logo

"Амиа хорлогчдын" гүүрний өнгө төрхийг өөрчлөв

2012/10/06
Өмнөд Солонгосын нийслэлд байдаг Мапо гүүр зарим нэг буруу зүйлээрээ зартай болжээ. Учир нь сүүлийн таван жилийн хугацаанд энэ гүүрэн дээрээс үсэрч амиа хорлохыг завдсан тохиолдол 100 гаруй удаа гарсан байна. Энэ мэт муу зүйлээс зайлсхийхийн тулд Сөүл хотын удирдлагууд арга хэмжээ аваад эхэлжээ. Гүүрэн дээр эерэг сайхан зүйлсийг харуулсан зургуудыг байрлуулж, сэтгэлийн зовлон бол юу ч биш гэсэн утгатай үгсийг бичсэн байна.
Өмнөд Солонгост амиа хорлолтын төвшин маш өндөр байгаа юм. Энэ улсад өдөрт 40 гаруй хүн амиа егүүтгэдэг байна. Амиа хорлолтоос сэргийлэх байгууллага Мапо гүүрний өнгө төрхийг өөрчилсөн нь сайн дураараа хорвоог орхих талаар бодож байгаа хүмүүсийн бодлыг өөрчлөхөд нөлөөлж болохыг хэлжээ. Сөүл хотын иргэд үүнтэй санал нэг байна. Гэхдээ энэ нь асуудлыг нэг мөр шийдчихгүйг хэлэх хүмүүс ч байна.
Сөүлийн оршин суугч Жун Ён Хан ярихдаа "Энэ үр дүнтэй байна гэдэгт эргэлзэж байна. Миний бодлоор засгийн газар амиа хорлолтыг бууруулахын тулд сайн бодлого боловсруулах хэрэгтэй. Хүмүүсийн амьдрал ахуй улам хүнд хэцүү болж байна. Зарим хүмүүс ядуурч байна. Гүүрэн эерэг утгатай үгс бичлээ гээд амиа хорлолтоос сэргийлэхгүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд бодитой арга хэмжээ авах ёстой" гэжээ.
Сөүл хотын удирдлагууд энэхүү шинэ санаачлагыг нэг жилийн хугацаанд турших юм байна. Хэрэв үр дүнтэй гэдэг нь батлагдвал бусад гүүрнүүдийн өнгө төрхийг  үүнтэй адилаар өөрчилж магадгүй юм.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш