logo
Улсдаа ганц Гэмтлийн эмнэлгийн эмгэнэл

Улсдаа ганц Гэмтлийн эмнэлгийн эмгэнэл

2012/10/06
Улсдаа ганцхан энэ эмнэлгийн бүтэн нэр уг нь Гэмтэл, согог судлалын үндэс­ний төв юм. Эмнэлгийн түүхийг сөхвөл Улаанбаатар хотын хүн амыг 500 мянга орчим байхаар төлөвлөсөн 1991 онд клиникийн эмнэлэг болон өргөжсөнөөр одоогийн зургаан давхар шар тоосгон байрандаа оржээ. Түүнээс хойш бүхэл бүтэн 20 жил өнгөрч, Улаанбаатар хотын хүн ам бараг гурав дахин өсчихөөд байхад анх байгуулагдсанаасаа өчүү­­хэн ч өөрчлөгдсөнгүй. Бай­гуу­лаг­дахдаа 360 ортой бай­сан бол 20 жилийн дараа 60 ор нэмэгдэж, өнөөдөр 420 өвчтөн хэвтүүлж эмчлэх боломжтой болжээ.

2006 оны арваннэгдүгээр сард Гэмтэл, согог судлалын үн­дэсний төв хэмээх сүрхий догь цол гуншинтай болсон ч тэр жилдээ л өөрийн мэдлийн эргэн тойрны газраа бусдад булаал­гаж, клиникийн эмнэл­гээ өргөжүүлэн томруулах ямар ч боломжгүй болсон гэ­дэг.

 Монгол Улс хоёр сая найман зуун мянгаад хүн амтай хэмээн саяхан ажлаа өгсөн Улсын бүрт­гэлийн Ерөнхий газрын дарга асан мэдэгдэж байсан. Тэгвэл тэр бүх хүнд тохиолдох хүндэвтэр гэм­тэл, согогийн яаралтай туслам­жийг үзүүлэх үндэс­ний хэмжээний ганцхан төв маань өнөөдөр ёстой л “үүрээ эвдүүлсэн шоргоолж” мэт бужигналдаж, гэмтэж, бэртсэн өвчтөнүүдээ хүлээж авч дийлэхгүй шар нар, бор хоногийг төөрүүлж сууна.

Гэмтэл, согог судлалын үндэс­ний төв өнөөдөр ха­галгааны 10 хэсэг, 15 ор­той сэхээн амьдруулах эр­­чимт эмчилгээний кли­ник, эмчилгээний 16 тасаг, нийт 490 гаруй эмч, эмнэл­­­гийн мэргэжилтэй ажил­лагсадтайгаар жилдээ 12 мянган өвчтөн хэвтэн эмч­­лүүлж, 7500 гаруй тө­рөл бүрийн мэс ажилбар хийж, 90 мянган хүнд осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлж байгаа ажээ. Нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 40 хувь нь хөдөө орон нутгийн иргэд байдаг гэнэ.

2012.10.04-ний 11:00 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үүдээр ороход хүлээн авахын гур­ван залуухан эмч дээр гэмтэж бэртсэн 40 гаруй насны өвчтөн орь дуу ха­дааж, тэднийг эмнэлэгт хүргэж ирсэн ар гэрийнхэн нь нарийхан хонгилд баг­таж шингэхгүй жинхэнэ хөл толгой нь мэдэгдэхгүй айм­шигтай орчин угтсан юм.

Төв аймгаас авто ослын улмаас хүргэгдэж ирсэн нэгэн өвчтөн сэхээний тасаг руу хүргүүлэх тэрүүхэн замд нүдэн дээр минь амь нь тасрахыг харлаа. Бараг найдваргүй болсон түүний амийг торгоохоор гүйн ирсэн Монгол Улсын гавьяат эмч, анагаах ухааны доктор, порфессор Р.Шагдарсүрэнтэй тавхан хором уулзахыг хүстэл яаралтай хагалгааны тасаг руу гүйх зуураа “Орой 18 цаг хүртэл ямар ч боломжгүй. Ар араасаа маш хүнд хагалгаанууд хүлээгдэж байгаа” гэчихээд харайж одов.

Тэгтэл эмнэлгийн нарий­хан хонгилыг нураачих нь халгүй орилсон нэгэн залуу хоёр найзаараа тэврүүлсээр хар гүйхээрээ орж ирлээ. Нэг талынх нь хацрын товгор яс хуга үсэрч, сэрийгээд наашаа гараад ирчихсэн түүнийг харах ч юм биш. Ёстой жинхэнэ аймшиг тэнд л буцалж байлаа. Харин тэр зэргийн гэмтэлд дөжирсөн залуухан эмч нөгөө залууг орилуулан байж боолт хийж өгөөд, “Хонгилд ч хэвтүүлэх боломжгүй. Амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа маш хүнд өвчтөнүүдээ ч багтаах боломжгүй байгаа. Өрхийн эмнэлгээрээ боолт хийлгээд яв. Үгүй бол аль нэг хувийн эмнэлэгт хэвтээд, боолтоо ирж солиулж бай” гээд хэнэг ч үгүй хөөх шахам гаргачихлаа.

Үнэндээ бусад клиникийн эмнэлгийн эмч нар өдөрт 15-20 өвчтөнд үзлэг, эмчилгээ хийдэг бол тус эмнэлгийн хүлээн авахын нэг эмч өдөрт доод тал нь 70-80 өвчтөнд анхан шатны тусламж үзүүлдэг аж. Хүлээн авахын гурван эмчийн хоёр нь залуухан эмэгтэй эмч байх юм. Сонирхоод Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн хүний нөөцийн ал­баны мэргэжилтэнтэй уул­заж тодруулга авах гэтэл “Цайны цаг болсон” гээд халгаасангүй. Харин үүдэнд нь өлгөөтэй байгаа тодруулгаас нийт 490 гаруй эмч, мэргэжилтний 409 нь буюу 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд, тэдний 63.5 хувийг 39 хүртэлх насны залуучууд эзэлдгийг олж мэдэв.

Үхэл, амьдралын заагт золгүй тохиолдлоор орж, орь дуу хадаасан янз бүрийн осол гэмтэлд өртөгсөдтэй хамгийн эхлээд улаан нүүрээрээ халз тулж, амь насыг нь торгоодог халширмаар энэ ажилд бүсгүйчүүд голдуу ажилладаг нь бас л нэгийг бодогдуулсан юм.

Үнэндээ нүүр тулсан аймшигт учрал, барьц алд­маар гэнэтийн тохиолдолд эмэгтэй хүн эрчүүдээс илүү зориг зүрхтэй, сэтгэлийн тэнхээтэй байдаг нь өнөөд­рийн Улаанбаатарын айм­шигт амьдралын толь болсон Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөр ороод гарсан хэдхэн хоромд бүр ч илүүтэй анзаарагдсан юм.

Монголдоо ганц гэгдэх Гэмтэл, согог судлалын үн­­­дэсний төвд хөл гишгэх зай үнэндээ алга. Зургаан давхар эмнэлгийн урт нарийхан хонгил босч чадахгүй, битүү боолттой, гэмтэж бэртсэн өвчтөнүүдийн сэтгэл сэглэсэн тарчлаантай орилоон, ёолох дуунд дайвалзаж байна, цаана чинь.

Уг нь бид чинь Азийн цагаан дагина гэгддэг бай­­сан Улаанбаатар хотдоо дайн дажингүй энх амгалан л амьдарч байгаа ухаантай юмсан. Гэтэл ямар гээч аюул нүүрлэхээрээ дайны хөлд сүйдэж байгаа Сири, Афганистан, Ирактай адил­хан эмнэлэгтээ багтахгүй гар хөлөө тасдуулж, битүү боолтны цаанаас аврал эрсэн аймшигт дуунд тарчилж, эмчилж дийлдэхгүй болтлоо бэртэж гэмтэцгээнэ вэ.

Өдөрт 250-300 гаруй хүн янз бүрийн ослоор бэртэж гэмтэн, орь дуу хадаасаар зорин ирж байгаа Гэмтлийн эмнэлэг өвчтөнүүддээ дараг­даж, хөл гишгэх газар бай­тугай амьсгалах агаар ч алга. Шинээр гэмтэл согогийн томоохон эмнэлэг барих газар нь ч алга.

Сая гурван зуун мян­ган иргэнээ багтааж ядан бужигналдаж байгаа Улаан­баатар хотод XXI зууны станртад нийцсэн, хам­гийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй Гэмтэл сого­гийн клиник эмнэлгийг нэн яаралтай байгуулах шаардлагатай байна. Тийм газар байна уу, Э.Бат-Үүл баатар аа.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш