн ч монгол хэлээ авч үлдэх санаачилга, хөдөлгөөн өрнөж байсан түүхийг мартах ёсгүй. Хүрээний их Аграмба Агваанхайдав монгол хэлээр зохиол бүтээлээ туурвихыг уриалж, өөрийн зохиол бүтээлээ монгол хэлээрээ бүтээн туурвиж байлаа.
Говийн ноён хутагт Данзанравжаа шашин номын үйл ажиллагааг монгол хэлээр явуулах, зохиол бүтээлээ монгол хэлээр туурвин бүтээж байв. Тэдний хичээл зүтгэл талаар болоогүй бөгөөд монгол хэлний яруу тансаг байдал, үгийн олон утга санаа, цэвэр ариун байдал 1940-өөд он хүртэл хадгалагдаж, монгол үндэстнийг сэргэн мандах үндэс болж өгсөн юм. 1913-1915 оны Хиагтын гурван улсын хэлэлцээрт оролцсон Хичээнгүй сайд Б.Цэрэндорж хэдийгээр хятад хэл төгс эзэмшсэн ч заавал орчуулагчаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлж байжээ. Түүнээс
-Та хятад хэлийг төгс эзэмшсэн атлаа яагаад заавал орчуулагчаар дамжуулж хэлэлцээрт оролцож байгаа юм бэ гэхэд
-Бид бага буурай улс. Тусгаар улс болохыг эрмэлзэн хоёр улсын тулган хүлээлгэсэн хэлэлцээрт оролцож буй нь хэдийгээр хорсолтой ч бид төрөлх эх хэлээ бусад улс гүрэнд хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Аливаа улс үндэстэн өөрийн эрхэмлэх эх хэл үгүй бол тусгаар тогтнох эрх үл олдох буй заа.
Тэрээр Дундад иргэн улсын зүгээс өөрийн эзэн эрхээ бататгаж, Богд хаанд “Богд хаан цол, алтан өргөмжлөл” өгөх гэхэд тэрээр Гадаад яамны сайдын хувьд хариу өгөхдөө “Өргөмжлөл бичгийн үгийг бид мэдэхгүй байгаа тул түүний үгийг урьдаар цахилгаанаар орчуулан мэдэгдэж болох эсэхийг лавласан” байдаг нь Монгол Улсын тусгаар тогтнол, монгол хэл хоёр салшгүй холбоотойг нэн эрхэмлэн дээдэлж байсныг илтгэдэг. Ухаантнууд сэтгэдэг бол урагш муутнууд даган дуурайдаг гэмтэй. Өнөөдөр даган дуурайгчид хэт олширсноос монгол хэл гадуурхагдаж, удахгүй мөхөх хэлний дансанд бүртгэгдэх болоод байна.
Монголчууд ба гадаад хэл
Эрдэмтэд төрөлх хэлээ сайн эзэмшсэн хүний сэтгэхүйн чадамж хамгийн өндөр байдгийг тогтоосон нь өнөөдөр хүн бүхний мэддэг энгийн нэг мэдээлэл. Саяхан Израилийн хэл шинжээч Гай Дойчер “Хүний ярьж буй хэл түүний ертөнцийг үзэх үзлийг тодорхойлдог” гэсэн нь хэл шинжлэлийн эрдэмтдийг маргалдуулаад байна. Израиль буюу еврей үндэстэн 2000 гаруй жил газар нутаггүй байсан ч эх хэлээ мартаагүйн ачаар өнөөдөр хүртэл үндэс угсаагаа аварч үлдэж чадсан юм.
Тиймээс ч тэрээр дээрх гаргалгааг хийсэн байх магадлалтай гэж үзэгсэд байна. Түүнээс гадна шинжлэх ухаанд нээлт хийсэн, хийж буй эрдэмтэд эх хэлээ төгс эзэмшсэн байдаг аж. Ёс заншил, уламжлал, улс эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн байдлыг хадгалж үлдэхийн тулд хамгийн эхлээд эх хэлнийхээ дархлааг бий болгох ёстой. Хэрэв эх хэлнийхээ дархлааг бий болгож чадвал мартаад байгаа, мартагдах гээд байгаа өв соёл, уламжлал, улс үндэстнээрээ бахархах бахархал гээд бүхий л үнэт өв сэргэх болно.
Тиймээс их, дээд сургуульд элсэн орогчдоос англи болон орос хэлний мэдлэгийн шалгалт бус монгол хэлний шалгалт авч байя. Төрийн албанд орж буй хүнээс гадаад бус монгол хэлний хэр мэдлэгтэйг нь асууж байя. Ерөнхийлөгч хийгээд төр төлөөлсөн эрхмүүд төрийн албан ёсны уулзалт хэлэлцээр дээр зөвхөн монгол хэлээрээ ярьж байя. Төрийн элдэв хэлэлцээр, албан бичиг Монгол Улсад хийгдэж байгаа бол монгол хэл дээрх эх хувийг баримтлах заалтыг оруулж байя.
НҮБ-ын индэр дээрээс, Харвардын их сургуулийн эрдэмтэн мэргэдэд монгол хүн монголоороо илтгэл тавьж байя. Тэр хүмүүс сонсох гэж хүсч байгаа бол, монгол гэдгийг минь хүлээн зөвшөөрч байгаа монгол хэлийг сураад, монгол хэлний орчуулагч олоод сонсох л болно. Тэгж байж л бид буурай Монголоо их Монгол болгож чадна. Уг нь бид 2000 гаруй жилийн түүхтэй, эх хэлтэй, эх оронтой, төртэй ард түмэн. Харин өдгөө эх хэлнээсээ бага багаар татгалзаад байна. Хожим өөр юунаасаа татгалзахыг өнөөдөр бид хэлж мэдэхгүй. Эх орныг нь эзэлье гэвэл эх хэлийг нь мартуулах ёстой. Гадаад хэлийг эзэмших ёсгүй гэж байгаа юм биш. Гадаад хэлийг бол хүн бүр сурч болно. Гэхдээ төр албадах биш хувь хүний амьдралын хэрэгцээ, хэрэглээ тул сурах эсэх нь тухайн хувь хүний эрх юм. Ялангуяа өнөөдрийн даяаршиж буй нийгэмд гадаад хэлийг эзэмших нь хүн бүрийн өмнө тулгамдаж буй хэрэгцээ болоод байна.
Харин эх хэлээ төгс эзэмшихийг шаардах нь төрийн эрх бөгөөд иргэн хүний зайлшгүй биелүүлэх, улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэг гэдгийг л хуульчилж өгөх хэрэгтэй байна. Бид эх хэлээ хамгаалж үлдэж чадаж гэмээнэ ирээдүйн хүчирхэг Монгол гүрний үндэс суурийг тавих болно.
Д.Лхагва-Очир