- Залуу хосуудын дунд гэр бүл салалтын асуудал хурцаар хөндөгдөж байна. Монголд гэр бүл салалт ихсэх болсны гол шалтгаан юу вэ?
- Хамгийн гол шалтгаан бол хүмүүс гэр бүл гэж ямар газар вэ гэдгийг мэдэхгүй, яах гэж гэрлэж байгаагаа ойлгохгүй гэрлэчихсэн байдаг. Амьдралд жаахан бэрхшээл тохиолдохоор тэвчээртай хандаж чаддаггүй, хадам худууд хооронд нь оролцдог. “Болохгүй бол болихгүй юу, салахгүй юу“ гэж хоёр талаас нь маш хүчтэй зөвлөгөө өгдөг. Мөн эдийн засаг, ядуу зүдүү байдлаас бололд маш их салж байна. Өмнө нь олон мянган гэр бүл хэн нэгэн нь Солонгос руу ажиллахаар явснаас болж салж байсан бол одоо эрчүүд мянга, мянгаараа уул уурхай руу явж байна. Бүтэн хоёр сар хань ижил, үр хүүхдээ харахгүй хөдөө ажиллаад гэртээ 14 хоног байчихаад эргээд явдаг болсон. Ажилгүй залуучууд амьдрахын эрхээр яалт ч үгүй уул уурхай руу явж байна. Гэтэл уул уурхайд яагаад хосоор нь аваачиж болохгүй байгаа вэ? 1990 оноос өмнө илгээлтийн эзэд гээд залуучуудыг хүйсийн тэнцвэртэй байдлаар нь явуулдаг байсан. Залуу хосуудыг дэмжиж нийтийн байр барьдаг байлаа. Гэр бүлтэй бол татвараас чөлөөлдөг байсан тул аль болох үр хүүхэдтэй болохыг хичээдэг байсан. Одоо бол эсэргээрээ. Ажил олгогчид хүүхэдтэй бол ажлаас гаргана, эхнэргүй, нөхөргүй бол ажилд авна. Өдөр шөнөгүй морь, мал шиг ажлаа хийж байхад л болно гэснээс болж 45-50 насны огт хүнтэй сууж үзээгүй олон хүн байна.
- Гэр бүл салалтыг дагаад хүүхдийн хүмүүжил их яригдаж байна. Хүмүүжил сул байгаа нь юутай холбоотой вэ?
- Өнөөдөр 13 настай охин хүүхэд төрүүлж байна. Үерхэж байгаа нь энэ гээд ор хөнжлийн ажил хийж байх жишээтэй. Энэ асуудалд гэр бүл судлаачид насанд хүрсэн хүмүүс их хариуцлалгагүй байна гэж дүгнэдэг. Үлгэр дуурайл сул байна. Төрөөс гэр бүлийг дэмжих бодлого дутуу, дулимаг. Байгууллагууд зөвхөн ажил хийлгээд байя гэхээс биш тэр ажилтны цаана гэр бүл хэрэгтэй, орон гэр байгаа гэдгийг бодохгүй байгаагаас хүүхдийн хүмүүжил орхигдох хандлага байна. Дээр нь хадам, худуудын олон арван жил хуримтлагдсан хэрүүл эргээд хүүхдэд гэр бүл болох муухай, үнэ цэнэгүй гэх хандлага төрүүлдэг. Тэгээд л аав, ээжээ үл ойшоон үгэнд нь орохгүй, айж эмээхгүй, архи тамхинд эрт орох, бэлгийн зүй бус харьцаанд орох бага насандаа үр хөндөлт хийлгэх гээд асуудлууд хөвөрч байна даа.
- Хүүхдийн хүмүүжлийн тал дээр гэр бүл судлаач хүний хувьд хамгийн эмзэглэдэг асуудал юу байна вэ?
- Бид айл, албан газруудаар явж судалгаа хийдэг л дээ. Тэгэхэд нэг айлд 4-5 настай тав зургаан хүүхэд зуухаа тойроод тоглож байна. Гэтэл тэр гэрт яг хажууд нь согтуу аав, ээж хоёр нь ор хөнжлийн ажил хийгээд байж байсан. Энэ юу гэсэн үг вэ? Ийм орчинд өссөн хүүхэд юу хэлж, юу сэтгэж, юу хийх вэ гэдэг тодорхой. Ийм бүдүүлэг, мэдлэггүй, төлөвшөөгүй, ачаагүй эцэг, эхчүүд даанч олон байгаа нь харамсалтай. Мөн гаднаас ажиллах хүч гэж орж ирж байга хятадууд монголчуудад асар их нөлөөлж байгаа. Хятадууд тэр төлөвшөөгүй, мэдлэггүй охиддын толгойг эргүүлж байгаа тул олон олон эрлийз, хурлийз, эцэггүй хүүхдүүдтөрөх магадлал өндөр. Биднийг Налайхад судалгаа хийхэд олон зуун эцгээ мэдэхгүй хятад хүний хүүхдүүд гарч ирсэн. Энэ нь үндэсний аюулгүй байдлын харанга дэлдэж байна. Бид гэр бүл ажлаас чухал гэдгийг ойлгож, гэр бүлийн ариун нандин байдал, ёс журмыг өргөх ёстой.
- Бид монгол ухаан гэж их ярьдаг. Монгол төрийн гэр бүлийг хамгаалах, төлөвшүүлэх бодлгын тухай яриа хаачив?
-Үнэнийг хэлэхэд монгол өвөг дээдсийн гэр бүлийг хамгаалах бодлого алдагдахад хүрээд байна. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдээсээ эхлээд салж сарних, ханиа хаяж залуу эхнэр авах явдал төрийн түшээ дунд олон байна. Тийм ч учраас тэд гэр бүлийн хуулийн цоорхойг хэлэлцдэггүй. Уг нь түрүүлээд салъя, хүүхдээ өнчрүүлье гэсэн хүн эхлээд торгууль төлөх ёстой. Би хүүхдээ харахгүй гээд эхнэрээ өвчтэй, ажилгүй гэж эсвэл зүс царай нь гундаад ирэхээр нь хаяж байгаа хүн торгуулах ёстой. Тэр нь манай гэр бүлийн тухай хуулинд заагдаагүй. Би хүний эрх, эрх чөлөөгөө эдэлж байна, хэдэн ч эхнэртэй байсан хамаагүй гэсэн хандлагатай залуучууд 20 жил явахад ийм хэцүү байдалд орж байна.
- Манайд ар гэрийнхээ ачааг үүрч явдаг эмэгтэйчүүд олон. Түүндээ ч их сэтгэлээр унаж явах нь бий. Ийм эмэгтэйчүүдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
- Хүн өөрийнхөө амьдралд гомдож, цөхөрнө гэдэг энэ хүн өрөө амьдралын утга учрыг ойлгоогүй байна гэж үздэг. Өөрийнхөө дур сонирхлоороо архи уудаг, муу хүнийг нь мэдсээр байж гүйж очиж үр хүүхдийг нь гаргачихаад хүмүүжүүлэхгүй зоргоор нь жолоог нь сул тавьчихдаг. Өөрөө амьдралаа үүрч явах байдалд хүрчихээд зовлон гэж ярьдаг ээжүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь буруу. Хүн түүнийгээ үүрч, дааж явах л учиртай. Харин өнөөдөр та ганцаараа тэр айлыг үүрч яваа мэт ч ирээдүйд хөгшрөхийн цагт өсгөсөн хүүхдүүд чинь үхэн үхтэл нь тэжээх болно. Хэрэв хүүхдүүдээ өсгөж чадахгүй, тэр хүүхдээ аавд нь эсвэл хадамдаа өгөөд жаргалаа хөөсөн бол эргээд таны хүүхдүүд насны эцэст харж үзэхгүй. Та сэтгэл хангалуун биш бол төлөвшөөгүй байна л гэсэн үг. Та гэрт амьдарч байвал гэрт амьдрах хэмжээнд, тансаг хауст амьдарч байвал тэр хэмжээнд л сэтгэж, ажиллаж чадаж байна гэсэн үг. Гадны хэн нэгэн хүнээр харж үзүүлэх гээд байх хэрэггүй. Хэн нэгний гарыг харсан хамааралтай байдал хэзээ ч аз жаргал авчирдаггүй. Сайхан амьдаръя гэвэл 24 цаг ажил хийгээд аль болох бүтэх хүмүүстэй нийлж, сурах хэрэгтэй. Муу муухай хүмүүстэй хов жив ярьж өдөр хоногийг өнгөрөөгөөд эцэст нь зовлонтой ядуу зүдүү амьдарч байна гэдэг бодол сэтгэлгээний асуудал. Хүн ядуу, баян байна гэдэг сэтгэл зүйн асуудал.
- Тэгвэл би энэ амьдралыг авч явах ёстой гээд хатуу шийдсэн эмэгтэй нөхрийнхөө алдааг яаж мартаж, шархалсан зүрхээ яаж эдгээх вэ?
- Ханилж суухад олон зовлон тохиолдоно. Шархалсан, ганцаарсан зодуулсан, уйлсан энэ бүх асуудал чинь таны жаргалд хүрэх анхны эхлэл. 63 жил амьдарсан 90 настай гэр бүл байна л даа. Тэд үргэлж жаргаж байгаагүй. Эмэгтэй нь 30 жил зовохын дээдээр зовж байсан. 13 хүүхдээ ганцаараа өсгөсөн. Нөхөр нь гэрийн бараа харахгүй гурван сараар явчихдаг байсан. Тэр үед ямар гаслантай хорвоод ямар хэцүү хүнтэй ханилаад амьдарч байна вэ гэдэг байсан. Гэсэн ч 50,60 нас хүрэхийн цагт нөхөр нь гэр бүлдээ санаа тавьдаг болж 38 жил жаргаж байна. Гэхдээ хүн болгоныг ингэж зовох хэрэгтэй гэсэн үг биш л дээ. Жаргал дардан замаар ирдэггүй. Ямар нэгэн саад тотгорыг давж байж жаргал ирдэг. Өнөөдөр нөхөр чинь ажил нь бүтэхгүй, хангалттай мөнгө олж чадахгүй гээд архи ууж байж магад. Эмэгтэй хүмүүс архинд орохгүй жижиг, сажиг чимхлүүр ажил хийж байгаа нь эхэндээ амьдралыг авч яваа юм шиг харагдана. Гэвч үнэн хэрэгтээ нөхөр нь байдаг эмэгтэй, нөхөргүй эмэгтэй хоёрын хооронд том ялгаа бий. Нөхөртэй эмэгтэй илүү жаргалтай байдаг. Тухайн үед зовоож байгаа ч байнга эхнэр нь биш заримдаа найз нь байж ажилд нь зөвлөөд өгвөл болно шүү дээ. Ер нь заавал эрэгтэй хүн мөнгө олох шаардлага байхгүй. Би гэрээ авч явж байна, дуугүй бай гээд харьцаад байвал тэр хүн өөрийн эрхгүй эмэгтэй хүнийг хэл, яриагаараа дийлэхгүй учраас зодоон цохионд хүрдэг. Номхотгож, буулгаж авдаг. Эхнэр нь илүү мөнгө олдог бол яагаад хайрлана гэж амласан нөхөртэйгээ олсон мөнгөө хувааж болохгүй гэж. Заавал мөнгө олдог хүнийг хүн, чадахгүй бол хүн биш гэж үзэж болохгүй шүү дээ.
Монголын нийт нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 50 хувь нь нөхөргүй байгаа. Хэн нэгний нөхрийг булаах биш, цаана чинь эхнэргүй залуус их байна. Тэд жирийн жолооч, наймдугаар анги төгссөн малчин байж магадгүй. Тэр хүмүүсийг өөд нь татаж авахгүй дээгүүр ихэмсэг зан гаргаснаас гэр бүл тогтож чадахгүй байна.
- Эхнэр, нөхрийн хооронд хадам аав, ээжээс үүдэлтэй зөрчил их гардаг. Үүнийг яаж зохицуулах хэрэгтэй вэ?
- Монголд залуучууд сургууль төгсөхтэйгээ зэрэгцээд мөнгө олох, амьдрах ухаанд суралцмаар байна. 20-23 насандаа дээд сургууль төгсөхдөө дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй, мөнгө олох чадваргүй бүсгүйчүүд олон болж. Тэд мөнгөтэй байхын тул хэн нэгний гэрт очдог. Залуугийнхаа гэрт очиж амьдраад тэндээс нь хоол унд идээд явна гэдэг ойлголтой байгаагаас хамгийн их зөрчил гарч байна. Ийм олон хоосон байр эзэнгүй цоожтой байхад яагаад мөнгө олоод түрээслээд тусдаа амьдарч болдоггүй юм бэ? Та хоёрын амьдралд үгээр болон үйлдлээр оролцдоггүй хадам аав, ээжийн хажууд байх хэрэгтэй. Харин оролцоод байдаг авир аашгүй, ёс суртахуунгүй хадамтай бол тусдаа амьдарсан нь дээр. Эхлээд ерөөлөөр сайхан хүлээж авч байвал тэр айлд байх хэрэгтэй. Хадамууд бүгд муу хүмүүс биш шүү дээ. Хадамтайгаа 5 жил амьдраад мөнгө цуглуулаад тусдаа гарсан хосууд ч байна. Уг нь тэгэх ёстой ч төлөвшсөн хадам аав, ээжүүд ховор байна. Залуучууд өөрсдөө хоорондын хэрүүлээрээ ч их зовоож байна.
- Эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд эрхийн тэнэг болно гэж үздэг хүн олон. Ер нь хүүхдийн хүмүүжилд эмээ, өвөөгийн үүрэг хэр байх ёстой вэ?
- Эмээ, өвөө ухаантай бол үүн шиг аятай тустай зүйл байхгүй. Манай нийгэм ер нь массаараа мэдлэггүй, зөрүүд, мулгуу болсчихсон. Өвөө өвөө шиг, эмээ эмээ шиг, хүүхэд нь хүүхэд шиг байж чадахгүй, өөрийнхөө хэн бэ гэдгээ ойгохгүй хүмүүс их байна. Нас биед хүрсэн хүмүүст заана гэдэг маш хэцүү. Тиймээс эмээ өвөө нь муу бол цэцэрлэг, сургуульд явуулах хэрэгтэй.
- Сэтгэл зүйчид гэр бүлийн энэ олон асуудлыг шийдэхэд туслах үүрэгтэй. Гэхдээ Монголд сэтгэл зүйчид ханддаг хүн хэр олон байдаг вэ?
- Ханийн тэнгэр дуудуулж удган, бөө гэхээ илүү шинжлэх ухааны үнэдслэлтэй мэдээлэл авах цаг нь болсон. Монголчууд нэг үеэ бодоход сэтгэл зүйч дээр очиж ярилцдаг болсон ч ховор байна. Сэтгэлээр уналаа гэж архинд их мөнгө зардаг байж төлбөр төлөөд гэр бүлийнхээ асуудлыг нэг мөр шийдээд насан туршдаа тайван сайхан амьдрах боломжтой шүү дээ?
- Та сэтгэл зүйн зөвлөгөөг хэдий хэр үнээр өгдөг вэ?
- Ер нь бол эхнэр нөхөр салах гээд, амьдрал нь уруудах гээд байхад мөнгө бол тийм чухал биш байх. Бид нэг цагийн зөвлөгөөг 100 мянган төгрөгөөр үнэлдэг. Ийм мөнгө төлөөд гэр бүлээ эвлэрүүлж, асуудлаа шийднэ гэдэг бол боломжийн гэж ойлгодог. Манайх мөн ганц бие хүмүүсийг хооронд нь зуучлах үйл ажиллагаа явуулдаг. Монголд 715 мянган хос амьдарч байгаа гэсэн тоо байдаг. 2 сая 800 мянган хүн болгон цаанаа хосоороо амьдрах гэсэн хүсэлтэй шүү дээ. 2006 онос хойш бид 1500 гаруй хүнийг зуучилсан. Тэр хүний хүсэл сонирхлыг сонсоод таалагдсан хүнтэй нь учруулахын тулд жилийн хугацаа шаардсан байсан ч 200 мянган төгрөг л авдаг. Мөн 24 цагийн турш 18-98 гэсэн утсаар сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа. Энэ утсаар холбогдож надтай ганцаарчилан уулзаж болно.
- -Ярилцсанд баярлалаа.