logo
Н.Энхбаяр Ө.Энхтүвшинд “За” гэж хэлсэн бол яана

Н.Энхбаяр Ө.Энхтүвшинд “За” гэж хэлсэн бол яана

2012/10/06
МАН-ын дарга Ө.Энхтүвшин Н.Энхбаярыг саяхан эргэж очжээ. Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу тэд нэгэн дээвэрт нэгдэж МАХН гэдэг хүчирхэг “Хөлөг онгоц”-оор хамтдаа зорчиж явсан эрхмүүд. Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаяр 2002 оны сонгуульд тухайн үеийн МАХН-ыг үнэмлэхүй ялуулж намын дарга, Ерөнхий сайд болж байсан. Ө.Энхтүвшиний хувьд ч мөн ялгаагүй тэрбээр экс эрх баригч хүчний тэргүүн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн Ардын намыг удирдаад яг хоёр cap болж байгаа. Харин Н.Энхбаар, Ө.Энхтүвшин нар эмнэлгийн өрөөнд юу гэж ярилцсан нь сонирхол татаж байна.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ардын намынхнаас салан тусгаардаж МАХН гэдэг намыг байгуулсан. Тэрбээр Ардын намаас энэ дөрвөн үсгийг салгаж авсныхаа дараа М.Энхсайхантай хамтран улс төрийн тавцнаа дахин тоглолт хийж эхэлсэн. Эв нэгдлийн сум багцалж “Шударга ёс” эвслийг ч байгуулсан… МАНАН-ын эсрэг хүч хавсрах гэж тэр шүү дээ. Тиймээ энэ түүх дөнгөж эхлээд бас дөнгөж саяхан дуусчих шиг боллоо. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын эрх мэдэлд хүрэх зам богинохон байж. Улс төр дэх хоёр “Э”-ийн нэгдлийн үед МАН сонгуульд ялагдсан нь маргаангүй үнэн.

Харин хоёр “Э” хагацах үед МAH голлон тоглогчоор дахин гарч ирлээ. Н.Энхбаяр хорих ял сонсчихсон, эмнэлэгт хэвтсэн, бас эрх мэдлийн хуваарилалтаас ангид түүнтэй уулзлаа. цагаа олж очсон байгаа биз. Үнэхээр ч МАХН, МҮАН-ынхан албан тушаалын төлөө амиа өгөхөөс ч буцахгүй өөр зуураа хэмлэлдэж байхад Н.Энхбаярт өөр хэн нэгний туслалцаа хэрэгтэй байсан байж болох. Нэгэнт Ардчилсан намынхан “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгууллаа гээд Н.Энхбаярыг өршөөхгүй нь тодорхой болсон.

“Шударга ёс” эвслийнхэн УИХ-д бүлэгтэй болж, Засгийн газарт дөрвөн суудалтай боллоо гээд Н.Энхбаярыг аварч чадахгүй нь бүр ойлгомжтой болчихов. Тэгэхээр Н.Энхбаяр хэнд хандах ёстой вэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уу? Үгүй. Ө.Энхтүвшин ба МАН-ынхан “Уруул дордойвч, элэг дордойхгүй” гэдэгчлэн эрх баригч хүчний тугийг хамтдаа атгаж явсан экс нөхөдтэйгээ уулзах нь л дутаж. Харин одоо улс төрд ямар үйл явдал өрнөж байна гээч Н.Энхбаяр Ө.Энхтүвшин нар уулзсаны дараахан МАХН-ынхан МҮАН-ыг өөртөө уусгах бодлогоо хэрэгжүүлж эхэллээ.

Үүний хамгийн том илэрхийлэл нь УИХ-ын гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч МАХН-д орсон явдал юм. Ингэхээс ч өөр арга байсангүй. Учир нь тэд УИХ-д 8 суудалтай байж бүлэг байгуулах эрхтэй. Хэрэв МҮАН-ын дарга “Шударга ёс” эвслээс гарахаа мэдэгдэх юм бол тэд УИХ-д бүлэггүй болох эрсдэлтэй байсан. Чухам иймээс л М.Энхсайханаас түрүүлж хөдөлсөн хэрэг. Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын хамтарч нэхсэн улс төрийн “Нэхээсээ” харилцан бие биенийхээ эсрэг хөвөрдөж эхэлсэн нь эвслийн нэрээр Н.Алтанхуягийн нүхэнд багтсан нөхдийг нь эрсдэлтэй байдалд оруулчихаад байна.

Ингэж хэлэх ч шалтгаан бий. Учир нь эвсэл задарвал Засгийн газар ч ганхана. Энэ тухай заалт хуульд ч бий. МАХН-ын даргаас өөр сэтэргүй хоцорсон Н.Энхбаяр МАН-ын даргатай уулзсанаас хойш үйл явц бүр хүчтэй өрнөх боллоо. Товчхондоо экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт, сонгуульд ялагдаж, бүр УИХ-д бүлэг байгуулах эрхгүй болчихоод байгаа МАН-д амь тариа хэрэгтэй байна. Энэ бол MAH, МАХН хоёр улс төрийн тавцнаа хамтарч тоглох явдал юм. Н.Энхбаяр эвслийн төлөө өөрийгөө золиослохыг хүсээгүй л бол Ө.Энтүвшинд “Үгүй″ гэж хэлэх шаардлагагүй боллоо.
Л.Нансалмаа
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш