logo
Дэлхий нарнаас хамгийн хол очив

Дэлхий нарнаас хамгийн хол очив

2011/07/10
Энэ сарын 7-нд бид нарнаас хамгийн хол очив. Өөрөөр хэлбэл, дэлхий тэнхэлгийнхээ хамгийн холын цэгээр дайран өнгөрсөн юм. Дэлхий болон нарны аймгийн бүх гаригийн тойрог зам зууван хэлбэртэй байдаг. Үүнийг анх XVII зууны үед Германы одон орон судлаач Иоганн Кеплер математик тооцооллын үндсэн дээр тогтоож байв. Мөн гаригуудын хөдөлгөөнийг нар тэнцвэржүүлдгийг ч нээсэн юм.

Өөр өөрийн тэнхлэгээ тойрон эргэх гаригууд жилд нэг удаа наранд хамгийн ойр очиж мөн нэг удаа холуур дөлөн өнгөрдөг билээ. Энэ жилийн хувьд хамгийн алсад очих үе өчигдөр тохиов. Өөрөөр хэлбэл, нарнаас 152102 196 км-ийн зайтай байжээ. Харин нэгдүгээр сарын 3-нд хамгийн их ойртсон бөгөөд 149 597 870 км зайтай өнгөрсөн аж.

Олон жилийн ажиглалт, судалгааны дүнд энэ хоёр гариг дунджаар 4 828 032 км буюу гурван хувиар холдож ойртдог. Тэгэхээр өчигдөр нарны үзэгдэх байдал гурван хувиар жижгэрсэн гэсэн, үг юм. Гэвч үүнийг нүдээр хараад баримжаалах боломжгүй, дуран авайн тусламжтайгаар нарийн ажиглагдсан гэнэ.

Энэ жилийн зун олон жилийн дунджаас халуун болж байна. Ялангуяа, бөмбөрцгийн хойд хагаст. Тиймээс аагим халуунд ядарч залхсан хүмүүс дэлхий нарнаас улам холдсоор байсан гэхэд халууны илч дээрх өдрүүдэд яагаад буурсангүй вэ хэмээн гайхширч байгаа юм. Одон орон судлаачдын тайлбарлаж байгаагаар үүнд өдийд дулааны улирал тохиож байгаа болон дэлхийн туйлын налалт буруутай аж. Өөрөөр хэлбэл, цэнхэр дэлхий тойрог замаар аялах үедээ тодорхой хэмжээгээр налалт үүсгэдэг.

Өнөөдөр хойд ба өмнөд туйл 23.4 хувиар налалттай байгаа аж. Тиймээс хойд туйл өмнөд туйлаас илүү наранд ойр байх үетэй дэлхий нарнаас хамгийн хол очих үе давхацжээ. Энэ нь халууны илчийг бууруулаагүй байна.

Мөн дээрх хазайлтын улмаас бөмбөрцгийн хойд хагаст нарны тусах хугацаа харьцангуй урт байгаа төдийгүй тусгал нь ч шууд эгц байгаа юм. Зуны улирал тохиож байгаагаас өдөр нь урт шөнө нь богинохон үргэлжилж байгаа өдийд нарны энэхүү эгц тусгал халуу шатах үндэс болж байгаа аж. Дээрх шалтгаануудын улмаас дэлхий нарнаас хол ч аагим халуун хэвээр үлджээ.

Ж.Баярмаа

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш