logo
МАХН орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй боллоо гэв

МАХН орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй боллоо гэв

2012/10/06
Орон нутгийн сонгуульд МАХН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшигчид оролцох боломжгүй болжээ. Энэ талаар өнөөдөр  Говь-Алтай аймаг дахь МАХН-ын гишүүд мэдээлэл хийлээ. Энэхүү хэвлэлийн хуралд Говь-Алтай аймгийн МАХН-ын төлөөлөл болох н.Жамъяансүрэн, Б.Мөнхзул, Б.Наранцэцэг, н.Мөнхөө, н.Отгонжаргал нар оролцлоо. Тэд “Говь-Алтай аймагт орон нутгийн сонгуулийг тойрсон будлиан их гарч байна. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, МАН-ын гишүүн Ш.Эрдэнэбат орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийг сэтгэлзүйн дарамтаар шахаж, заримыг нь хөрөнгө мөнгөөр “цохиж”, орон нутгийн сонгуульд нэр дэвших боломжгүй болголоо. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Ш.Эрдэнэбатын доор ажиллаж байсан н.Оюунбилэг гэх бүсгүй Говь-Алтай аймгийн МАХН-ын тамга тэмдэгийг булаан авсан. Одоог хүртэл өгөхгүй байгаа” хэмээн мэдээллэв.

Түүнчлэн, тэд “Сонгуулийн тойргийн хороо өчигдөр орой МАХН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх шийдвэр гаргалаа. Энэ асуудлыг тойргийн хорооноос тодруулахад “Танай намын мөрийн хөтөлбөр шаардлага хангахгүй байна” гэж хариулсан. Улс орон даяар явагдах орон нутгийн сонгуульд манай намыг ялгаварлан гадуурхаж байгаад бид гомдолтой байна” хэмээн ярьлаа.

Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш